sonin.mn
“Яруу найргийн одонд” төрж байж гэмээж нь л сая амь цог гэрэлтсэн бүтээл туурвилын жинхэнэ соёрхогч нь болдог” гэж А.Эрдэнэ-Очирын “Тунгалаг гунигийн улирал” номын өмнөтгөлд төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж бичсэн байдаг.
 
“Тунгалаг гунигийн улирал” номыг уншаад миний сэтгэл дэвэн гэгэлзэв. “Эхийн сэтгэл шиг тал дээр ганц гэр.., Ээж минь хөөрхий..,” өөрийнхөө сэтгэл шиг тал дээр..,” Ийм бадгийг уншаад дэнслэхгүй монгол хүмүүн гэж байх уу. 
 
“Тунгалаг гуниг”-ийн тунгалаг хөг. Ардын зураач Д.Амгалангийн бүтээл ээжийгээ тосон гүйж яваа хүүгийн “Сайн байна уу, ээж ээ” хэзээний дотно танил зураг сэрхийн бодогдох. Эхийн сэтгэл шиг уудам гэж орчлонд үгүй. Дэлхийн яруу найргийн санд ч ийм шүлгүүд ховор. “Бидэнд шүлгээ бичье гэвэл, авьяас билгийнхээ ид хавыг үзье гэвэл элбэг хүрэлцэх эх сайхан монгол хэл минь байна. Бодлогоширон ширтэх Монголын цэнхэрлэг тэнгэр минь байна. Ааг амтагдсан галтай нас байна.  Өөр юу хэрэгтэй гэж” хэмээн тус номын өмнөтгөлд яруу найрагч Ц.Бавуудорж бичсэн нь яах аргагүй нот үнэн ажаам.
 
Яруу найрагч бүхэн ээжийн тухай шүлэг тэрлэдэг хэдий ч А.Эрдэнэ-Очир маань ерөөсөө ээж-амьтай шүлгийг “өөр өнгөөр” бичих нь олон шүлгэнд нь анзаарагдана. “Санаж байна би, ижийгээ 
Зөвийн билүү элэгдэж Худлын хутга ирлэгдэн 
Гунихын үедээ санаж байна
Зүүдэндээ үхэлд баригдаж
Сэрүүндээ гомдолд дарагдан
Түгшихийн цагтаа санаж байна
Санаж байна би, ижийгээ их санаж байна
Дандаа би ижийгээ санадаг бил үү”
 
(“Миний цуглуулсан хорвоо” 73 дугаар тал.) Ийм нэгэн шүлэг түүнд бий. Сүүлийн мөр сэрхиймээр содон. Нээрэн бид чинь тэр болгон ээжийгээ гэдэг бил үү
-“Ээрэм газрын шаналал мэт зовинол тээгээд
Эх нутаг, ээжээсээ алс би цөл дээр...”
Санахын энэлэнг ингэж үгээр дүрсэлнэ гэдэг бол агуу. 
Цөлд ангаж яваа хүн л цангах гэдгийг мэдэх буй.
“Хөсөг нүүдэл тэртээ алсад, он жилээс цааш уу, нааш уу
Хөврөх зэрэглээ тэнгэрийн хаяанаас ирж үү, явжуу
Хүмүүний амьдрал эрхэсийн эрхшээнээс наана
уу, цаана уу 
Хүйтэн сэрүүний улирал намар цаг болжуу...”
 
Энгийн мөртлөө утгын учиг зангилаатай энэ бадагт Монгол яруу найргийн гүн ухааны сэтгэлгээ цуурайлж байгаа юм. Ноён хутагт Д.Равжаагийн “хоосон чанар”-ыг хийгээд оршихуйг таньсан сод билгийн айлслалтай бадаг. Энэ номонд “Аж төрөхүйн шүлэг” нь ингэж эхэлсэн байх.
 
“Ижийгээ санаж, ирсэнгүй гэж уйлсан гэж бодохоос өр өвдөж аж төрж байна, би...”Яах аргагуй өөрийгөө зурсан дотоод хашгираан. 
 
Зөөлөн мэт хэрнээ ээжийн тухай хамгийн чанга дуугардаг яруу найрагч бол А.Эрдэнэ-Очир аж. Найзаасаа сонссон нэгэн бодит баримтыг дурдвал ерээд оны дундуур Мааньтын шоронд хамт хоригдож байсан гал хам нэгэн залуу нь амиа хорлохоор шийдээд байхдаа яаж яваад ч юм нэгэн сонины тасархайгаас А.Эрдэнэ-Очирын
 
“Ижийгээн амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно
Талын хялгана сэргэж, Зун болохоо больж үзэгдэнэ 
Тавилангийн цэцэг шивээлэн,
Орчлон гандаж санагдана
Ижийгээн амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад л эх хүн жаргадаг
Ижийгээн амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно” гэсэн шүлгийг нь олж уншаад тэр үеийнхээ бүх дарамтыг тэсч гарсан гэдэг юм билээ.
 
Ээжтэй хүмүүн бүр л уншиж байхаар тэнгэрлэг шүлэг шүү. Говь нутаг гэдэг цаанаа л хүний араншинг эерүү зөөлөн хийгээд нинж гэрэлтэй болгодог увдистай. Чухам хээр буйд орших байгалийн нууцлаг дуу хоолой, сэтгэлийн эрх чөлөө, нүүдэлчний борог амьдралыг таньсан байдгаараа хөдөө өссөн хүүхдүүд Монголын яруу найргийн “өнгийг” тодорхойлж явдгийн нууц ердөө энэ.
 
Тийм болоод ч 
“Үүрээр сэрвэлзэн сэрээд
хүүгээ бод оо доо, ээж минь
Үглээ болжмор өхөөрдөн бага насыг минь санаа даа
Үүдээр онголзон томоогүйтэх хүү дэггүйтээд Үргэж дэрвэсэн шувуу шиг инээдийг чинь задлаа даа...”
 
Мөн ч дуу алдмаар гэгээн бадаг шүү. Тэрээр мөн “Миний цуглуулсан хорвоо" шүлгээ “Олохуйяа бэрх амьдралыг онож төрөөд уйлан эрхэлсэн дээ би Оорцог толгодынхоо дунд ижийдээ зүүгдэж инээд цуглуулсан би Өнгөрөн нисэх цагийн шувууны даль шиг дэвэлтэн дунд Өвс цэцэг сэрж, зэрэглээ бужигнатал инээлгүй удсан байна аа, би” гэж эхэлсэн байдаг. 
 
Анзаарвал түүний нэлээд шүлгүүд ээжийнхээ тухай бичсэн мөрүүдээс эхлэн бичигдэхдээ онгодын тэсрэлт явагдаж байгаа нь анзаарагдана. Түүний шүлгүүд хүмүүнд илүү ойр, “үнэн” тусдаг нь “өөрийгөө" нээж чадсан сод билигт байгаа юм. Яахав, бичлэгийн урсгал чиглэл гээд ярих юм бол язгуур монгол зохист аялгуунд суурилсан романтизм л даа. 
 
Энэ бадгийн сүүлийн мөр болох “Өвс цэцэг сэрж, зэрэглээ бужигнатал инээлгүй удсан байна аа, би" гэдэг бол хаанаас нь ч харсан А.Эрдэнэ-Очир өөрөө мөн. Хаа ч явсан хошигнож, инээд задалж явдаг зантай. Сэтгэл нь их яруу хөгжимлөг. Ардын гэмээр олон дууны шүлэгтэй. Дууны шүлэгт тэрээр их шүүмжлэлтэй хандана. Шүлгийнх нь мөр бүр нь цаанаа л амьтай.
 
“Өнчин ботго буйлахад сэтгэл нь өвдөөд л...
Өд дутуу шувууны жигүүр харж мэдрээд л...
Өвөл хаврын дохиог дэлгэр зунаар аваад л...
Өнгөт орчлонгийн учрыг өглөө үдэшгүй бодоод л..."
 
Уран зургаас ч тод бадаг. Монгол малчин эх хүний өр нандин сэтгэлийг үүнээс илүүгээр “тунгалаг”-аар дүрслэх хэцүү. Урьдын номуудаа бодвол А.Эрдэнэ-Очир маань энэ бүтээлдээ ээжийн тухай бүтээл нэлээн түлхүү оруулж. Бодсон учиг ч байгаа биз. “Цэцэг нь нулимстай хорвоо” гэж шүлэг байна.
“Залуу халуухан насны аагаар дэвэрч явлаа чиг Жаргал зовлонгийн алинд ч ижийгээн дуудаад тайтгардаг даа
 
Бүүвэйн дуунаас аргамжтаатай
хүний орчлонг туулах юм даа
Бүрэнхийг үргээж хайр нь ирэх
ижийнхээ ачийг л бодно доо
 
Цэнхэр цэнхэр уулс нь тэнгэрийн хаяаг сөхөөд өндөлзөнө
Цэцэг нь нулимстай хорвоодоо ижийгээн санаж л явна даа
Алтан дэлхийд заяа төөргийг гэрлээр хөтлөөд Алдаа онооны алинд ч ижий л аргадаж суудаг даа Сүүн мөрөн сэтгэлийн
дотрыг цагийн цагт ариусгах юм даа
 
Сүүдрийг сулэх санаа нь ариун ижийнхээ хайрыг л бодно доо
Цэнхэр цэнхэр уулс нь тэнгэрийн хаяаг сөхөөд өндөлзөнө
Цэцэг нь нулимстай хорвоодоо ижийгээн санаж л явна даа” (“Тунгалаг гунигийн улирал” 85 дугаар тал) Дуу баймаар уянга эгшиг зохилдолгоонтой шүлэг.
“Өргөн хорвоод гэгээн зүгийг сүүгээр залаад Өргөс цэцгийн алиныг ч ижий л өрөвдөж суудаг даа”
 
“Тунгалаг” шүү. А.Эрдэнэ-Очир маань энэ шүлгээ 2006 оны тавдугаар сарын 12-нд бичсэн бол “Эхийн сэтгэл шиг тал дээр” шүлгээ мөн оны наймдугаар 27-нд тэрлэжээ. Гурван сарын хугацаанд ээжийн тухай хоёр гэгээн шүлэг суваргалж. Ирэх нэгэн сайн цагт дээрх шүлэг дуу болох буй заа хэмээн итгэнэм.
 
“Эхийн сэтгэл шиг тал дээр ганц гэр...
Ээж минь хөөрхий... өөрийнхөө сэтгэл шиг тал дээр...”
Түүний энэхүү нэгэн шүлгийг эргэцүүлэн бодохуйд ийн бөлгөө. Монголын сонгодог яруу найраг гэдэг энэ буй заа.
 
МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Баатарын Энхтөр