sonin.mn
Улсын хэмжээнд 4000-5000 хүн жилд тархины харвалтаар өгдөг талаар өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа мэдээлэв.
 
“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” энэ сарын 29-нд тохионо. Дэлхий нийтэд жилд 17 сая хүн тархины харвалт өгдөг байна. Тиймээс 2006 онд байгуулагдсан “Дэлхийн тархины цус харвалтын байгууллага”-аас уг өвчинтэй тэмцэх олон улсын өдрийг зарласан байна. 2009 онд Монгол Улсад Харвалт судлалын нийгэмлэг байгуулагдсан цагаас “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн.
 
Энэ жил  “Тархины харвалт эмчлэгддэг, мэдлэг, арга зам, үйл ажиллагаа чухал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аж. Тус өдрийн хүрээнд энэ  сарын 27-нд нэг болон гуравдугаар төв эмнэлэг дээр тархины харвалтын хор нөлөө, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт, сурлатчилгааны ажил явуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө өгөх юм.
 
Монгол Улсад нэг болон гуравдугаар эмнэлэгт харвалтыг бүрэн эмчлэх Бүлэн хайлуулах эмчилгээ хийдэг байна. Тархины харвалт өгсөн хүнийг гурван цагийн дотор бүлэн хайлуулах эмчилгээнд хамруулж чадвал бүрэн эдгэрдэг бөгөөд энэ хугацаанд амжихгүй бол хөдөлмөрийн чадвар улмаар амиа алддаг байна.
 
Тархины харвалт өгсөн хүний нүд бүрэлзэж, юм харах, ярих, алхах чадвар алдагддаг байна. Энэ тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудах, эсхүл хамгийн ойр байгаа эмнэлэгт хүргэж, анхны тусламж авах шаардлагатай гэдгийг нэгдүгээр эмнэлгийн Мэдрэлийн төвийн дарга Л.Энхсайхан хэллээ.
Мөн тэрбээр, “Монгол Улсад тархины харвалт жилээс жилд нэмэгдэж байна. Энэ өвчинд 40-60 насны иргэд түлхүү өртдөг. Тиймээс  аймаг, нийслэл, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд Харвалтын төв байгуулж, Бүлэн хайлуулдаг эмчилгээ хийдэг болох шаардлагатай” хэмээв.
 
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 6 секунд тутамд нэг хүн тархины харвалтад өртдөг бөгөөд нас баралтын үзүүлэлтээрээ хоёрдугаар байрыг эзэлж байгаа юм. Тиймээс ДЭМБ-аас урьдчилан сэргийлэх чиглээр зөвлөмж боловсруулжээ. Тухайлбал, архи, тамхины хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.
 
Үүний тулд төрийн зүгээс архи, тамхины онцгой албан татварыг нэмэхийг зөвлөдөг байна.  Ингэж үнийг нэмснээр насанд хүрээгүй хүүхдүүд болон орлого багатай иргэд архи, тамхи худалдан авах хүртээмжийг бууруулдаг аж. Мөн өдөрт 30 минут дасгал, хөдөлгөөн хийх, өөх, тостой хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаж, жимс, жимсгэнэ хэрэглэх зэргийг зөвлөдөг хэмээн ДЭМБ-ын мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Л.Номин хэллээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг