sonin.mn
Монгол Улсын ЭМЯ, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны IV зөвлөлдөх уулзалтыг Сөүл хотноо энэ сарын 21-нд зохион байгуулжээ.
 
2012 оноос эхлэн Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс нийт 117 эмч БНСУ-д нарийн мэргэжлийн чиглэлээр эмнэлзүйн сургалтад 3-6 сарын хугацаатай суралцаад байгаа юм.
 
Монгол Улс, БНСУ одоогоос 4 жилийн өмнөөс уг "Сөүл төсөл"-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ удаа төслийн хүрээнд сургалт зохион байгуулжээ. БНСУ-ын талаас сонгогдсон эмнэлгийн профессор багш нар манай эмнэлгүүдэд хүрэлцэн ирж, ажлын байранд дадлагажуулах, чиглүүлэх, бататгах зэрэг сургалтыг зохион байгуулж ирсэн талаар энэ үеэр танилцуулав. Сөүл төслийн хүрээнд БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн манай эмч нар тогтвор суурьшилтай ажиллаж байна.
 
Мөн орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нутагшуулахад ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн онцлож, цаашид төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналаа албан ёсоор тавьсан юм.
 
Тэрбээр, БНСУ-д суралцсан эмч мэргэжилтнүүд зөвхөн мэргэжлийн хувьд хөгжих төдийгүй Солонгосын эмнэлгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний соёл, харилцаа хандлагаас суралцаж, өөрийн ажилладаг эмнэлэгт тусламж үйлчилгээг хэрхэн оновчтой зохион байгуулах болон эмнэлгийн ачааллыг зохицуулах аргаас суралцаж сайн туршлагыг нэвтрүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.
 
Тус салбарт хоёр улс өнгөрсөн таван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилтийн байдал, үр дүнг дэлгэрэнгүй хэлэлцсэн бөгөөд Сөүл төслийг дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
 
Мөн 2016 оны долдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын-Хэгийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Мэдээлэл холбооны технологид суурилсан эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллах Тохиролцоог бодит ажил хэрэг болгох зорилгоор тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр болов.
 
Уулзалтын төгсгөлд Сөүл төслийн хүрээнд Монголын эмч мэргэжилтнүүдийг сургахад оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, Вонгванг их сургуулийн эмнэлгийн захирал Со Ил-ен, Чосун их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн профессор Ну Ен-ил нарт Монгол Улсын ЭМЯ-ны Хүндэт тэмдэг шагналыг гардуулав.
 
Төслийн хүрээнд тухайн жилд хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийг дүгнэлээ. Мөн цаашид анхаарах асуудал болон хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов. Эрүүл мэндийн дэд сайд нараар ахлуулсан яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт ийнхүү дөрөв дэх удаагаа амжилттай боллоо.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг