sonin.mn
САНАА. /Xinhua/. Гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байна гэж “Хусит” бүлэглэлийн босогчдыг иргэний дайны хөлд нэрвэгдээд буй Йемений засгийн газрыг дэмжигч Саудын Арави тэргүүтэй цэргийн эвсэл буруушаалаа.
 
Эвслийн мэдэгдэлд дурдахдаа “босогчид Саудын Аравитай залгаа хилийн орчимд 40 гаруй удаа гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн” гэжээ.
НҮБ-ын зуучлалаар байгуулсан 72 цагийн хугацаагаар гал зогсоох хэлэлцээр пүрэв гарагт шилжих шөнөөс хэрэгжиж эхэлсэн билээ.
Харин босогчид хэлэхдээ “бидний байршилд агаараас цохилт өгсний улмаас гурван иргэн амь үрэгдсэн” гэв.
Гал зогсоох хугацааг сунгаж, энхийн хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж НҮБ найдаж байсан юм.
 
“Хусит”-ын босогчид Саудын Аравийн Жазан болон Нажран хот руу пуужин харвасан гэж эвслийн штаб мэдэгдэв.
НҮБ-ын мэдэгдсэнээр, иргэний дайны хөлд энгийн номхон иргэд голдуу  7000 орчим хүн амь үрэгдээд байна.
 
Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн засгийн газрыг дэмжигч Саудын Арави тэргүүтэй эвсэл 2015 оны гуравдугаар сараас босогчид болон тэдний холбоотнуудад агаараас цохилт өгөх ажиллагаа явуулж эхэлсэн юм.
 
Үүнээс өмнө Йеменд таван удаа гал зогсоох хэлэлцээр байгуулсан боловч талууд удалгүй хэлэлцээрийг зөрчин дахин байлдаж эхэлжээ.
Энэ сарын эхээр Санаа хотод оршуулгын ёслолд оролцож байсан хүмүүс рүү Саудын Арави тэргүүтэй цэргийн эвсэл агаараас дайрч, 140 хүний аминд хүрсний дараа олон улс даяар Йемений асуудлыг онцгойлон анхаарах болсны дүнд гал зогсоохоор болсон билээ.
 
Иргэний дайны улмаас Йеменд хүмүүнлэгийн хямрал үүсч, хэдэн сая хүн орон гэргүй болж, өлсч үхэхийн ирмэг дээр ирээд байна. Тус улсын 24 сая хүн амын 80 хувьд нь тусламж хэрэгтэй болжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг