sonin.mn
УИХ-ын түвшинд төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байгаатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.
 
-ОУВС-гийн техникийн баг манай улсад ажиллаж байна. Тус хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд төсөв, мөнгөний бодлогод өөрчлөлт орох уу?
 
-Би үүнийг үгүй гэж бодож байна. Энэ өдрүүдэд ОУВС-гийн техникийн баг манай улсад ажиллаж байна. Төсөв батлах хугацаа арай болоогүй байна. Бидэнд нэг сарын хугацаа байна. Өмнө нь АНУ-д болсон ОУВС-гийн жилийн уулзалтад оролцох үеэр манай талаас ерөнхий байдлаар төсөөллүүдээ танилцуулсан. Харьцангуй нааштай хүлээж авсан байсан. 
 
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна урд хөршөөс хөгжлийн зээл авах асуудал яригдаж байгаа. Та энэ хоёр хувилбарын алийг нь илүүд үзэж байна вэ?
 
-“Стэнд бай” бол бодлогын нөхцөлт зээл. Харин урд хөршөөс авахаар ярьж буй зээлийн тухайд Засгийн газраас эрэлхийлж буй олон хувилбаруудын нэг гэж харж байгаа. Хорин жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй тус зээл нь үндсэндээ бизнесийн агуулгатай, хөрөнгө оруулалтын чиглэлийн зээл юм. Тэгэхээр чиглэл, зориулалтын хувьд энэ хоёр зээл өөр.
 
Цаг хугацааны хувьд харвал ОУВС-гийн хөтөлбөрт түрүүлж хамрагдаж магадгүй. "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдсан нөхцөлд бид дараачийн урт хугацааны хөгжлийн зээлүүдээ авах таатай нөхцөл үүснэ гэж харж байна. 
 
-Ирэх жилийн төсөв, мөнгөний бодлого бол хямралын нөхцөл байдалтай уялдаж байгаа байх. Чухам бид юуг нь фокуслож харах ёстой вэ?
 
-Эдийн засгийн хүндрэлээс гарах, улмаар эдийн засгаа тогтворжуулах, өсөлтийг бий болгох эхлэлийн суурийг тавьж байгаагаараа энэ жилийн төсөв мөнгөний бодлого онцлог юм. Юуг нь фокуслох вэ гэж асууж байна. Шинэ Засгийн газрын хүлээж авсан балансын хувьд төсвийн болон төлбөрийн тэнцлийн буюу хос алдагдалтай төсөв хүлээж авсан. Иймээс бидэнд төсвийн сахилга бат маш чухал байна.
 
-Өмнө нь бид өрийн босгыг нэмэгдүүлах замаар өрийнхөө асуудлыг шийдвэрлэж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд өрийн босгыг 88 хувьд хүргэлээ. Ийм байдлаар өр төлбөрийн асуудлыг цаашид шийдэх нь учир дутагдалтай. Өрийн менежментын тогтолцоог боловсронгуй болгох шаардлага үүссэн юм болов уу гэж харж байна?
 
-Өрийн босго 80-аас дээш хувь руу орлоо. Энэ бол бага тоо бол биш. Өрийн хэмжээ ДНБ-ээс хэтрэхгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь өрийн ашиглалт юм. Өр зээл авахаасаа өмнө аль салбарт хөрөнгө оруулах, өгөөж нь хэзээ эргэж орж ирэх, түүгээр өрөө хэрхэн хэдий хугацаанд төлөх тухайд төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй. Улс төр нь ч, эдийн засаг нь ч хоорондоо уялдаатай байх хэрэгтэй.
 
-Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулж, 15 хувь болгосон. Энэ хувь хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлж болох арга хэмжээ. Урт хугацаанд эрсдэлтэй гэж судлаачид ярьж байгаа.  Хэдий хугацаанд 15 хувь дээр мөнгөний бодлогоо барих бололцоотой вэ?
 
-Мөнгөний бодлогыг чангаруулах нь Төв банкны эцсийн зорилго биш байх. Аль болох мөнгөний бодлогыг зөөлрүүлэх чиглэлд ажиллах нь зүй юм. Одоо бид төсвөө батална. ОУВС-ын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх, мөн бусад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ямар зохицуулалтаар эдийн засагтаа татан оруулснаас асуудал ихээхэн хамаарна. Мөн ирэх жилүүдэд төлөх өрийн эргэн төлөлтийн менежменттэйгээ холбогдуулж мөнгөний бодлогоо тодорхойлоод явна байх. Энэ бол Төв банкны өөрийнх нь хараат бус бодлогын  шийдвэр байх болно. 
 
-Гадны банк орж ирэх тухайд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Энэ асуудлыг том утгаар нь харах хэрэгтэй. Гадны банк гэхээр “Bank of China” яриад байна. Өнгөрсөн 25 жилийн банк санхүүгийн түүхээ эргэж харвал эдийн засгийн хэрэгцээгээ хангахгүй байна. Эдийн засгийн хэрэгцээгээ хангахын тулд санхүүгийн зах зээлээ либералчлах нь зүй юм. Гадны банк орж ирсэн тохиолдолд дотоодын банкуудын зах зээлийг нь хамгаалах тохиргоо зохицуулалтын олон аргыг хэрэглэж болно.
 
Тухайлбал, хадгаламжийн зах зээл дээр өрсөлдөхгүйгээр бөөний зах зээл дээр ажиллах тохиргоог хийж болно. Мөн ажиллагсадын 70-80 хувь нь монголчууд байх гэсэн өөрсдөдөө ашигтай олон тохиргоог хийх замаар оруулж ирэх бололцоотой.
 
-Сүүлийн үед хямрал сөрөх тухайд их ярьж байна. Цаашдаа хэрхэн вэ буюу тогтолцоогоо шинэчлэх тухайд давхар ярьж явах нь зөв байх. Мөнгөний бодлогын баримт бичигт тогтолцооны шинэчлэлттэй холбоотой асуудлууд тусгагдсан болов уу?
 
-Зөвхөн мөнгөний бодлогоор бид хямралаас гарахгүй. Ирэх 4 жилийн хугацаанд бид шинэчлэлийг хийх ёстой. Өнөөдөр нэг нам олонхийг бүрдүүлж байгаа энэ тохиолдолд бид шинэчлэлийг хийх хэрэгтэй. Ялангуяа хөрөнгийн зах зээлийг маш сайн хөгжүүлэх нь зүйн хэрэг юм. Тиймээс энэ жилийн мөнгөний бодлогын баримт бичигт суулгахаар Эдийн засгийн байнгын хороо болон ажлын хэсгийн түвшинд ярьж байна.
 
-Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч хэлэхдээ чанаргүй зээлийн хэмжээнд санаа зовоож байна гэсэн. Чанаргүй зээлийн хэмжээ өнөөдрийн түвшингээр нь авч үзвэл арилжааны банкуудын тогтолцоонд нөлөөлөхүйц байдалд хүрсэн үү. Оны сүүлч гэхэд чанаргүй зээлийн хэмжээ ямар түвшин очихоор байна вэ?
 
-90-ээд оноос хойшхи банкны секторын хүндрэл, хямралыг харахад гурван үечлэлтэй байдаг. 1998-2000 оны Азийн хямралт тухайн үед манай улсын банк санхүүгийн салбарт шууд нөлөөлсөн. 2008-2010 оны хямралаас мөн сургамж авч Төв банк мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж ирсэн.
 
Өөрөөр хэлбэл, эдийн засаг тогтвортой, өсөлттэй үед чанга бодлого барьж нөөц үүсгэх, төлбөрийн чадварын үзүүлэлтүүдийг  өндөр түвшинд барьж ирсэн. Үүний үр дүнд өнөөдөр банкуудын систем энэ хэртэй байгаа нь чамлахааргүй үзүүлэлт юм. Чанаргүй зээлийн хувь хэмжээний хувьд банкуудын үйл ажиллагааны доголдлоос гэхээсээ банкнаас гаднах эдийн засагт гол нөлөө үзүүлдэг салбаруудын уналттай холбоотой.
 
Б.Туул
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг