sonin.mn
МОСУЛ./ВВС/. Иракийн хоёр дахь том хот болох Мосул руу тус улсын засгийн газрын цэргүүд болон Курдын хүчнийхэн ойртсоор байна. Тус хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөх томоохон цэргийн ажиллагаа долоо хоногийн өмнө эхэлсэн билээ.
 
АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэгтэйгээр Иракийн цэргүүд болон Курдын хүчнийхэн өмнө, зүүн болон хойд зүгээс Мосул руу давшсаар хотод дөхөж ирээд байна. Одоогоор тэд тус хотын орчмын хэд хэдэн тосгон сууриныг чөлөөлжээ.
 
Албаны хүмүүсийн хэлснээр, Курдын хүчний нэг анги Мосулд хүрэхэд 9 км зайтай газарт дөхөж ирээд байгаа аж.
“Лалын улс”-ынхан одоогоос хоёр жил гаруйн өмнө Мосул хотыг булаан эзэлж, тус бүлэглэлийн Ирак дахь гол түшиц газруудын нэг болгон хувиргасан юм.
Босогчид давшилтыг зогсоохын тулд амиа золиослогчдоор халдлага дэлбэрэлт үйлдүүлж, байшин барилгууд болон замын дор тэсрэх бөмбөг байрлуулж байгаа ажээ.
“Лалын улс”-ынхан өнгөрсөн долоо хоногт нийслэл Багдад хот болон хойд нутгийн Киркук хотод халдлага үйлдсэн нь засгийн газрын цэргийн хүчний анхаарлыг сарниулах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.
 
Үүний зэрэгцээ “Лалын улс”-ынхан энгийн номхон иргэдийг “амьд бамбай” болгон ашиглаж болзошгүй юм.
Мосул хотын дүүргүүдэд байлдааны ажиллагаа эрчимжсэний улмаас энгийн номхон иргэд олноороо амь үрэгдсэн ба оршин суугчид орон гэрээ орхин дүрвэхээс аргагүйд хүрчээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг