sonin.mn
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ард түмнийхээ мэргэн сонголтоор 3 дахь удаагаа Их хуралд сонгогдоод удаагүй байна. Сүүлийн үеийн эдийн засгийн асуудлыг хэлэлцэх үед эрхэм гишүүн зөв ч, буруу ч зүйл ярьж байгаа харагдана.
 
Түүний хэлсэн зөв зүйл гэвэл барилгын салбарт их зээл олгосон. Энэ салбарын зээлийг багасгана гэсэн санаа бол туйлын зөв зүйл юм. Мөн Монгол ажилчидтай үндэсний бүтээн байгуулагчдаа бус тухайн үеийн эрэлтийг даган энэ салбарт орж ирсэн чанартай, чанаргүй барилгад зээлийг хавтгайруулан олгосон нь эцэстээ банкны салбарыг хүнд байдалд оруулж эдийн засагт нөлөөлж байна хэмээсэн нь аргагүй л туршлагатай улстөрчийн үг байсан.
 
Харин түүний хэлсэн буруу зүйл гэвэл ипотекийн зээлнээс болж Монголын арилжааны банкуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, эдийн засгийн хямралыг үүсгэж байна гэсэн. Эрхэм гишүүн энэ үгээрээ яг юу яриад, юуг хэлээд байна вэ?
 
Ипотекийн зээлийг гаргаснаар олон мянган хүн орон сууцтай болж, эрэлтээ дагаад түүнийг түшиглэсэн жижиг дунд бизнес ихээхэн хөгжиж барилга ба түүнтэй уялдаатай салбаруудын үйлдвэрлэл өнгөрсөн жилүүдэд ДНБ 10-аас дээш хувийг тогтмол эзэлдэг болсон.
 
Монголын эдийн засгийн томоохон тулгуур болсон уул уурхайн салбар уналтанд орж ард иргэд өдөр хоногоо арай гэж өнгөрөөж, бухимдал дүүрэн байхад 100,000 хүн ажиллаж буй барилгын салбарыг юу ч биш, жижиг зүйл мэтээр ярих нь буруу юм гэж бодож байна.
 
Барилгын салбар гэхээр дан ганц барилгын хэдэн компани гэж ойлгоод байгаа бололтой юм. Гэвч барилгын салбартай уялдаатай ажилладаг, тухайн барилгын зургийг гаргадаг зураг төслийн компаниуд, барилгын материал ханган нийлүүлэгчид, электрон бараа, тавилганы худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд тэдгээрт ажиллаж буй нийт ажилтан албан хаагчид, тэдгээрийн гэр бүлд хамаарах асуудал бөгөөд эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхээр салбар юм.
 
Энэ олон хүний орлогын эх үүсвэр болсон Ипотекийн зээлийг зогсоогоод 3 сар үргэлжилж байгаа бөгөөд ард түмнийхээ итгэлийг даан, сонгогдож гарч ирсэн гишүүн хүн булчимгүй үг хэлж өр зээлийн дарамтанд орсон иргэдийнхээ ачааг нэмэгдүүлж байгаа нь харамсалтай юм.
 
Иргэд ажилгүй болж, сэтгэлийн дарамттай, жагсаал цуглаан зохион байгуулж тэсрэхэд бэлэн байна. Хамгийн гол нь ард иргэд ажилгүй орлогогүй болсноор банкнаас авсан зээлээ төлж чадалгүй, өдөр хоногоо арай гэж өнгөрөөж нөгөө талаар банкны  эрсдэлтэй зээлийн тоо нэмэгдэж, санхүүгийн хямрал ард иргэдийн нуруун дээр шууд бууж байгаа гэдгийг ойлгохыг хүсэж байна.
 
Гишүүн Ц.Даваасүрэн ямар сонирхлоор ийнхүү итгэл хүлээлгэсэн 100,000 иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ?
 
УИХ-ын гишүүдийн хооронд бие биенээ шүүмжилсэн, ЗГ-ын хийсэн ажлыг муулах үзэгдэл байнга гарч байдаг. Гэхдээ эцсийн бүлэгт Иргэн хүнээ бодох ёстой гэдгээ урамсарлаасай хэмээн сэтгүүлч  миний хувьд хүсэж байна.
 
Эцэст нь хэлэхэд эрхэм гишүүн Ц.Даваасүрэн болон төр түшилцэж яваа та бүхэн маань дээрх 100,000 иргэн, тэдгээрийг гэр бүлийг харгалзан үзэж, өнөөдрийн болон ирээдүйн сайн сайхан Монголын төлөө ухаалаг шийдвэр гаргаж байна гэдэгт итгэж байна.
 
Ард түмний төлөөлөл