sonin.mn
Монгол Улс мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, бэлтгэх арга барилаа дэлхийн жишигт хүргэхгүй бол энэ чиглэлийн экспорт зогсоно хэмээн салбарынхан үзэж байна.
 
Туушин зочид буудлын хурлын танхимд болсон "Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх-Малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгийг Дэлхийн банк группийн дэмжлэгээр Манхны холбоод, Мал аж ахуй эрхлэгчдийн холбоо, Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байна.
 
Тус хэлэлцүүлгээр мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх,олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчид үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бий болгох зэрэг асуудлыг хөндсөн юм.
 
 Хүнс үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа ярихдаа, “Монгол Улсын малын тоо 25 сая байхад жилд 40 мянган тонн мах, 3 сая малыг амьдаар нь экспортолж байсан түүх бий.  Гэтэл өнөөдөр бид 50 сая мал тоолуулчихаад ийм хэмжээний мах экспортолж чадахгүй байна” гэлээ.
“Хятадын зах зээл дээр Монгол Улс ямар стратегитэй орох вэ гэдгээ бодолцох ёстой.
 
Нэг удаа ганзгын наймаа шиг бүтээгдэхүүн гаргах уу, эсвэл урт хугацаанд тогтвор суурьшилтай экспортоо нэмэгдүүлэх үү гэсэн асуудалтай нүүр тулж байна. Тэр утгаараа хятадын зах зээлд мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох талаар ямар стратеги боловсруулах вэ гэдэгт судалгаа явуулж байгаа” хэмээн Дэлхийн банк группийн төслийн удирдагч Д.Жигжидмаа хэллээ.
 
Зүүн, баруун аймгуудад дэгдсэн малын шүлхий,мялзан, боом зэрэг гоц халдварт өвчний улмаас экспорт зогсоод байгаа.
 
Хэрэв хориг тавибал дөрөвдүгээр улиралд үйлдвэрийн аргаар боловсруулсан 5000 орчим мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой гэдгийг салбарын яам онцоллоо.
 
Үхэр, хонины мах болон холбогдох махан бүтээгдэхүүнийг экспортлох эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан БНХАУ-ын Хяналт шалгалт Хорио цээрийн  ерөнхий эмч 10 дугаар сарын 10-нд манай улсад ирж ажиллан Монгол Улсын төвийн бүсийг шүлхийгүйгээр зарлаж хориг тавих талаар санал солилцоод буцжээ. Харин ирэх 7 хоногт БНХАУ-ын Хяналт шалгалт Хорио цээрийн  газрын мэргэжилтнүүд манай улсад ажилласнаар мах, махан бүтээгдэхүүний экспортын хоригийг цуцлах эсэхийг шийдэх юм байна.
 
Хятадын талаас манайд хилийн боомтуудыг нэмэх, дэд бүтцийн асуудалд анхаарах хэрэгтэйг сануулжээ.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг