sonin.mn
СТОКГОЛЬМ./TASS/. Шведийн төв нутагт орших Вермланд мужийн Ликенэс гэдэг газарт байдаг дүрвэгчдийн нийтийн байранд өнгөрсөн шөнө гал гарчээ. Аз болоход аюул холуур өнгөрч гэмтэж бэртсэн хүн байсангүй.
 
Өмнө нь ахмад настнуудын асрамжийн газар байгаад одоо дүрвэгчид байрлаж буй уг байшин бүрмөсөн шатжээ. Уг барилгад 19 дүрвэгч тэдний дотор 5 хүүхэд амьдарч байсан байна.   
 
Дашрамд дурдахад, 9,8 сая хүн амтай Швед улсад өнгөрсөн онд 163 мянган дүрвэгч ирсэн нь хүн амын тоотой нь харьцуулахад Европын Холбооны орнуудын дотроос хамгийн олон тооны дүрвэгчдийг хүлээн авчээ гэсэн үг юм.  
 
Дүрвэгчдийн орон байрыг галдан шатаах хэрэг өнгөрсөн оны намраас эхлэн гарах болж, одоогийн байдлаар 60 гаруй ийм хэрэг бүртгэгдээд байгаа ажээ. Тухайлбал, 9 дүгээр сард Шведийн өмнөд нутгийн Маристад хотод дүрвэгчдийг байрлуулах гэж байсан байшинд гал гарсан байна.
 
Түүнээс гадна 8 дугаар сард Шведийн шүүх дүрвэгчдийн нийтийн байрыг шатаасан хэргээр 28 настай нэгэн цагаач залууг зургаан жилийн хорих ялаар шийтгэжээ.  
 
Б.Адъяахүү
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг