sonin.mn


2008 оны долоодугаар сарын нэгний үймээний хэрэгт холбогдуулан генерал Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн   удирдах ажилтнуудыг шүүх хурал түр хугацаагаар хойшлоод байна.

Үүнийг тэрлэгч миний бие тагнуул, цагдаагийн байгууллагад 40 гаруй жил ажилласан. Иймээс ч генерал Ч.Амарболд гэж ямар хүн бэ гэдгийг сайн мэдэх билээ.
Түүнийг 1986 онд 30-хан настайдаа Хэнтий аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн орлогч бөгөөд Цагдан сэргийлэх ангийн даргаар томилогдох тэр үед шалгуур хатуутай Нийгмийг    аюулаас хамгаалах яам /НАХЯ/-ны сайдын зөвлөлийн хурлаар орж байсан цагаас нь эхэлж мэдэх юм.

Ч.Амарболд 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 33 дугаар сургууль, НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, Зөвлөлт холбоот улсын Дотоод явдлын яамны дээд сургууль, ЗХУ-ын Нам, улстөрийн ажилтаны дээд сургуулийг тус тус төгссөн. 1977 оноос Хэнтий аймгийн Галшир суманд хэсгийн төлөөлөгч, аймгийн цагдан сэргийлэх ангид өмчийн төлөөлөгч, 1984 оноос Улсын цагдан сэргийлэх Ерөнхий газар / УЦСЕГ/-ын тасгийн даргаар ажиллаж байв.


Харин 1990 оны хавар сургууль төгсөж ирэхэд нь УЦСЕГ-ын Улстөрийн хэлтсийн даргаар томилох гэсэн боловч өөрөө дургүйцсэн байна. Иймээс Ч.Амарболдыг нийслэлийн Найрамдлын районы Цагдаагийн хэлтсийн даргаар томилон ажиллуулсан байдаг. Үүнээс гурван сарын дараа 1990 оны 10 дугаар сараас ЦЕГ-ын дэд даргаар ажиллах болов.

Тухайн үед Улсын цагдан сэргийлэх газрын нэрийг өөрчилж, Цагдаагийн Ерөнхий газар болгосон юм. Улмаар 1992 оны 12 дугаар сараас ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, 1996-1998 он, 1999-2001 онуудад ЦЕГ-ын дарга, 2006 оны есдүгээр сараас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байлаа.

Ч.Амарболдыг цагдаагийн сайн ажилтан болоход нөлөөлсөн зүйлсийн нэг нь түүний эцэг Чимэддорж гэж хэлж болно. Чимэддорж гуай мөн л хүүгийнхээ адил идэр залуугаасаа цэргийн ажил, амьдралд орж, НАХЯ, БХЯ-ны системд 30 гаруй жил ажиллаж, хүүдээ үлгэр дуурайл үзүүлж, сурган хүмүүжүүлсэн гэдэг.
Ч.Амарболдод цагдаагийн ахмад дарга нар, хамт ажиллаж байсан хүмүүс ихэд ам сайтай байдаг.

Бие нь бага ч бэлчээр нь том, ухаалаг сэргэлэн, авхаалж самбаатай, зоримог шийдэмгий гээд ер нь л аль ч талаараа цагдаагийн дарга байхад их л зохицож, таарах хүн гэж үнэлж дүгнэдэг юм. Ч.Амарболд шинель өмсөж, мөрдөс зүүсэн цэргийн сургуулийн сонсогч байлдагчаас генерал болсон 33 жилийнхээ хугацаанд хийсэн ажил, хэлсэн үг, явсан газар, гишгэсэн мөр нь тов тодорхой. Эх орон ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа нэгэн.

Харин ингэж ажилласных нь төлөө түүнийг гэмт хэрэгтэн болгох гэж байна. Хэдийгээр ийм асуудлыг цагдаагийн байгууллагын ямар ч дарга дангаараа шийдэх эрхгүй ч улстөрчдөд үйлчилж, ард түмнийхээ эсрэг буу шагайх үүрэг өгсөн бол гэмт хэрэгтэн болгохоос өөр яах билээ. Үндсэндээ онцгой байдлын үед цагдаагийн байгууллагын дарга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс байгуулсан Онцгой байдлын төв штабын шийдвэрээр хөдлөх учиртай л даа.

Тийм байлаа ч цагдаа, хүчний байгууллага ард түмнээ л хамгаалах үүрэгтэй атал үүнийгээ умартаж, хэн нэг улстөрч, төрийн түшээгийн хэлсний зоргоор иргэдийнхээ эсрэг буу шагайх нь утгагүй хэрэг. Учир нь цагдаа төрийг биш, ард түмнээ л хайрлаж, энэрч, хамгаалж, өмгөөлөх ёстой.

Тийм ч болохоор 7 сарын 1-ний хэргээр шалгагдаж буй Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн дарга нар ямар хүний шахалтаар ард түмнийхээ эсрэг буу шагайх дээрээ тулсан талаар удахгүй ам нээнэ гэж найдаж байна. Магадгүй энэ хэргийг ингэж, тэгсхийгээд замхруулаад өнгөрөөх бодлого одоогийн төр засаг, улстөрчдөөс гарч мэдэх ч 7 сарын 1-ний хэрэг өдөөгдөж, таван хүний халуун амь хохирсон гашуун үнэнийг ард түмэн нэхэж, тэмцсээр байхыг өнөөдрийн үйл явдлууд харуулсаар байна.

Тэгэхдээ    генерал Ч.Амарболдыг олны дүйвээнд хөөрцөглөн яваа залуусын хэнийг ч хамаагүй бууд гэж тушаал өгсөн гэхэд итгэх аргагүй. Харин тухайн үед хүүхэд залуусыг уриалан үймээн самуунд уруу татаж, манлайлан алхаж явсан «хоёр погдгор нөхөр»-ийн духанд сум зоох тушаал өгсөн гэвэл түүнийг таньж мэдэх хүмүүс «Магадгүй шүү...» гэж хэлэх байх.



З.Батсүх
Эх сурвалж: "Өглөөний сонин"