sonin.mn
ПАРИС. /NHK/. Америкийн нэгэн гэр бүл 380 сая долларын үнэ бүхий уран зургийн цуглуулгаа Парис хотын музейд хандивлахаар шийдвэрлэжээ.
 
Спенсер Хейс болон түүний эхнэр Марлен нар өөрсдийн цуглуулсан 600 орчим тооны уран зургаа Парисын Орсе музейд хандивлах аж. Тэдний цуглуулгад Эдгар Дега, Амедео Модильяни болон 19 дүгээр зууны дунд үеэс 20 дугаар зууны дунд үед амьдарч байсан зураачдын бүтээлүүд багтсан байна.
 
Гэр бүлийн хоёр анх 1971 онд Парис хотод зочлох үедээ тус улстай холбоотой уран зургийн цуглуулгатай болохоор шийджээ. Улмаар тэдний цуглуулга өргөжсөөр 381 сая доллароор үнэлэгдэх болжээ.
 
Өдгөө хоёулаа 80 настай гэр бүлийн хоёрын энэ хандивт олон хүмүүс талархах болно гэдэгт тэд итгэлтэй байна. 
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд гэр бүлийн хоёрт Францын хамгийн дээд шагнал болох “Хүндэт Легион”-ы одонг бямба гарагт болсон арга хэмжээний үеэр гардуулан өгчээ. Тэд мөн өдөр хандивын баримт бичигт гарын үсэг зурсан байна.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг