sonin.mn
Өнөөдөр “Монгол ньюс” компанийн мэдээллийн төвд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/-ноос Үнэт цаасны зах зээлийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэв.
 
Өнөөдөр Монгол Улсын санхүүгийн зах зээлд банкны салбар хэт давамгайлсан нөхцөл байдал үүссэн нь хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, өрсөлдөөн хязгаартайгаас хувийн хэвшлийнхэн өртөг өндөртэй санхүүжилтээр бизнес эрхэлдэг.
 
Мөн эдийн засгийн хямралтай байхад дотоодын аж ахуйн нэгжүүдийг өндөр хүүтэй зээлийн дарамтанд оруулснаар зээлийн эргэн төлөлт суларч хугацаа хэтэрсэн зээл болон найдваргүй зээлийн хэмжээ өсөх болсон нь улс орны санхүүгийн зах зээлийг эрсдэлд оруулж байна гэж МҮЦАЭХ-ноос онцолж байв.
 
Иймд, хувийн хэвшлийг урт хугацааны өртөг багатай санхүүжилтийн эх үүсвэрээр хангах, санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бий болгох, эрсдэлийг бууруулах зорилгоор хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой.
 
Тус холбооноос Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар 2000 харилцагчдын дунд санал асуулга явуулжээ. Оролцогчид олон чухал санал дэвшүүлсэн бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаар маш өөдрөг сэтгэгдэлтэй байгааг санал асуулгын дүн харуулжээ.
 
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дунд болон урт хугацааны төрийн бодлого үгүйлэгдэж байна. Харин эдийн засгийн хямралтай энэ цаг үед, үүнийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх цаг боломж ирлээ хэмээн үзэж байгаагаа хурал зохион байгуулагчид онцолсон юм.
 
Тус хурлаар ирэх лхагва гарагт буюу 10 дугаар сарын 26-нд МҮЦАЭХ-ноос санаачлан “Нэг зорилго-Нэгдсэн шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээллээ. Хэлэлцүүлэгт 200 гаруй мэргэжлийн байгууллагууд, 20 гаруй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцож хөрөнгийн зах зээлийн хөгжлийн гарцын талаар санал солилцох юм.
 
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-тай тус холбоо хамтран энэ сарын 28-29-нд “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болжээ. Монголын хөрөнгийн биржийн байранд болох тус өдөрлөгөөр арилжаа болон ХК-ийн талаар мэдээлэл, ЗГ-ын үнэт цаасны талаар танилцуулга, ногдол ашгийн мэдээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, брокерийн данс болон төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ, санал хүсэлт, сургалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Д.Өлзий
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг