sonin.mn
БНТУ-ын Үндэсний Их хурал дахь Турк-Монголын Парламентын Найрамдлын бүлгэмийн дарга, Туркийн Газиантеп хотоос сонгогдсон Үндэсний Их хурлын гишүүн Мехмет Эрдоган тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэллээ.
 
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга М.Энхболдод бараалхахын сацуу УИХ дахь Монгол-Туркийн Парламентын бүлгэмийн дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай уулзалт хийх юм. Мөн Батлан хамгаалахын сайд, Монгол- Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ болон Туркэд Их, дээд сургууль төгсөгчдийн холбоо “АТА”-гийн гишүүдтэй уулзаж танилцахаар төлөвлөжээ.
 
Түүнчлэн Хархорин хот болон Налайх дүүрэгт байрлах Түрэгийн эзэнт гүрний үеийн түүх, соёлын дурсгалт газруудад зочилно. Төлөөлөгчид энэ сарын 28-ны орой Туркийн Элчин сайдын өргөөнд зохион байгуулах Турк Улс тунхагласны 93 жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох юм.
 
Туркийн Үндэсний Их хурлын гишүүн Мехмет Эрдоган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийх айлчлалынхаа үеэр хоёр улсын хууль тогтоох салбарын харилцааг авч хэлэлцэх бөгөөд улстөр, эдийн засаг, нийгмийн салбарт болж буй үйл явдлын талаар харилцан санал солилцох гэнэ. 
Айлчлал энэ сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг