sonin.mn
Мицубиши корпорациас 2016-2017 оны Олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
 
Тус корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай. Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн группээр дамжуулан гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтай дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулдаг байна.
 
2010 оноос Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих, ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн.
Тэтгэлэгт докторын түвшний 1, магистрын түвшний суралцагч 1, бакалаврын түвшний суралцагч 6 оюутан тус тус элсүүлэх бөгөөд тэтгэлгийн хэмжээ нэг сая төгрөг байх юм.
 
Элсэхийг хүсэгчид МУИС-д амжилттай суралцаж буй доктор, магистр ба бакалаврын 2, 3, 4-р түвшний суралцагч, санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутан байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.
 
Хүсэлтийг ирэх сарын 10-ныг хүртэл МУИС-ийн төв байр, Оюутны албанд хүлээн авах юм.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг