sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. “Galaxy Note 7” ухаалаг гар утас шатаж, дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсантай холбогдуулан уг гар утсыг үйлдвэрлэж, худалдахаа зогсоосон “Samsung Electronics” корпорацийн эсрэг хэдэн зуун хүн Өмнөд Солонгосын шүүхэд даваа гарагт зарга мэдүүлжээ.
 
Тус улсын нэгэн хуулийн фирмийн мэдэгдсэнээр, Сөүл хотын төвийн дүүргийн шүүхэд “Samsung Electronics” корпорацийн эсрэг нийтдээ 527 хүн нэхэмжлэл гаргаж, нөхөн төлбөр болгон хүн бүрт 500  мянган вон олгохыг шаардсан байна.
 
“Samsung Electronics” корпораци “Galaxy Note 7”-г үйлдвэрлэхээ зогсоож, түүнийг өмнө нь худалдсан авсан хүмүүст өөр загварын гар утас өгч байгаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн хэрэг гэж зарга мэдүүлэгчдийг төлөөлж буй өмгөөлөгч Ко Ён Иль мэдэгдлээ.
 
Тэрбээр хэлэхдээ “ийм нөхцөл байдал үүсгэн хэрэглэгчдэд сэтгэл санааны хохирол учруулсныхаа төлөө “Samsung Electronics” нөхөн төлбөр олгох ёстой” гэв.
Наймдугаар сарын сүүлчээр худалдаанд гарсан “Galaxy Note 7” гар утас шатаж дэлбэрсэн тохиолдол гадаадад болон дотоодод цөөнгүй гарсантай холбогдуулан тус компани уг гар утсыг үйлдвэрлэж, худалдахыг энэ сарын эхээр бүрмөсөн зогсоосон юм.
 
Зарга мэдүүлэх хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж өмгөөлөгч Ко Ён Иль хэллээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг