sonin.mn
Монголын хамгийн урт нэртэй хүн магадгүй Ц.Тэрээдээтэрийгхарбариадав  гуай байх. Ийм л содон хувь заяаны эзэнтэй уулзаж, амьдралын хүрдийг нь эргүүллээ.  Тэрээдээгийнх  Дарь-эхэд байдаг гэх сургаар явж хүн амьтнаас асуусаар гэрийг нь олов.
 
Ерөнхийдөө Дарь-эхийнхэн түүнийг андахгүй таньдаг юм билээ. “Өө Тэрээд гуайнх тэр уулын энгэрт бий. Хуураа урлаад гэртээ сууж байгаа” гэх.  Үнэхээр 60 гаруй настай эрхэм хуураа урлан гэртээ сууж байв.  Содон нэртэй энэ хүн хэрхэн амьдардаг бол, амьдралынхаа тухай, нэрнийхээ тухай ямар түүхийг хүүрнэх болдоо гэсэн бодолтой тэдний хаалгыг татлаа.  Утсаар ч ярилгүй гэнэтхэн очсон болохоор Тэрээдээ гуай эхэндээ жаахан сандрав.  Гэхдээ бидэнд амьдралынхаа тухай хүүрнэн, сэтгэлийн үгсээ дэлгэж, нэрнийхээ утгыг ч тайлж өглөө.
 
“НАМАЙГ ХҮН БОЛГОЖ, ЭНЭ ХОРВООД ҮЛДЭЭСЭН БАЙЖ БОЛОХ УЧРААС НЭРЭНДЭЭ МУУ БАЙДАГГҮЙ”
 
Түүнд эцэг эхээс хайрласан нэр нь Ц.Тэрээдээтэрийгхарбариадав.  Харин иргэний үнэмлэхнийх нь нэр Ц.Тэрээдээ. Цэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төржээ. Тэрээр “Миний эмээ 13 хүүхэд төрүүлсэн юм.  
 
Гэхдээ эрэгтэй хүүхдүүд нь тогтоогүй.  Тэгээд охиноосоо хүү мэндлэхэд баярлах айх зэрэгцэн, нутгийн хамгийн сайн лам гэгдэх Сам­дангаас энэ нэрийг авсан бай­даг юм. Намайг хүн болгон үлдээж, тогтоосон байж болох учраас энэ нэрэндээ муу байдаггүй ээ” гэж байв.  Тухайн үед төрсний гэрчилгээ гэж байдаггүй байсан болохоор нэрийг нь хүмүүс янз бүрээр дуудсаар сүүлдээ Тэрээдээ болжээ. Тэрээр түүх хүүрнэх ихэд дуртай нэгэн юмсанж. 1950-аад оны Монголын амьдрал түүний дурсамжид ихэд тодхон үлдсэн байна. 
 
 Тэрээр “Намайг бага байхад манай нутагт хүүхэд их ховор байлаа. 1945 оны Чөлөөлөх дайны чимээ дөнгөж намжиж байсан боло­хоор тэр байх. Хөгшчүүл нь нутаг усандаа байгаа хэдхэн хүүхдэдээ их хайртай.  Мөн манай Боржигон Сэцэн вангийн хошууны ноён их хойно буюу 1956 онд өөд болсон. Би тэр хүнийг холоос харж байлаа.  Их сайхан биетэй хүрэн дээлтэй хүн байсан.   Морь уяна, сур харвана гээд ардуудынхаа дунд байдаг болохоор хошууны иргэд их сайн байж билээ.
 
Нутгийн хү­мүүс хошуу ноёноо дээдлэн хүүхэддээ Гомбосүрэн гэх нэрийг нь хайрладаггүй байсан.  Мөн нутагт маань цагаан бүрээстэй айл байгаагүй. Хэдэн малтай, авдартаа жаахан мөнгөтэй бол баянд тооцогддог. Тийм л цаг үе байсан даа” гэсэн юм.  Ц.Тэрээдээ гуайн аав түүнийг биенээсээ ч салгахгүй хайрладаг байжээ.  Адуу малдаа явсан ч хүүгээ өвөртлөөд л давхина.  Ийм л нэг айлын нандин хүүхэд байсан гэдэг.  
 
ХОТОД ИРСЭН ТҮҮХ
 
Харин түүний ээж Улсын ардын дуу, бүжгийн чуулгын дуучин Цэнджав гэж хүн байжээ.  Хөдөө нутгийн саальчин бүсгүй Бүх ард түмний урлагийн наадамд уртын дуугаараа оролцон түрүүлж, хотын театрт уригдав.  Ц.Тэрээдээ найман настайдаа дүүгийнхээ хамт  ээжийгээ даган нийслэлд ирсэн түүхтэй. Түүний нүдэнд Улаанбаатар цоо шинэ газар байлаа.  
 
Орон байргүй учраас байр хөлсөлж ээж хүү гурав их хотод төвхнөх гэж хэрэндээ л зүтгэж байжээ.  Дүүгийнхээ хамт ээжийнхээ ажил дээр өнжинө.  Улсын ардын дуу, бүжгийн чуулгынхан тэднийг говийн бор хүүхдүүд гэж  өхөөрдөнө.  Чуулгын байрны доод давхарт Монголдоо хамгийн том гэгдэх хөгжмийн үйлдвэр байрладаг байжээ.  Ц.Тэрээдээ энэ тухай “Тэр үйлдвэрт хуур хөгжим урлаач  Жүгдэр, Бууран гуай нар ажилладаг байлаа.  Ширэн цартай хуурыг модон цартай болгон хийсэн байдаг.  Эвэр бүрээ,  лимбэ, шанз гээд хийхгүй хөгжим байгаагүй.   Тэр хөгжмийн үйлдвэр Монголын урлагийн байгууллагуудыг  хөгжмөөр хангадаг байсан.  Тэнд дүү бид хоёр хуурын мод зүлгэж өгнө.  
 
Хуурыг нь өлгөнө, хатаана гээд анхан шатны зүйлсийг тэнд ажиглаж сурч байлаа” гэсэн юм.  Түүний бага нас ингэж л өнгөрсөн түүхтэй.  Ээжийгээ дагаж урлагт дурлан, тэр л сэтгэлээрээ хожмоо хуур урлаж эхэлсэн юм билээ. Тэрээр ээжийнхээ тухай “ Миний ээж Улсын ардын дуу бүжгийн чуулгын алтан үеийнхний нэг байлаа. Уртын дууг нутаг харагдтал дуулна.  Эх орноо төлөөлөн тухайн үеийн социалист орнуудын ур­лагийн наадамд олон удаа оролцож байсан даа” хэмээн ярьж байв.  
 
“БИ НЭР ШИГЭЭ АМЬДАРСАН ХҮН”
 
Том охин Т.Алтандолгио нь Өвөрмонголд амьдарч байна. Тэндхийн хүнтэй ханилж, Өвөрмонголын радио телевизэд редактораар ажиллаж байгаа гэнэ.
 
 
Ц.Тэрээдээ нэрийнхээ утгын талаар хааяа их л боддог байна.  Тэгээд нэр шигээ амьдарч яваа хүн гэж өөрийгөө тодорхойлжээ.  Тэрээдээ гэдэг нь тийшээ гэсэн зүг чигийг заана, тэгээд тэр зүг рүүгээ тэмүүл, тэмц гэсэн утгатай  байх аа хэмээн ярьж байлаа.  Учир нь түүний амьдрал яг л энэ философийн дагуу  явж ирсэн гэлтэй. Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгсөөд тухайн үеийн  ЗХУ-ын техник мэргэжлийн сургуульд угсармал барилгын мэргэжлээр суралцаж төгсчээ.  
 
Тэрээр энэ тухайгаа “Бидний үед угсармал барилгыг зөвхөн оросууд л барьж байлаа.  Биднийг төгсөөд ирэхэд бригад болгоод л шууд угсармал барилга дээр тавьсан бол манайхан тэр үеэс л өөрсдөө барилгаа бариад эхлэх байлаа.  Энд бодлого дутаж байсан юм.   Сургуулиа төгсөөд ирэхэд Сэлэнгэ аймгийн  Шаамар суманд дүнзэн байшин угсралт дээр томилсон байдаг. Бид уг нь мод биш угсармал байшингийн техник сураад ирсэн юм шүү дээ” гэв. Тэндээ ч Ц.Тэрээдээ удсангүй.  1972 оноос цагдаа болжээ.  Яг л нэрний маань утга гарч байлаа.  Юм бүхэн рүү л тэмүүлж байсан гэдэг нь харагдаж байгаа биз хэмээн инээмсэглэнэ.   Улсын хянан шалгах хороонд орж Засгийн газрын ордны хамгаалалтад хүртэл ажиллаж байж.  Ажиллах хугацаандаа цэргийн тусгай дунд сургуульд орж, 1978 онд хуульч мэргэжлээр төгссөн.  
 
Мөн шөнийн эргүүлийн анхны батальоныг байгуулж явсан түүх ч түүний намтарт байна.  1958, 1959, 1960 онд улсын баярын парадад жагсаж хиймороо сэргээж явсан байна. Гэхдээ энэ ажилдаа нэг их удсангүй өөр зүйлд өөрийгөө сорьж үзэхээр шийдсэн гэдэг. 1975 онд Улсын төв музейд ажилд орж, таван музейн аж ахуйг хариуцдаг болжээ.  Ингэж тэрээр угсармал барилгын мэргэжлээр ажлын гараагаа эхэлж, цагдаа, хуульч, музейн ажлыг хүртэл хийж, салбар чиглэл бүрт нэрээ үлдээж, хөлс хүчээ сорьж байжээ.
 
1000 ГАРУЙ ХУУР УРЛАЖЭЭ
 
 
Ц.Тэрээдээ хүүхэд насандаа үлдсэн дурсамж, харсан зүйлээ амьдралдаа хобби болгон цаг ямагт авч явсан.  Хөгжмийн үйлдвэрт мод зүлгэн суухдаа өөрөө морин хуур хийнэ дээ хэмээн мөрөөдөж байсан гэдэг.  Нэг хэсэг морин хуур урлаач гэж байдаггүй.  Энэ хөгжмийг сонирхох хүн ч байсангүй.  Харин Н.Багабанди гуай Ерөнхийлөгч байхдаа  “Айл болгон морин хууртай байна” гэснээс хойш энэ салбарт хөгжлийн гэрэл асаж эхэлсэн гэдэг. Ц.Тэрээдээ ч тэр үеэс мөрөөдлөө биелүүлэн 20 гаруй жилийн өмнөөс морин хуур хийж эхэлжээ.
 
Биднийг очиход нэг  морин хуур бүтэж байлаа.  Тэрээр “Миний ээж бурхан боллоо.  Би ээжийгээ санаад хуур хийж эхэлсэн гэж боддог.  Хуураа зороод суухад анх ээж минь л нүдэнд харагддаг байсан даа. Хуур урлана гэдэг тэр чигтээ ухаан юм. Хуур бүтээхэд өнгө акустикийг гаргах их чухал.  Тэрийг нь мэргэжлийн төвшинд гаргаж гэмээнэ хуур урлаач болж байгаа юм. Түүнээс морины толгой иш  муухай байсан ч хамаагүй” гэж байв.
 
Мэргэжлийн хуурыг  тэрээр 7-10 хоногт урладаг байна. Мөн хуураа хийхдээ материалыг нь их нарийн сонгож хийх ёстой талаар ярилаа.  Одоогоор тэрээр агч, хус модны хатууг нь сонгож хийж байгаа гэлээ.
 
Зарим урлаач нарс, хушаар хийдэг гэнэ.  Ер нь хуур урлаач бүхэн онцлогтой, мөн хөгжмийн өнгө хэмнэлийг нь тааруулах өөрийн гэсэн нууц арга барилтай байдаг гэнэ.    Тэрээр энэ тухайгаа “ Модныхоо ширхэгийг нь тааруулах хамгийн эхний алхам байдаг.  Ширхэг нь таарсан  саваа мод 60-70 кг-аар дарсан ч хугардаггүй. Мөн сүүлийн үед адууны сүүл олдохоо байсан.  Гүүний сүүл шээсэндээ түлэгдсэн байдаг учраас хөгжмийн утас хийж болдоггүй.  Мөн алж идсэн адууны хялгас бас л тасраад байдаг.  
 
Тэгэхээр амьд адуу л олох шаардагатай.  Тэр нь тийм ч амархан олдохгүй юм.   Сүүлийн үед Өвөрмонголд Чибулагийн морины сүүл гээд бэлэн утас бий болсон. Ихэнх хүн тэндээс авч хуураа урлаж байна” гэлээ. Ийнхүү хуур урлах нь түүний хобби бөгөөд үүнийгээ ажил хэрэг болгон одоогоор 1000 гаруй хуур урлажээ.   Өнгөрсөн хугацаанд хуур урлахын зэрэгцээ алт мөнгөний дархан хийж бас л энэ салбарт авьяастай нэгэн болохоо харуулж явсан гэдэг.
 
ТЭДНИЙ ХАШААНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ӨРНӨЖ БАЙНА
 
 
Тэднийх гэрийнхээ хажууд морин хуурын цех ажиллуулдаг байна. Эхнэр С.Оюунцэцэг нь эсгийгээр гар урлалын бүтээгдэхүүн хийдэг.  Бага хүү Т.Лхагвасүрэн нь морин хуурч бөгөөд аавынхаа хийсэн хуурыг хөглөнө. Ер нь тэдний хашаанд жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өрнөх ажээ.  Ц.Тэрээдээд саяхан Германаас дөрвөн хуур хийх захиалга иржээ. Тэрээр “Хүн хөдөлмөрлөж байж л амьдрахгүй бол болохгүй хорвоо шүү дээ. Хөдөлсөн хүн хожино. Энэ л зарчмаар манай гэр бүл ажилладаг. Анх хуураа борлуулах гээд гурамжаар бариад явдаг байлаа. Одоо бол тэгэхээ больсон гэв. Тэд өөрийн гэсэн орон зайтай болжээ. Герман, Америк, Солонгост их олон хуур маань гарч байна гэж тэрээр ярьсан.  
 
Харин гэргий С.Оюунцэцэг нь Казахстан руу 30 эсгий улавч гаргахаар өдөр шөнөгүй ажиллаж байв.  Тэрээр “Эх үрсийн жаргалтай инээмсэглэл” ТББ-ын тэргүүнээр ажиллаж амьдралын төвшин доогуур иргэдэд туслах сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Мөн шөнийн цагаар сууж, морин хуурынхаа царыг хийж, эсгий таавчигаа урладаг байна. Харин бага хүү Т.Лхагвасүрэн нь “Жамух” чуулгын хөгжимчин байсан бол одоо Өвөрмонголын үндэсний их сургуулийн морин хуурын багшаар ажилладаг байна. Харин одоогоор гэртээ түр ирээд байгаатай таарав. 
 
Нэг хүү нь жолооч бөгөөд харин том охин Т.Алтандолгио нь Өвөрмонголд амьдарч байна. Тэндхийн хүнтэй ханилж, Өвөрмонголын радио телевизэд редактораар ажиллаж байгаа гэнэ. Ц.Тэрээдээ “Миний хань надад гарын  таван  хуруу шиг сайхан үрс төрүүлж өгсөн.  Хоёрыг нь бурхан эргүүлээд аваад явчихсан юм.  
 
Гэхдээ бид гурван үрстэйгээ хөдөлмөрийнхөө үр шимээр сайн амьдарч байна” гэсэн юм.  Ийнхүү содон нэртэй, өөрийгөө нэр шигээ амьдарч яваа гэж тодорхойлсон эрхэм хүмүүний гэрээс ганзага дүүрэн гарлаа.  Харин  Ц.Тэрээдээтэрийгхарбариадав гуай хуураа урласаар үлдэв.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин