sonin.mn
Монгол дахь  Америкийн Худалдааны танхим /Амчам/-аас “Эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах вэ” хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Мөн үеэр Монгол дахь Америкийн Худалдааны танхим /Амчам/-ын ТУЗ-ийн дарга Жеймс Лиоттагаас дараах асуултад хариулт авлаа.
 
-Монгол Улс эдийн засгийн хямралаас гарахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та үзэж байна?
 
- Монгол Улс яагаад эдийн засгийн хямралд орсон бэ гэвэл санхүүгийн сахилга батгүйгээсээ болсон. Тиймээс эдийн засгийн хүндрэлээс гарах арга замаа эрэлхийлж буй энэ үед  “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хамгийн зөв шийдэл юм. Эл хөтөлбөр нь санхүүгийн сахилга бат, хууль эрх зүйн орчноо сайжруулахад тусална.
 
-Төвбанк мөнгөний бодлогын хүүгээ өсгөсөн. Энэ шийдвэр эдийн засагт хэр өгөөжтэй вэ?
 
-Улс орны Төвбанкууд эдийн засгийн хүндрэлийн үед олон арга хэмжээ авдаг. Монголбанкны хувьд “Цус алдалтыг зогсоох” арга хэмжээ авч байна. Үүнтэй 100 хувь санал нийлэхгүй ч  түр зуур авах арга хэмжээг Монголбанк авсан. Гол нь Монгол Улс төсвийн зардлаа багасгах, донор орнуудаас тусламж авах, том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.
 
-Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийг “Оюултолгой” зэрэг томоохон төслөө урагшлуулж чадвал 2020-2022 оноос эхэлж сэргэх магадлалтай хэмээн мэдэгдсэн. Таны хувьд Монголын эдийн засаг хэдийд сэргэх магадлалтай гэж үзэж байна вэ?
 
-Эдийн засаг гэнэт хөл дээрээ босохгүй. Хамгийн гол нь эдийн засгаа сайжруулах зөв замыг сонгох нь чухал. Монголын эдийн засаг бага, багаар сэргээд явна гэж харж байна. Эдийн засгийн хөгжлийг зөвхөн том төслүүдээр хэмжиж болохгүй. Жижиг, дунд, хувийн хэвшлүүдээ дэмжих замаар өсөлт ирнэ. Түүнчлэн татвар нэмлээ гээд улс орон баяжихгүй. Харин бизнес эрхлэгчдээ татварын системээр дэмжсэнээр улс орон хөгжинө.
 
-Өнгөрсөн сард инфляци анх удаа дифляцитай гарлаа. Эдийн засагчид үүнийг хоёр талаас нь тайлбарлаж байна.  Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
 
 -Үүнийг олон өнцгөөс тайлбарладаг. Зарим хүмүүс худалдан авалт хийхээ больчихсон учраас инфляци унаад байна гэдэг. Жишээ нь “Могой намайг хазахад хорыг нь биеэр тараахгүйн тулд хөлөө тайруулна. Хэдийгээр би амьд үлдсэн ч гэсэн хөлгүй болно” Үүнтэй л адилхан юм. Тиймээс Монгол Улсад хөгжлийн замд орсон эдийн засаг хэрэгтэй.
 
 -Хөгжлийн замд орсон эдийн засаг хэрэгтэй гэж та сая хэллээ. Монгол Улс энэ замд яаж орох вэ?
 
-Хамгийн гол нь Монгол Улс  авилга, хээл хахуульгүй, нээлттэй, ил тод, хууль зүйн тогтвортой орчинтой байх естой. Хөрөнгө оруулагчдын хамгийн гол хардаг үзүүлэлт нь хууль эрхзүйн тогтвортой орчин шүү дээ.
 
-Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад 4 сарыг үдлээ. Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар ямар бодолтой байна вэ?
 
-Ямар ч Чөлөөт худалдааны гэрээ улсын эдийн засагт сайнаар нөлөөлдөг. Би Монгол Улсыг АНУ-тай чөлөөт худалдааны гэрээтэй болоосой гэж хүсдэг. Хятад, Солонгос, Япон зэрэг улсын эдийн засаг АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ хийсний үндсэн дээр босч ирсэн. Японтой хийсэн чөлөөт худалдааны гэрээ эдийн засагт сайнаар нөлөөлөх нь тодорхой. Гэхдээ Монголын талаас  Япон руу ямар бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг жагсаалтаа гаргаад хүч нэмж ажиллах хэрэгтэй. Мөн гарал үүслийн гэрчилгээ ямар бүтээгдэхүүнд олгох вэ гэдгээ бодолцох ёстой.
 
 Б.Заяа
 Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг