sonin.mn
УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа
 
-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Таны хувьд төсвийн төсөл ерөнхий дүн нуруугаараа ямар болсон байна?
 
-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа нөхцөлд харьцангуй сайн төсвийн төсөөлөл оруулж ирсэн болов уу гэж би ойлгож байгаа. Олсон таван төгрөг тутмын дөрөв нь зээлдээ явах нөхцөлд төсвөө хэлэлцэж байна. Тиймээс яаж нэмэлтээр орлого олох вэ, орлого олох ямар эх үүсвэрүүд байна вэ гэдгийг хамгийн эхэнд бодох хэрэгтэй. 
 
Төсөв дээр орлого олох талыг нэмэгдүүлэх зүйл бага орсон байна лээ. Оюутолгой, Тавантолгой, цахипгаан станц гэх зэрэг том төслүүдийн үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ гэж байгаа ч бусад эх үүсвэрийг эрэлхийлж хайгаагүй байна л даа. Би чуулган дээр “Жижигхэн гэлтгүй ямар аргаар мөнгө олох боломж байна, тэр болгоныг бид эрэлхийлэх ёсгой” гэж хэлж байсан.
 
Мөн төсөв, мөнгөний бодлого дээр бид реформын шинжтэй юм ярихгүй байгаа. Өнөөдрийн нөхцөл байдалдаа тааруулаад “хойд хормойгоороо, урд хормойгоо нөхсөн” төсөв болоод байдаг.
 
Төсвийн төсөл дээр газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлнэ гэж байгаа. Гэхдээ гаргаж байгаа мөнгө нь ноосны урамшуулал, арьс ширний урамшуулал гэх мэтийн түр зуурын улс төр хийсэн төсөл болоод байгаа юм. Бид үнэхээр махаа экспортод гаргая, арьс ширээ үнэтэй болгоё гэвэл мал эмнэлэг рүүгээ их зарлага гаргаж, дотоодынхоо арьс ширний үйлдвэрийг дэмжих хэрэгтэй.
 
Мөн Байгаль хамгаалах сангаас орж байгаа мөнгийг хуулийн дагуу байгаль хамгаалах үйлсдээ зарцуулах ёсгой гэдэг боловч урт хугацааны байгаль хамгаалах бодлогодоо зарцуулж чадахгүй байгаа шүү дээ. Түр зуурын биотехникийн арга хэмжээ, устаж байгаа популяц нэмэгдүүлэх талын юм байгаад байгаа. Тиймээс яг ямар салбараа урт хугацаанд хөгжүүлэх вэ гэдгийг бид ярих ёстой. Одоо төсөвтөө баригдаад ямар ч байсан “гал алдахгүй” гэсэн тийм л төсөв болчихоод байна л даа.
 
-Бага гэлтгүй олж болох орлого бүрийг эрэлхийлэх ёстой гэж ярилаа. Тухайлбал, орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?
 
-Жишээ нь, Улаанбаатар төмөр замд багагүй хаягдал төмөр, актлагдсан зүтгүүрүүд бий. Үүнийгээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр өгч байгаа. Хэрэв түүнийг гадагшаа экспорглох юм бол нэг тонныг нь хамгийн багадаа 300 ам.доллараар өгнө. Одоо худалдаж байгаа 150 мянган төгрөг нь хувааж тасдах, хэрчсэний хөлсөнд явчихаж байгаа шүү дээ. Хэдийгээр хаягдал төмрөө дотооддоо өгч байгаа нь сайн хэрэг боловч нэг аж ахуйн нэгж нөгөөгөө бодсондоо үр ашиггүй зүйл хийгээд байж болохгүй. 
 
Жижигхэн боловч энгийн жишээ энэ. Энэ мэтээр орлогоо бүрдүүлэх тал дээр бид хамгийн онцгой анхаарах болж байна. Нөгөө талаар төсөв дээр харж байхад төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд маань тэр чигээрээ ашиггүй ажиллаад байгаа юм. Тэр хасах дүнтэй аж ахуйн нэгжүүдийг бид хувьчлах хэрэгтэй. Төр хамгийн муу менежер гэдэг. Наад зах нь МИАТ компанийн үйлчилгээ гэхэд дэлхий дээр байхгүй үнэ өртөгтэй шүү дээ. Гэтэл МИАТ компани өмнөх бүх жилүүдэд дандаа хасах дүнтэй ажиллаад сүүлийн нэг, хоёр жилд нэмэх болсон байгаа юм.
 
Иймэрхүү төрийн өмчит компаниудыг бид эхний ээлжинд хувьчлах хэрэгтэй. Энэ мэтээр дурдаад байвал Авто зам засвар арчлалтын компаниуд, Монголын төмөр зам гэхэд дандаа хасахтай байж байна.
 
Ингээд ямар ч байсан орлогоо нэмэгдүүлэх ёстой. Тэгээд зарлагаа эхний ээлжинд танах ёстой. Урсгал зардал гардгаараа гарна. Гэхдээ хэмнэж болох бүх юмыг хэмнэнэ. Нөгөө талаар бид 2017 онд шинээр хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй байгаа. Мөн бид авчихсан байгаа зээлийн бүтцийг сайжруулах хэрэгтэй. Одоо зээлийг зээлээр л дарахаас өөр аргагүй ийм нөхцөл байдалд ажиллаж байна л даа. Өмнө нь бид нэг оронтой тоотой хүүтэй зээп авдаг байсан бол одоо дандаа хоёр оронтой хүүтэй зээлтэй байна. Тэгэхээр дараагийн ээлжинд бид зээлээ аль болох урт хугацаатай, бага хүүтэй болгох, үүсээд байгаа нөхцөл байдлаа тайлбарлаж гаднынхантайгаа ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна.
 
-Зээл авахаас өөр аргагүй боллоо гэдгийг том, жижиггүй ярьдаг болчихоод байгаа?
 
-Мэдээж хэн ч гэсэн зээл авах дуртай биш. Гэлээ гэхдээ одоо цорын ганц арга зам байна шүү дээ. Авсан зээлүүдээ урт хугацаатай болгож арай жаахан нөхцөлийг нь сайжруулах, нэг айлаас авснаа нөгөө айлдаа төлбөрийг нь төлөх гэх мэт маневр хийх л асуудал байгаа юм.
 
-УИХ-ын дарга урд хөршид айлчлахдаа урт хугацаатай, бага хүүтэй хөгжлийн зээл өгөх талаар судалж үзнэ үү гэсэн санал тавьсан. Харин сөрөг хүчний гишүүд нэг улсаас их хэмжээний зээл авах нь хараат байдалд орох эрсдэлтэй гэж шүүмжлээд байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
 
-Манайх шиг харьцангуй бага эдийн засагтай улс аль нэг улсаас хараат байж болохгүй. Эдийн засгийг солонгоруулна гэдэгтэй адилхан зээлийг ч олон газраас авах тусмаа зүгээр л дээ. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд наашаа харсантай нь л ажиллаж таарна. Хамгийн эвтэйхэн нөхцөл тавьж байгаа тэр газартай нь ажиллахаас өөр аргагүй байна. Өнөөдрийн нөхцөлд тэр болгон гаднынхан наашаа хандахгүй байна шүү дээ.
 
Бидний хувьд эхний ээлжинд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны ажлын хэсгийн дүнг харъя. Тэгж байж дараа дараагийнхаа тусламж, зээлийн асуудлыг ярья гэдэг асуудлыг гаднынханд тавиад байгаа. Тиймээс одоо байгаа зээлээ урт хугацаатай, бага хүүтэй болгоё гэдэг асуудлыг л тавьж болох талууп руу бүгдэд нь л тавьж байгаа.
 
-“Стэнд бай” хөтөлбөрийг авснаар санхүүгийн сахилга баттай болно гэдэг. Нөгөө талаар бие даасан аливаа шийдвэр гаргах эрх хязгаарлагддагаас нийгмийн халамжийн хүрсэн амжилтыг ухраадаг гэдэг. Таны хувьд хэрхэн харж байгаа вэ?
 
-Манай нам УИХ-ын 76 суудлын 65-ыг нь авчихсан байна. Ардын нам социал демократ үзэл баримтлалтай. Хэдийгээр нийгмийн халамжийн бодлогыг хэтэрхий хавтгайруулж болохгүй ч гэсэн ялангуяа ахмадууд, хүүхдууд рүүгээ хандсан бодлогыг нам өөрийнхөө мөрийн хөтөлбөртөө амлачихсан байсан. Тэгэхээр амлалтаа биелүүлэх болон өөрийнхөө үзэл баримтлалаа цаашаа хэрэгжүүлэхийн тулд ямар ч байсан нийгмийн халамжийн бодлогыг хавтгайруулсан байдлаар биш тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх нь зөв зүйтэй. 
 
Эхнээсээ насны хишиг, хүүхдийн мөнгийг 60:40 хувиар нэг хэсгийг нь векселиэр, зарим хэсгийг нь бэлнээр олгоод байж байгаа. Хүний эрхээр жаргахаас өөрийн эрхээр зов гэдэг шүү дээ. Тэгэхээр бид өөрийнхөө толгойгоор толгой хийгээд өөрсдөө хэмнэж, танаж болох тэр зардлуудаа танаад харьцангуй өөрийн мэдэлтэйгээр байх нь зүгээр л дээ. Аливаа улсад өөрийн явах шугам гэж байдаг. Бүх юмыг нэг стандартад оруулж болохгүй. Өөрсдийн онцлогийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол бид өөрсдөө шүү дээ.
 
-Өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хямралыг улс төрийн алдаатай бодлогуудын үр дүн гэх нь бий. Тэгэхээр зөв замд орохын тулд “Стэнд бай”-г аваад хатуу гараар явах гэж тайлбарлах хүмүүс байдаг. Өөрсдийнхөө толгойгоор явж байна гэхээр хөнгөлөлттэй зээл авсан ч дахиад улс төрийнхөө шийдвэрээр явчих юм биш үү? 
 
-Ер нь бол эцсийн бүлэгтээ бид өөрсдөө бас их сахилга баттай байна гэсэн үг. Хамгийн дээд зэргийн санхүүгийн сахилга батыг бид хийнэ гэж байгаа. Чуулганаар орж ирж байгаа төсөв ч гэсэн харьцангуй сахилга баттай болсон. Мэдээж түүн дотор ярих, хэлэх, ус, шүүсийг нь шахах юм зөндөө байгаа боловч харьцангуй тансаглал багатай, зарлага багатай тийм л төсөв байна. 
 
-Их хурлын гишүүдийн дунд гадаадын банкуудыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн хандлага хүчтэй болчихлоо. Та ямар байр суурьтай байдаг вэ? 
 
-Гаднын банкийг оруулж ирэх ёстой гэдгийг би 100 хувь зөв гэж боддог. Ер нь төрийн болоод бүхий л зүйлийг бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, хувийн сектор нуруун дээрээ үүрч байна. Татвар төлөхөөс хэн ч цааргалахгүй байгаа. Харин аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд хамгийн их дарамт болж байгаа юм нь бол зээлийн хүү. Бид ч ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчдийнхөө тоог нэмэгдүүлэх ёстой.
 
Өнөөдөр бид 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэг хувь болгоно гэж ярьж байгаа. Түүн дээр салбар бас заах ёсгүй л гэж бодож байна. Тухайлбал, худалдаа үйлчилгээний салбар бол Монголын ихэнх ажлын байрыг нэмэгдүүлж байгаа салбар шүү дээ. Тэр салбарыг зайлшгүй оруулах ёстой. Бид татвар төлөгчдийнхөө тоог л нэмэгдүүлэх ёстой болохоос биш татварыг нь багасгах нь бас тийм ч зөв шийдвэр биш юм гэж боддог.
 
-Гадаадын банкуудыг оруулж ирвэл дотоодын банкууд дампуурна гэдэг?
 
-Манай орон 1990 онд чөлөөт, ардчилсан нийгмийг сонгосон. Хэрвээ гаднын банкийг оруулахгүй гэж байгаа бол дотоодын банкууд нь хадгаламжийнхаа хүүг жаахан бууруулаад зээлийнхээ хүүг багасгах ёстой шүү дээ. Тэгж байж чөлөөт өрсөлдөөн бий болно. 
 
Гаднын банкийг оруулж ирэх гээд байгаагийн учир шалтгаан нь ямар нэгэн байдлаар чөлөөт өрсөлдөөнийг л бий болгох явдал. Тэгвэл бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүддээ бага дарамт учруулна. Аливаа өрсөлдөөний үндсэн дээр л илүү сайн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч ирдэг. Одоо тийм өрсөлдөөн байхгүй байна. Дотооддоо цөөхөн хэдэн банкууд нь хоорондоо ярьж байгаад зээлийн хүү, хадгаламжийн хүүгээ тохиролцож байдаг байж болохгүй л дээ.
 
-Та Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Хүдэр гол улаанаар урсч байгаа бичлэг цахим орчинд тараад байгаа. Тэр юу болсон юм бэ?
 
-Сэлэнгэ аймгийн хувьд тулгамдаад байгаа бас нэг том зүйл бол Хүдэр голын асуудал л даа. Хүдэр голын эхэнд маш олон аж ахуйн нэгжүүд уул уурхай эрхэлж байна. Гэхдээ байгалийн баялгаас ашиглаж байгаа тэр улсууд ихэвчлэн байгаль орчиндоо ээлтэй технологи хэрэглэхгүй, харин ч ус, газар шороогоо бохирдуулах зүйл маш их хийж байна. Үүн дээр бид тодорхой арга хэмжээнүүдийг авахгүй бол төд удалгүй голгүй, усгүй, байгальгүй болчих магадлалтай болчихжээ. 
 
Би Сэлэнгээс сонгогдсон гишүүний хувьд эхний ээлжинд цагдаагийн байгууллагад удаа дараа хүсэлт тавьсны эцэст ямар ч байсан ганц, хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Гэхдээ цогц арга хэмжээ болж чадахгүй л байгаад байна.
 
Ж.Баярсайхан 
Эх сурвалж: “Үндсэний шуудан” сонин