sonin.mn
БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Хойд секторын командлагч, хурандаа С.Амарсайхантай ярилцлаа. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг манай жирийн нэгэн алба хаагчаас эхлээд удирдлагын түвшиндээ ч амжилттай гүйцэтгэж байгаагийн бодит жишээ бол энэ эрхэм юм.
 
Тантай Зэвсэгт хүчний “Соёмбо” сониноос холбогдож байна. Таны ажил алба өндөр биз дээ. Хариуцлагатай үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш анх удаа ярилцлага авах гэж байгаадаа баяртай байна?
 
-“Соёмбо” сонинг шимтэн уншдаг Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, байлдагч, ажилтан алба хаагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг Өмнөд Суданаас хүргэж байна. Цэрэг хүн “Гүйцэтгэе” гээд ёсолдог учраас тэр дайчдын нэг нь болсон миний хувьд ч үүрэгт ажлаа тэр жишгээр гүйцэтгэж байна.
 
Монгол цэргүүд НҮБ-ын болоод бусад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож ирсээр 14 жил өнгөрч байна. Манай Зэвсэгт хүчин НҮБ-ынэнхийг сахиулах ажиллагаанд харуул хамгаалалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна удирдах албанд ажиллаж байгаагийн нэг жишээ Та. Бригадын генерал Д.Баярсайханы албыг үргэлжлүүлэн амжилттай хашиж байгаа тантай ярилцах сэдэв өргөн хүрээнд байна. Цагийн байдлын хувьд тогтворгүй секторт очоод ямар ажил амжуулав?
 
-Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр тусгаар тогтнолоо зарласан бөгөөд энэ үеэс эхлэн НҮБ-д цэнхэр дуулгатан цэргүүд үүрэг гүицэтгэж эхэлсэн түүхтэй. Шинээр тусгаар тогтнолоо зарласан улсад энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, засаглалыг төлөвшүүлэх, хөгжил дэвшилд нь дэмжлэг үзүүлэх зорилгыг НҮБ тавьж ажиллаж байгаа гэсэн үг. 
 
Ингэхдээ Өмнөд Суданы газар нутагт НҮБ ажиллагааны дөрвөн бүс бий болгож үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнийг Хойд, Зүүн, Өмнөд болон Баруун Сектор гэж нэрлэсэн байдаг. Сектор бүрт олон орны цэргийн анги, салбаруудыг хуваарилан байршуулаад зогсохгүй тэднийг удирдах бие даасан команддалуудыг бий болгосон юм. Хойд секторын командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан анх шалгарч, нэг жилийн хугацаатай амжилттай ажилласан. 
 
Миний хувьд энэ албыг өнгөрсөн оны 10 дугаар сард хүлээн авч өнөөг хүртэл ажиллаж байна. Мэдээж секторын командпагчаар томилогдох шалгаруулалт амаргүй. НҮБ-ын сонгон шалгаруулалтаар энэ албанд томилогддог учраас аливаа танил талаараа энэ албанд томилогдоно гэж байдаггүй. Манай улсын хувьд UNMISS ажиллагаанд 2011 оноос цэрэг хандивлан оролцож байна.
 
Өнөөдрийн хувьд Монголын Зэвсэгт хүчний зургаа дахь батальон ажиллагааны газар орондоо ирээд үүргээ гүйцэтгэж байна.
 
Манай энхийг сахиулагчдыг ажиллагаанд оролцох алхамыг тавихад таныг ихээхэн үүрэгтэй ажилласан гэдэг?
 
-Баярлалаа, 2011 онд эхэлсэн UNMISS ажиллагаанд Монгол Улсаас цэргийн баг оролцуулахын төлөө миний бие идэвхийлэн оролцсон гэж хэлж болно. Тухайн үед би Нью Йорк хотод Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн Газарт Цэргийн зөвлөхөөр ажиллаж байлаа.
 
Сьерра Леон улс дахь UNAMIL ажиллагаанд манай энхийг сахиулагчдын оролцоо дуусгавар болж байсан учраас өөр улсад нээгдэж буй энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжийг хайх, түүнийг хэрэгжүүлэх үүргийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас надад өгсөн. 
 
Ингээд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэж болох өөр ямар ажиллагаа байгааг судалж эхэлсэн. Эхлээд Зааны ясан эрэг улс дахь НҮБ-ын ажиллагаанд оролцох оролдлогыг бид хийсэн хэдий ч, тэр нь бүтээгүй.
 
Харин Өмнөд Суданых амжилттай болсон. Олон орон өрсөлдөж байсан учраас манай Зэвсэгт хүчинд сонгогдох магадлал бага байсан ч шалгарч чадсан. Олон хүний хөдөлмөр шингэсэн энэ ажлыг нугалахад тухайн үед Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Элчин сайд О.Энхцэцэгийн үүрэг оролцоо их байсныг энд онцлох ёстой. Монгол Улсын Зэвсэгт хүчин энэ хүний уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж, талархал илэрхийлэх ёстой болов уу гэж боддог.
 
Одоо ажиллагааны газар оронд нөхцөл байдал ямар байна?
 
-Өмнөд Судан Улс дахь өнөөгийн нөхцөл байдал хүнд. 2011 онд тусгаар тогтнолоо олсон улс 2013 онд иргэний дайны хөлд нэрвэгдсэн. Зэвсэгт мөргөлдөөн зогсоогүй, өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Гол шалтгаан нь Засгийн эрхийн төлөөх тэмцэл. Өмнөд Судан Улсын Ерөнхийлөгч Сальва Кийр нь “Динка”, дэд ерөнхийлөгч асан Риек Мачар “Нүэр” үндэстэн. Энэ хоёр хүний хоорондын зөрчилдөөн нь Засгийн эрхийн төлөө тэмцэлд хүргэж, тэр нь даамжирсаар иргэний дайн болж хувирсан. Сөргөлдөгч хоёр тал 2015 оны 8 дугаар сард энхийн хэлэлцээр байгуулж түүнийгээ дагаж мөрдөхөө зарласан хэдий ч тэр нь амьдрал дээр хэрэгжээгүй.
 
Уг нь энэ оны эхээр иргэний дайн зогсох найдвар байсан. Юу гэхээр НҮБ, Африкийн Холбоо болон олон улсын шахалтаар сөргөлдөгч хоёр талын удирдпага эвлэрч “Шилжилтийн Засгийн газар”-ыг өнгөрсөн 4 дүгээр сард байгуулж, улмаар ноён Р.Мачар нийслэл Жуба хотод ирж дэд ерөнхийлөгч болов.
 
Гэсэн ч гурван сарын дараа буюу энэ оны 7 дугаар сард эвлэрлийн гэрээ байгуулсан ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг хамгаалж байсан динка болон “Нүэр” үндэстэн цэргүүд хоорондоо буудалцаж байдлыг эрс хурцатгасан. Нийслэл хотод дөрвөн өдөр ширүүн тулалдаан болж, 300 гаруй хүн амиа алдсан. Энэ тулалдаанаас айж эмээсэн олон мянган хүн орон байраа орхиж дүрвэсэн. Мөн БНХАУ-ын хоёр энхийг сахиулагч, НҮБ-ын нэг энгийн ажилтан амь насаа алдсан харамсалтай явдал гарсан.
 
Нийслэл хотод болсон тулалдааны дараа Хойд секторын хариуцлагын бүсэд багтдаг Лийр суурингийн ойролцоо сөргөлдөгч талууд байлдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Хойд секторын хэд, хэдэн газар байлдаан үргэлжилсээр байна.
 
Амаргүй нөхцөлд ажиллаж байгаа ч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаагаар тань бахархаж байна. Аюул манай дайчдаас хол байгаасай?
 
-Монгол цэргийн ур чадварт бүрэн итгэх хэрэгтэй.
 
Та сөргөлдөгч талуудын удирдлагатай хэр зэрэг холбоо тогтоож байна. Тэд НҮБ-ын цэргийнхэнд ямар байдлаар ханддаг вэ?
 
-Ажлаа авснаас хойш сөргөлдөгч талын удирдах бүрэлдэхүүнтэй танилцаж байнгын харилцаатай байхыг хичээж ирсэн. Нуулгүй хэлэхэд НҮБ-ын цэргийнхэнд ажлаа явуулахад олон саад, бэрхшээл тохиолддог. Түүний ихэнхи нь сөргөлдөгч талуудтай холбоотой.
 
Иймд аливаа бэрхшээлтэй асуудлыг шууд удирдлагад нь мэдэгдэж шийдвэрлэж байна. Ер нь командлагч хүн сөргөлдөгч талын удирдлагатай ажил хэргийн харилцаатай байх нөхцөлд олон асуудлыг төвөггүй шийдэж болох юм гэж ажиглагдсан. Миний хувьд ажил хэргийн хувиар сөргөлдөгч талуудтай ойр байхыг хичээхээс гадна адил чиг үүрэг хүлээн ажиллаж байгаа секторын командлагч нартай холбоотой ажиллаж байна. Ер нь сөргөлдөгч талын удирдлага НҮБ-д муугүй ханддаг. Гэхдээ бүгд итгэдэггүй. Тэдний итгэлийг олж авсан тохиолдолд хамтран ажиллах боломж бүрддэг.
 
Өмнөд Суданы иргэд НҮБ-ын цэргийг орон нутгаасаа гаргах талаар шахаж шаардах болсон, улмаар үл ойлголцол үүсч байгаа тухай мэдээлэл бий?
 
-Харин ч эсрэгээрээ шүү. Өмнөд Суданы иргэдийн олонхи нь НҮБ-ыг эх орондоо байлгах сонирхолтой. Энх тайван баттай тогтнол НҮБ байх ёстой гэсэн байр суурийг төв шугамаа болгон баримталж байна, тэд. Харин цөөн тооны иргэд, тухайлбал засгийн эрх баригчид, тус улсын дотоод хэрэгт НҮБ хэт оролцож байна гэсэн үндэслэлээр орон нутгаасаа гарахыг шаардах асуудал бий. Энэ талаар дэлгэрэнгүй яриад дэмий биз дээ.
 
Таны удирдан ажиллаж байгаа секторт үүрэг гүйцэтгэж байгаа орон орны цэрэг үүрэг гүйцэтгэлээрээ харилцан адилгүй байх. Харьцуулахад аль орны цэргүүд илүү байна?
 
-Хойд секторын харьяанд Гана, Монгол, Руанда, Энэтхэг улсын батальон, Этиопийн тусгай рот, Бангладешийн Тэнгисийн цэргийн анги болон хангалт үйлчилгээний бусад салбарууд байдаг юм. Эдгээрээс тэр нь сайн, муу гэж хэлэх нь миний хувьд зохимжгүй. Учир нь тэд үүрэг гүйцэтгэж буй хугацаандаа бүгд л НҮБ-ын цэнхэр дуулгатан цэрэг. Бүгдэд нь ижил хэмжээний үүрэг тавьж гүйцэтгэлийг нь ижил хэмжээгээр шаарддаг. Харин тухайн улсын Зэвсэгт хүчний талаар өөрийн ойлголт, дүгнэлт бол бий.
 
НҮБ болон олон улсын байгууллагаас “Монгол цэрэг энхийг сахиулж байгаа үед тайван унтаж чаддаг” гэж онцолдог. Магадгүй олон орны цэрэг удирдаж яваа хүн илүү бодитой хариулт өгөх байх?
 
-Монгол Улсын цэргийн багт НҮБ үнэхээр сэтгэл өндөр байдаг. Үүнийг би Нью-Йорк хотод ажиллаж байхдаа сонсч байлаа, энд ирээд ч сонсч байна. НҮБ-ын бүх шатны хүмүүс манай цэргийн багт ам сайтай. Бусад орны цэргийнхэн болон энгийн хүмүүс “Монгол цэргүүд “онцгой" гэж хэлж байхтай нь олон удаа таарч байсан. Тухайлбал, намайг Малакалаас Бентью хот руу нисэх гэж байхад оросын нисдэг тэрэгний экипажийнхан “Танай цэргүүд л байгаагийн ачаар Бентью тайван байна” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.
 
Огт танихгүй мөртлөө өөрийн эрхгүй баярлачихсан, Монгол хүн, Монгол цэрэг байна гэж ойлгоод баяр хүргэж байгааг нь харахад сайхан байсан. Дашрамд, Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон манай зэвсэгт хүчний 5 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэдгийг онцлон хэлэх ёстой. Багийн захирагч хурандаа Б.Баатар, захирагчийн орлогч, хурандаа Ж.Мөнхбаяр нар сайн ажилласан гэж Хойд сектор дүгнэсэн.
 
Сектор командлагчийн хувьд хариуцсан бүсэд маань цагийн байдал тогтвортой байгаасай, олон орны дайчин эрсэд аюул битгий тулгараасай гэж хүсдэг байх?
 
-Үнэхээр тийм шүү, тийм байгаасай гэж хүсэх юм. Гэвч тэр болгон хүслээр болохгүй. Аюултай нөхцөл байдал үүсэх нь ч элбэг байна. Тэр бүхэнд оновчтой зөв шийдвэрийг гаргахын төлөө хичээн ажиллаж байна.
 
НҮБ-ын ажиллагаанд секторын командлагчаар томилогдон ажиллаж байгаа хүний хувьд ямар асуудал дээр анхаарлаа хандуулав?
 
-НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандатыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ мандат нь энгийн иргэдийг хамгаалах, хүний эрх зөрчиж буй явдлыг таслан зогсоох, хүмүүнлэгийн тусламж хүргэх нөхцлийг бүрдүүлэх болон гал зогсоох гэрээний хэрэгжилтэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх гэсэн заалт агуулсан байдаг. Энэ дөрвөн заалтыг зорилт болгон ажиллаж байна. Энэ дундаас хамгийн амаргүй ажил гэвэл энгийн иргэдийг хамгаалах юм. Учир нь иргэний дайн гээд байгаа нь үндсэндээ үндэстэн хоорондын зөрчил. 
 
Динка, Нүэр болон бусад үндэстнүүд засгийн эрх, газар нутаг, эд баялгийн төлөө тэмцэж байна. Ингэхдээ бие биенийхээ амь насыг хороох, өмч хөрөнгийг нь дээрэмдэх, байшин барилгыг нь шатааж сүйтгэдэг. Сөргөлдөгч талын цэргүүд маш хэрцгий бөгөөд хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийн амь насыг ч хайрлахгүй.
 
Хойд секторын удирдах газар байдаг Малакал хот гэхэд сөргөлдөгч талуудад олон удаа эзлэгдсэн бөгөөд тэр бүрт оршин суугчдыг нь олноор хороосон харамсалтай явдлууд гарч байсан. Амьд үлдсэн цөөн тооны оршин суугчид НҮБ-ын баазын дэргэд байгуулсан энгийн иргэдийг хамгаалах хуаранд орогнож байна. Иймэрхүү энгийн иргэдийг хамгаалах хуарангуудын ихэнх нь Хойд секторын бүсэд байна.
 
Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлээд нутагтаа ирнэ гэдэг бахдам сайхан хэрэг. Таны үүрэгт ажлын хугацаа ирэх сард дуусгавар болж байгаа билүү?
 
-Уг нь энэ сарын сүүлээр дуусах ёстой байсан. Гэхдээ ажлын шаардлагаар НҮБ миний үүргийг богино хугацаагаар сунгасан, ирэх сард эх орондоо очно.
 
Үргэлжлүүлэн ажиллах боломж байгаа болов уу?
 
-Миний үүрэг гүйцэтгэх хугацааг дахин 12 сараар сунгах хүсэлтийг НҮБ манай талд албан ёсоор тавьсан ч боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнийг би зөв гэж бодож байна. 24 сарын хугацаанд эрсдэл өндөр газар ажиллана гэдэг бол амаргүй юм.
 
Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаан дахь оролцооны талаар, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар та ямар санал бодолтой байдаг вэ?
 
-НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдын бэлтгэл сургууль, зэвсэглэл, мэдлэг, дадлага, чадвар болон хангалтын талаар тодорхой санал боловсруулсан байгаа. Түүнийгээ БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад танилцуулахаар төлөвлөж байна. Удахгүй байх аа.
 
Секторын командлагчийн хувьд өөрийн улсын батальоны бие бүрэлдэхүүнд хандаж юу хэлмээр байна?
 
-Одоо үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай батальонд албаа амжилттай хаагаад, үүргээ нэр төртэй биелүүлээд эх орондоо буцахыг хүсэн ерөөе. Саяхан эх орондоо очсон, тавдугаар ээлжийн Б.Баатар захирагчтай багийнханд үүргээ амжилттай биелүүлсэнд нь баяр хүргэе. Надад их түшиг тулгуур болж ажилласан. Та бүхний эх орноо батлан хамгаалах их үйлсэд өндөр амжилт хүсье.
 
Д.Болормаа
Эх сурвалж: “Соёмбо” сонин