sonin.mn
Японы Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуулийн Анагаах ухааны факультетад Монгол Улсын АШУҮИС-ийн 2 дугаар дамжааны оюутан Т.Тилеубек, Г.Төмөржин нар 100 хувийн тэтгэлгээр суралцахаар боллоо.
 
Тус сургууль нь Анагаах ухааны факультетийг ирэх оны дөрөвдүгээр сараас шинээр нээн ажиллуулах гэж буй бөгөөд олон улсад ажиллах анагаах ухааны мэргэжилтэн бэлтгэх, Ази дахь эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Азийн улс орноос 20 оюутныг суралцуулахаар шийдвэрлэснээс ийнхүү Монголын хоёр оюутан багтжээ.
 
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү тэдэнд хандан, “Япон улсын Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь боловсон хүчнийг бэлтгэх ажлыг идэвхийлэн дэмждэг. Сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын залуу эмч нарт мэргэжлийн дадлага туршлага суулгах зорилготой Япон Монголын сургалтын эмнэлэг байгуулах төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
 
Япон улсад суралцах оюутнууд сурч мэдсэн зүйлээ энэхүү сургалтын эмнэлэгт хэрэгжүүлэх аваас туйлын их баяртай байх болно. Энэхүү алтан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж ирээдүйн Монголын анагаах ухааны хөгжилд үр шимийг нь гаргаасай гэж хүсч байна” гэв.
 
Тэтгэлгээр суралцах оюутнуудад тус сургуулийг төгсөх хүртэлх зургаан жилийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэл, амьжиргааны зардлаас гадна оюутан тус бүрт 30 сая иений тэтгэлэг олгох юм.
 
Япон улс нь Засгийн газрын хөгжлийн тусламжийн зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллага хоорондын тусламжаар дамжуулан Монгол орны эрүүл мэндийн салбарыг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа аж.