sonin.mn
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат өнөөдөр АНУ-ын Эрчим хүчний яамны төлөөлөл Ричард Лусэиро, төслийн ажилтан Шан Лин нарыг хүлээн авч уулзав.
 
Уулзалтын үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
 
Уг төсөл манай улсад 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж, хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суурилуулаад байгаа юм. Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажийг нийлүүлсэн бөгөөд МХЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын нийт 300 орчим албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтад хамруулсан.
 
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат цөмийн болон цацрагийн хяналтын байцаагчдыг хувцас хэрэгсэл, багажаар хангах, цөмийн үүсгүүр илэрсэн тохиолдолд төв рүү тээвэрлэх аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулах талаар тодорхой хүсэлт тавьсан юм. Мөн төслийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг тухай бүрт өгч байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Хариуд нь төслийн удирдагч Ричард Лусэиро АНУ-ын Эрчим хүчний яаманд дамжуулан уламжлахаа илэрхийлээд мэдээллийг шуурхай дамжуулах санаачлага чухал ач холбогдолтойг онцлов. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг