sonin.mn
"20 000 МОНГОЛОО БУУДАЖ, НУУЦААР "СССР-ИЙН НКВД-ГИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН" НЬ БОЛСОН Х.ЧОЙБАЛСАНД ХӨШӨӨ БАЙХ ЁСТОЙ ЮУ"
 
Саяхан, 2016.09.10-нд болсон "Монголын улстөрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-өөр хэлмэгдэгчид төр, засагтаа хандаж, Хэлмэгдэгчдийн хөшөөн дээр олон тооны анхааруулгууд (лоозонгууд) байрлуулсны нэгэнд нь ингэж бичсэн байв.
 
"ДЭЛХИЙН РЕКОРД" ЯРГАЛАЛ
 
Нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлөлцсөн Унгерний монгол цэргийн жанжин, сэргээгдсэн Богд хаант Монгол Улсын сангийн сайд Лувсанцэвээн нарыг 1921 оны 7-р сард баривчилснаар бүр 1921 оны 7 дугаар сараас эхэлсэн коммунист хэлмэгдүүлэлт, баривчилгаа өргөжсөөр, 1922 онд Д.Бодоо нарын 15 хүнийг, 1923 онд гүн Цэрэнпил, лам Дамбийжаа, буриад Туваанов, мөн, шоронгийнхны хэргээр 24 хүнийг, 1924 онд С.Данзан, Баваасан нарыг гэх мэтээр жил бүр хүмүүсийг буудан алж, 1929 оноос Х.Чойбалсангийн удирдлага дор феодалууд, лам нар, сүм хийд, баячуудын хөрөнгийг хурааж, 1933-34 онд Дотоодыг хамгаалах газар (ДХГ)-аас буриадуудыг “Японы тагнуул” гэж баривчилж, 1937-39 онд мөн Х.Чойбалсангийн удирдлага дор “их баривчилгаа”, “их хядлага” явагдсан байдаг. Ийнхүү Монгол Улс 1930-40 онд насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг баривчлан яллаж, 15 хувийг цаазалж, “дэлхийн рекорд” яргалал үйлдсэн юм.
 
1930-40 онд Монгол Улс бас 40 000 айл өрхийнхөө бүх мал, эд хөрөнгийг, гэр орныг нь хүртэл “эсэргүүгийн хөрөнгө” гэж цөлмөн хурааж, гуйлгаар амьдрах болсон тэдгээр айлын бэлэвсэрсэн эхнэр, өнчирч хоцорсон үр хүүхдүүдийг нь хавчин гадуурхаж, эрхийг нь элдвээр зөрчиж, ажил, сургуульгүй, боловсрол, мэргэжилгүй болгон хаясан. “Эсэргүүгийнхэн” хэмээн нэр төрийг нь гутааж, эцгээрээ овоглож чадахгүйд хүргэж, бүх амьдралаар нь хохироов. Ийнхүү төр нь 4-5 айл өрх тутмынхаа 1-ний нь бүх хөрөнгийг булааж аван, тэр олон хүнийг гуйлгачин болгожээ.
 
АЙДАС ДАГУУЛСАН ТОВЧЛОЛ: ДЯЯ
 
Монгол Ардын нам бүр 1921.03.01-03 - нд хуралдсан анхдугаар Их хурлаараа Коминтерны зорилго, бодлогыг таашаан хүлээн зөвшөөрчээ. Д.Сүхбаатарын даргалсан тус Их хурлын 3 дахь өдрийн хуралдаан нь Коминтернд баяр хүргэж, улмаар, Намын төв хороонд Коминтерны байнгын төлөөлөгчийг суулгахаар шийдвэрлэж, тийнхүү тус намыг, үндсэндээ Коминтерны байнгын төлөөлөгчийн удирдлага, зааврын дор байдаг нам (коммунист нам) болгохоор шийдвэрлэсэн байдаг.
 
Ингээд, Монгол ардын нам, Монгол Улс 1922.07.03-нд Зөвлөлтийн туршлага, заавраар коммунист хувьсгалын эсэргүүнүүдийг илрүүлэн устгадаг ДХГ-ыг байгуулж, 1936.02.27-нд Сталины заавраар ДЯЯ болгон өргөтгөж, сайдаар нь Х.Чойбалсанг томилсон байна.
 
Монголын анхны коммунист Чойбалсан Сталины дуулгавартай этгээд байж, түүний заавраар Монголд феодал, лам нартай. үндсэрхэг үзэлтнүүдтэй, коммунист хувьсгалд дургүйцэж болох хүн бүртэй хатуу ширүүн тэмцэл явуулах, сталинчуудын туслалцаатайгаар тэдгээр бүхннйг устган арилгаж байх саналыг 1930-аад оны эхээр Монголоос ганцаархнаа хүлээн зөвшөөрсөн.
 
ИХ ТЕРРОР
 
Х.Чойбалсан 1937.09.10-ны шөнө 65 хүнийг баривчилж, Монголд 1937-39 оны “их террорыг” эхлүүллээ. Мөн Зөвлөлтийн туршлагаар энэ хядлагыг удирдах Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) гэдэг төв штабыг 1937.10.02-нд байгуулж, түүнийг мөн л Х.Чойбалсан толгойллоо. Х.Чойбалсангийн ОБЭК ДЯЯ-ны дэргэд 1939.04.22 хүртэл жил хагасхан хугацаанд ажиллахдаа, бүрэн бус тоогоор, 25824 хүнийг баривчлан яллаж, 20474-ийг нь буюу 80 хувийг нь буудан алсан байдаг. Зарим баримтад бол, ОБЭК 27585 хүнийг баривчилсан ч гэдэг. 
 
Харин Чойбалсан тэмдэглэлийнхээ дэвтэрт 56 мянган хүнийг баривчилсан гэж бичсэн байдаг аж. ОБЭК-ын баривчилсан, буудсан хүмүүсийн 60 илүү хувь нь лам нар байв. Лам нарыг аймаглан устгах Сталины даалгаврыг Чойбалсан тийнхүү онцгой биелүүлсэн юм. Бусад үед бол “эсэргүүнүүдийг” 1930 онд ДХГ-ын дэргэд байгуулагдаж, ДЯЯ-ны дэргэд 1955 он хүртэл 25 жил ажилласан Тусгай комисс (тройка)-оор, мөн.Дээд шүүх, Цэргийн шүүхээр оруулан шийтгэж байв.
 
Х.Чойбалсангийн ОБЭК хууль, олон улсын хэм хэмжээг зөрчиж жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй хүүхдийг ч баривчлан буудаж байв. ОБЭК-ийн эхний ганц жилд эрүү шүүлт, харгислал, тамлалтыг даалгүй, бараг хоног бүр 1 хүн буюу 349 хүн ДЯЯ-ны шоронд нас барсан байна. Монголын насанд хүрсэн эрэгтэй 10, буриад тутмын бол 9 нь баривчлагдаж, 8 нь буудуулж, буриад өрхийн 95 хувь нь өрхийн тэргүүнгүй болсон юм. Тийнхүү монгол түмэн 1937-39 онд дайнд бус, Халхын голын байлдаанд бус, ДЯЯ-ндаа, маршал Х.Чойбалсандаа хядагдан хиарчээ. Халх голд Монголоос 237 хүн л алагдсан байдаг.
 
ГАРДАН УДИРДАГЧ
 
Х.Чойбалсан 1929 оноос Феодалын хөрөнгө хураах төв комиссын даргаар, 1930 оноос ДХГ-ын Тусгай комиссын 3 гишүүний нэгээр, 1936 оноос ДЯЯ-ны сайдаар, 1937 оноос ОБЭК- ын даргаар ажиллаж, Монгол дахь бүхий л хөрөнгө хураалт, баривчилгаа, аллага, харгислалуудыг удирдсан. Гэтэл Дорнод аймагт 20000 монголоо цаазалж, буриад айлуудын 95 хувийг өрхийн тэргүүнгүй болгосон Х.Чойбалсанд хөшөө босгож, аймгийнхаа төвийг “Чойбалсан” гэж нэрлэсээр байх юм.
 
Ноёд, тайж, лам нараа аймаглан устгахыг, мөн, монгол үндэстнүүдээ нэгтгэж хүчирхэгжүүлэх, Монголыг хараат бус байлгах гэсэн монголчууд, Монголын тийм удирдагч, дарга,  сэхээтнүүдийг “Зөвлөлтийн эсрэг этгээд”, “Японы тагнуул” гэж устгахыг даалгасан Сталины даалгаврыг ийнхүү “гарамгай” биелүүлсэн Х.Чойбалсанд 1940 онд “СССР-ийн НКВД-гийн гавъяат ажилтан” цол, тэмдэг нууцаар шагнаж, Лениний одон өгөв.
 
ҮР ХҮҮХЭД НЬ ЦӨӨРСӨӨР...
 
Эдүгээ хэлмэгдэгчид цагаатгагдсан ч, дэлхийд үзэгдээгүй цар хүрээтэй коммунист хэлмэгдүүлэлт явуулж ард түмнээ хэзээ ч үл мартагдахуй гашуудалд умбуулсан Монгол Улс цагаадсан хэлмэгдэгчдийнхээ хохирлыг одоо хэр барагдуулж өгөхгүй байна. 
 
Гэтэл, Монгол Улсын Үндсэн хуульд ч, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдэд ч, хэлмэгдэн, хилсээр шийтгэгдсэн хүн цагаадахдаа, хохирлоо бүрэн төлүүлнэ гэж заасан байдаг. Монгол Улс Үндсэн хуулиинхаа энэ заалтыг ч үл тоомсорлон, заалт нэг бүрийг нь сахин биелүүлнэ гэж нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийн заалтыг ч үл тоон, хэлмэгдэгдэгчдийнхээ хохирлыг барагдуулаагүй хэвээр. 
 
Ер нь Монгол Улсад дуртай бол хуулийг биелүүлдэг, дургүй бол хоосон цаас гэж үл тоомсорлодог аж. 1930-40 онд эцгээ хилсээр цаазлуулж, бүх хөрөнгөө хураалган хоосорч байсан манай улстөрийн хэлмэгдэгчдийн 87 хувь нь дахин хөлжиж, хөрөнгөжиж чадсангүй, тэд ихэнхидээ хамгийн бага хөлс, тэтгэвэр авч, зарим нь тэтгэвэр ч гүй, орон байр ч гүй, ядуу зүдүү амьдарч өдийг хүрэв. Подвалаар амьдардаг хүмүүс ч байна. 
 
Иймд, манай төр, засаг өөрийн хамгийн хүндээр хэлмэгдүүлж, хамгийн ихээр хохироосон 1930-40 оны улстөрийн хэлмэгдэгчдийн хохирлыг ямар ч нөхцөлтэй байсан даруй барагдуулж өгөх хэрэгтэй байна. Хохирлыг нь одоо хэр барагдуулахгүй байгаа 1930-40 оны манай улстөрийн хэлмэгдэгчдийн хүүхдүүд эдүгээ 80, 90 гаруй нас хүрч, ердөө 500-аадхан тоотой болжээ.
 
АМЬ НАСНЫ ОРОНД ГАНЦ Л БАЙР
 
Байртай,амьдрал сайтай 2000 гаруй хүнд үнэгүйгээр байр нэмж өгч байсан манай төр, засаг нас нь өндөр болж, тэнхээ тамир, эрүүл мэнд нь ихэд доройтож, тохьтой байр шаардлагатай болсон, байргүй, байр авах мөнгөгүй байгаа 1930-40 оны улстөрийн хэлмэгдэгчдэд өөрийнхөө учруулсан хохирлын төлбөрт орон байр эсвэл байрны мөнгө өгчих хэрэгтэй байгаа юм. Хэлмэгдэгчдийн хүсэлт нь ч энэ.
 
Манайд зөвхөн гүтгэгдэж, нэр төр гутаалгасан хүний хохиролд ноднин жил 80 сая төгрөг олгосон билээ. Гадаадад бол зөвхөн амь насны хохиролд 1,5-2 сая хүртэл америк доллар, төгрөгөөр бол 3-4 тэрбум хүртэл төгрөг өгдөг болж байна. 
 
Гэтэл, манай хэлмэгдэгчид бол хүний амины, эд хөрөнгийн, нэр төрийн, сэтгэл санааны, аж амьдралынхаа бүх хохиролд ердөө ганц байр өгчихийг л хүсч байгаа. Монголоос бусад бүх орон улстөрийн хэлмэгдэгчдэд ихээхэн анхаарал тавьж, олон удаа хууль гаргаж, тэдгээр хэлмэгдэгчдийн хохирлыг бүр өнгөрсөн зуунд хуулийн дагуу бүгд бүрэн барагдуулчихсан байдаг.
 
“Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгчийн хүүхэд”ТББ-ын тэргүүн, 
 хэлмэгдүүлэл судлаач Д.Дашдаваа