sonin.mn
Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр "Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын төв байх болно" хэмээн мэдэгдлээ.
 
Тэрбээр цааш мэдээлэлдээ,"Өнгөрсөн 3 сарын хугацаанд хийсэн гол ажлын нэг бол Торгоны замын олон улсын бага хурлыг энэ сарын 13-15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан явдал юм. Хурлын хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг нүүдлийн аялал жуулчлалын төв байх, нөгөө талаас манлайлагч нь байж бүс нутагтаа ажиллах нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан.Нүүдлийн аялал жуулчлалын Үндэсний төвийг барьж байгуулах асуудлыг НҮБ-аас дэмжихээ илэрхийлсэн.
 
Монгол Улс эдийн засгаа олон тулгуурт болгоё гэж байгаа энэ үед уг салбараас олдог орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ салбараас орж байгаа орлого бүр тэгш шударга, иргэн бүрд хүрдэг. Товчдоо бол утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэж болно. Энэхүү утаагүй үйлдвэрлэлд ажиллаж буй ажиллагсадын тоо 50 мянга байна. Иймд энэ тоог ахиулж, 100 мянган ажлын байр бий болгоход анхаарч ажиллана. 
 
Цаашдаа Хэнтий аймгийг аялал жуулчлалын төв болгоход анхаарч ажиллах шаардлагатай. Чингис хааны төрсөн нутаг дахь байгалийн тогтоцыг ашигласан бүтээн байгуулалт өнөөдөртөө дутмаг байна. Гэтэл хөрш зэргэлдээ орнууд маань эзэн хааны нэрэнд тулгуурласан тодорхой бодлого гаргаад, үүнийгээ хэрэгжүүлээд явж байна. Иймд Дадал суманд аялал жуулчлалын төв байгуулна" гэв.
 
Үүний зэрэгцээ Д.Оюунхорол сайд, "Өмнө нь татан буулгаад байсан Агаарын бохирдлыг бууруулах санг сэргээхээр ажиллаж байгаагаа хэллээ. Хэдхэн хариуцлагагүй албан хаагчдын улмаас тус санг татаж буулгах нь учир дутагдалтай. Өнөөдөр агаарын бохирдол хэн хүний амьдрал дээрх хүнд сэдэв хэвээр байна.
 
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өвлийн улиралд эрчим хүчний үнийн шөнийн тарифыг төрөөс даадаг байх, хөнгөлөлт үзүүлдэг байх хэрэгтэй. Иймээс 2017 оны төсөв дээр Агаарын бохирдлыг бууруулах санг байгуулах, санд 5 тэрбум төгрөг суулгах асуудлыг санал болгосон нь дэмжигдээд явж байна" гэлээ.
 
Мөн Хэнтий аймгийн Онон, Балж, Архангай аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Ерөө зэрэг голуудын бохирдол дээр ажлын хэсэг гаргаж ажиллаж, зарим нэг уул уурхайн компаниудад үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг гаргажээ. Гэтэл тухайн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаагийн энэ тал дээр яам хүчин мөхөсдөх тохиолдол гарч байгаа аж. Сүхбаатар аймгийн Ганга нуурын хувьд уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа хэт халалт ихээхэн нөлөөлж байгааг тогтоосон байна.
 
Тиймээс Ганга нуурыг тэжээдэг булгийг хашаажуулах, малчин өрхүүдийг нүүлгэх зэрэг арга хэмжээ авсаны дүнд уг нуур сэргэжээ. Хэвлэл мэдээллээр цацаж байгаагаас гадна олон гол нуур ширгэж байгаад яамны зүгээс онцгой анхаарч ойрын хугацаанд Нөхөн сэргээлтийн тухай хуулийг өргөн мэдүүлэх гэнэ. Түүнчлэн лиценз олголтыг зогсоохоор ажиллана гэж яамны удирдлагууд ярьлаа.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг