sonin.mn
Монголчууд гурвын тоо­ны бэлэгдэлтэй үн­дэс­тэн байж магадгүй. Найранд гурван дуутай, наа­дамд гурван даваатай  гэж омогшино. Дээлээ гур­ваар эмжинэ.
 
Гуталдаа гур­ван сарьс хавчина. Гэз­гээ гурваар дарж сүлжи­нэ. Тулгын гурван чулуу, тэнгэрийн гурван ма­рал, зэндмэнэ гурван эр­­дэнэ гэж ярих. Ажнай хүл­гийн­хээ чөдрийг гурван ал­гаар салаалж,  гурамсалж муш­гисан суран сумаар холбож зангидана. Би бас аливаа бүхнийг гурваар жиших дуртай нэгэн.
 
Монголын их бахарлын энэ өдөр сонирхуулж хуучлах шинэсрэг гурвал надад бас байна. Яана гэхэв, хорвоогийн хатуу жамаар он цаг улирна. Нас  бие  элэгдэнэ. Тамир  тэнхээ суларна. Ухаан санаа уймарна. Харин Монголоо гэсэн сэтгэл үс шиг бууралтаж, нуруу шиг бөгтийж, хөл шиг доголно  гэж үгүй.
 
Ийм  л   нэгэн учралаар  шинэхэн гурвалыг сэтгэлдээ  сэхээрсэн  нь өнөөдрийн  энэ нийтлэл болж эмхрэв.  Тэрхүү гурвал бол монгол төрийн   сүмбэр гурван оргилын тухай юм. Ямар ч атугай энэ удаад “Хүмүн Чингис” (хаан), “Сүх жанжин” (Сүхбаатар), “Бал  дарга” (Цэдэнбал)   гэх бяцхан гурвал ном молхи миний сэтгэл оюунаас  амь таслан авч,  анир чимээгүйхэн   мэндэлснийг  энд ийнхүү өчиж  суунам .  Чингис хаан бол Монгол хэмээх содон нэртэй сонин түүхтэй  нэгэн их гүрэн улсыг анх  удаа эмхлэн нэгтгэж хөвчин  дэлхийд алдаршуулж өгсөн  аугаа их хаан  мөн байна.
 
Д.Сүхбаатар бол Монголын алдуурсан тусгаар тогтнолыг  эргүүлэн авчирч,  туурга тусгаар хөгжих замд хөтөлж оруулсан  аугаа их жанжин мөн байна. Ю.Цэдэнбал бол олон жилийн колоничлолын уршгаар хоцрогдсон хуучны Монголыг  хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлсэн орчин үеийн оюунлаг соёл иргэншилтэй шинэ Монгол болгож өгсөн аугаа их удирдагч мөн байна. Өрлөг  их түүх ийм л баримтыг өнөөгийн монголчуудад  өгчээ. Баримтын чандаас бодол, бодлын чандаас бас дахин бодол.  Ийнхүү   мөшгөвөл  хэрэвхүйеэ  энэ гурван их ачтан Монголд заяагаагүй  байсан бол өнөөгийн энэхүү Монгол нь  одоогийнхоо байгаагаар байхгүй л  байх байж хэмээх этгээд бодол  төрдөг байгаа юм .  
 
Чингээд л   хөх толбот Монгол түмний  эх болсон   тэдгээр аугаа ачтны тухай   энэ өчүүхэн  гурвал   номыг бүтээх   гэж оролдсон   ухаантай .  Чингис шударга байсан уу гэвэл тийм ээ,   чин шударга хаан байсан гэж  “Хүмүн Чингис”  ном хэлж өгнө.  Сүх жанжин  зоригтой  байсан уу гэвэл  тийм ээ,  мохошгүй чин зоригт, оюунлаг    жанжин байсан гэж  “Сүх жанжин” ном  хэлж өгнө.  Бал дарга үнэнч  байсан уу гэвэл тийм ээ, чин үнэнч, туйлбартай   дарга байсан гэж “Бал дарга” ном   хэлж өгнө. Улирч өнгөрснийг энэ өнцгөөс хичээнгүйлэн харвал  Чингис хаан  гэх тэр эрхэм Монголын төлөө амьдарч Монголынхоо төлөө амиа өгсөн   байна.
 
Сүх  жанжин  гэх Тэр эрхэм хүн Монголын төлөө амьдарч, Монголын  төлөө амиа өгсөн  байна. Бал дарга  гэх Тэр эрхэм Монголын төлөө амьдарч Монголынхоо төлөө амиа өгсөн   байна.  Чингис, Сүхбаатар, Цэдэнбал хэмээх тэр гурван эрхэм зөвхөн монголчууд бидэнд л хамаг  амьдрал,  оюун сэтгэлээ  зориулсан байна.  Бидний монголчууд  тэднээсээ  амьдрал авч   Монголдоо гал голомтоо өртөөлөн залгамжилж явна. Тэд байсан учраас бид байж байна. Бид байгаа учраас тэд  байж байна.  Өөрчилж болдоггүй үйлийн үр   гэгч биднийг энэчлэн нэгэн бат  цул ертөнц  болгон гагнажээ.  
 
Тэрхүү гагнаасыг ханзлах гэж харийн зандалчин  дайснууд зуун зууны турш  санаархаад  хараахан дийлсэнгүй  ээ. Хэрэвхүйеэ аливаа улс орон Чингис шиг чин шударга, өр нимгэн  хаантайсан бол Их Монгол улс шиг  мандан бадардаг  нь маргашгүй үнэн юм байна.   Хэрэвхүйеэ Сүхбаатар  шиг чин зоригт, оюунлаг  жанжинтайсан  бол    Монгол ардын хувьсгал шиг ялан манддаг  нь маргашгүй үнэн юм байна. Хэрэвхүйеэ Цэдэнбал шиг чин үнэнч, ухаалаг удирдагчтайсан   бол ХХ зууны хоёрдугаар хагасын Монгол шиг   амар амгалан  амьдардаг нь маргашгүй үнэн юм байна. Хураангуйлбал төр шударга, төр хүчирхэг, төр үнэнч байх ёстой гэж   монгол түмний гурван үеийн гурван удирдагчийн  гурамсан  түүх нотолж  байна.  
 
Энэ бол зөвхөн Монголын үнэн бус “Ертөнцийн гурван үнэн”  мөн.   Цаг цагийн үнэн бус цаггүй  үргэлжлэх үнэн.  Би гурван алдарт удирдагчийн намтар сэлтийг  цухасхан танилцаад нэг  өвөрмөц  онцлог чанар тэдэнд байсныг  олж мэдсэнийгээ олзуурхан хэлэхээр  үзэг цаас нийлүүлсэн  нь энэ  билээ.  Тэд  гурван өөр цаг үед төрсөн. Тэд гурван өөр нийгэмд өсөж өндийсөн. Гэтэл ихрүүд  юм шиг адил чанар тэдэнд байсан нь ховор чухаг агаад  гайхамшигтай  баримт мөн биз ээ.  Юуны  өмнө  тэр гурван удирдагчдын   туурга тусгаар Монголын төлөө тэмцэлд нэгэн насныхаа амьдралыг  атгаггүй зориулсан  нь адилхан байдаг.
 
Монголыг шудрага, хүчирхэг төртэй гүрэн улс  болгох гэсэн  үзэл санаа нь бас л адилхан байдаг. Монголчуудыг аз жаргалтай амьдруулахыг  хүссэн хүсэл тэмүүлэл нь  адилхан байдаг. Үгээгүй ядуусыг  энэрэн хайрласан өрөвч нинжин сэтгэл нь адилхан байдаг. Аливаа бэрх бүхнийг хамтын хүчээр даван туулдаг  нөхөрсөг хамтач зан чанар нь  адилхан байдаг.    Монгол Улсынхаа их хэргийн төлөө тэмцэж  яваад  учир битүүлэг  зуурдын шалтгаанаар халуун амиа алдаж,  хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь хүртэл  адилхан байдаг аа! 
 
Чингис хаан сүүлчийнхээ  дайнаас  эргэж ирээгүй. Д.Сүхбаатар хатгалаатай  ханиад тусаад  босож  ирээгүй. Ю.Цэдэнбал ээлжийн амралтаар  Оросын Москва яваад  эргэж ирээгүй.  Тэднийг хорвоогоос хальсны дараа   Монгол Улс үнсэнд хаягдсан шалз гэдэг шиг  өнчирч эзэнгүйдсэн нь бас адилхан байдаг. Чингисийн дараа түүний байгуулсан Их Монголыг  хэдэн хэсэг болгон бутаргаж сарниулсан.
 
Д.Сүхбаатарын  дараа түүний хамтран зүтгэгч  бүх улс төрчдийг  лам багш нартай нь цуг толгой дараалан хэлмэгдүүлж цаазлан хороосон. Ю.Цэдэнбалын дараа түүний удирдаж байгуулсан хамаг  бүтээн байгуулалтыг хувьчлах нэрээр  үрэн таран хийлгэсэн.   Бидний монголчууд  тэдгээр их ачтаныхаа  амь насыг   зуурдын үхлээс  сэргийлэн хамгаалж чадаагүй гэхээр үл барам  цөхөж цөхөж бүтээн байгуулж өгсөн хамаг чухал түүхэн ололтыг  бүрэн бүтнээр нь хамгаалан хадгалж чадаагүй  буруутай.
 
Ямар ч атугай  энэхүү   алаг булаг хорвоогийн  хамгийн айхтар аюултай ажил  бол Монголын  хан төрийг мөс жудагтай  хаанчлан тэргүүлэх явдал мөнийг   тэрхүү гурван удирдагчийн бахархалтай бөгөөтлөө  нэн  гашуун гунигтай намтар   түүх  нь нотолсныг үүгээр цэглэн  орхиод  өнөөгийн    тухайд цөөн үг  хэлье. Хаанчлах  гэдгийг  эрх баригч намын даргаар жишээлбээс ойлгоход хялбар  болох  талтай байх.   Ерөөс  ялсан намын дарга бол сонгуулийн зохих хугацааны хязгаар дотор  улс орныг хаанчлан хөтлөх үүрэг хүлээсэн  төр улсын  “хаан-дарга”  мөн хэмээн   харж болно.  Сүүлийн цөөн  жилийн барин тавин ба­римт сэлтээс л  сэрэл   аваад товч боловч  санаа хэлье.
 
Учир гэвэл  эдүүгээ цагийн өнгөн дээр хаан- дарга байхаас  илүү айхтар  зовлонт үйл  гэж  үгүй болохыг олж харлаа. Харин хаан- даргыг тэртэй тэргүй эсэргүүцэж тэмцэх үүрэг зорилготой сөрөг хүчин гээч нь тэгж хамаг бэрхээр зовоосон уу гэвэл хараахан  тийм  биш байна.  Нам нэгтэй гэх  журмын нөхөд нь, сав  нэгтэй гэх анд найзууд нь  тарчлаадаг нь мэдүүштэй  зүйл  юм гэж мэдэж авлаа.
 
Нэг хэсэг нь хаан даргыгаа  өөрийн үл гүйцэлдэх  шунал хүслийг  биелүүлж өгдөг “ шидэт саваа” болгон ашиглах гэж дарамталж зовоодог байна.  Нөгөө хэсэг нь төрөөс том том  хулгай дээрэм  хийхдээ “далдын хар малгай” болгон ашиглах гэж хаан- даргыгаа зовоодог байна. Бас нэг хэсэг нь өс хонзонтай  явдаг   нэгнийгээ  нухчин дарж,  залхаан цээрлүүлэх муна шийдэм болгох гэж хаан-даргыгаа  зовоодог юм байна.  Монгол төрийн сүмбэр  оргил болсон өмнөх  гурван удирдагч нарт ийм мэтийн бэрх зовлон учирч байсан уу гэвэл мэдээж учирч  л байсан. Гэвч  учраагүй юм шиг даваад л гарч чадсан байдаг. Тэр бүхнийг нөхөрсөг хамтач  мөс жудгаараа, чин шудрага зарчимч  зан чанараараа, амин хувиа хичээдэггүй  нийгэмч  хүмүүжлээрээ   даваад л гарсан олон баримт түүхэнд үлдсэн бий.  
 
Ингээд бодохоор Монгол  түмний амьдрал  гэдэг нь юуны  өмнө сүмбэрлэх  гурвөн  удирдагчийнхаа  эвсэг нөхөрсөг  мөс жудаг,  эрс шудрага зан  чанар, өр нимгэн  сэтгэлээс ургаж  дэлгэрсэн үр  жимс мөн  хэмээн омогшсон ч болох мэт ээ. Орчин үеийн хаан-дарга нар ч бас ийм л ул мөр үлдээх түүхэн үүрэг хүлээж бүхийг нурших нь түвэг  яршиг болохоос цаашгүй .  Харин  сүүлийн үед   өмнөх гурвын он жилүүдэд  төдийлөн хурц тод үзэгдээгүй нэг шинэ зовлон үзэгдлээ. Юу вэ? гэвэл ялсан нам нь  нам дотроо  дахин  “ төрийн эргэлт хийх”-ийг харлаа.  Их айхтар уршигтай явдал  байдаг ажээ.   Товчхондоо бол  ялсан нам ялалтдаа шартаж шандахаар ийм байдаг  юм байж  гэмээр харагдлаа.
 
Мэдүүштэй  мэргэн сургаал эндээс л нар шиг мандаж, сар шиг гийгүүлэв гэлтэй.   Тэр нь юусан билээ хэмээвэл  “Эвлэвэл ялна,  эвдэрвэл ялагдана” гэсэн  үг байв.   Энэ түүх ийм л хичээл заасан  байх агаад  тэр нь “бидний улс эв саналаа нийлүүлэн нэгэн  зорилгын төлөө нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг  зориглон хөдөлбөл мэдэргүй чадахгүй гэх явдал  үгүй болж ...цэнгэлийн манлайг эдэлж болно “ гэсэн их жанжин Сүхбаатарын сургаал үгийг сараг утгаар нь   сануулав байна.
 
Уугуул Монголынхоо үзүүр нэгэн сэтгэлт  мөнөөх гурван ачлалт удирдагчаас хагацан өнчрөх тохиолдол бүрийн дараагаар  харийн зандалчин дайснууд  эзэнгүй хот айлын хонин сүрэгт орсон  араатан чоно адил дур зоргоороо бусниулан сүйтгэсэн гашуун түүх байдаг бөгөөд Монголын зарим  урван тэрслэгчид тэдний гар хөл болсон баримт сэлт ч бас  хааяа үзэгддэг л билээ.
 
Өнгөрсөн мянган жилийн хамгийн гачлантай атлаа  давтагдаж болзошгүй аюул занал бүхий  түүхэн сургамж  чухамхүү энд л байдгийг хэлэх нь зөв байх. Нийтэд нь багцлан сэхээрэх гэж оролдвоос  Чингис Сүхбаатар, Цэдэнбал гурав амьд сэрүүн ахуйдаа Монголыг залгих  гэсэн  ямар их аюул  хөнөөлийг амь биеэрээ хааж байсныг   бодохоор тэр гурвыг  хайрлан   бишрэх сэтгэл өөрийн эрхгүй аюулхай чээж өөд огшино.      
 
Энэ л гурваасаа хагацан салсан даруйд бидний монголчууд ямар арчаагүй доройтон цалгардаж харийн зандалчны бах  тавыг хангаж байсныг сэхээрэх   тусам өр зүрх өөрийн эрхгүй харуусал  гашуудлаар халгиж цалгина. Эдийн засаг, улс төрийн   шинэ колоничлолын   хав хар үүл  өнөөдрийн Монголын  тархин дээр  хуралдан тунарч хэзээ хэзээгүй галт могой аянга болон буухаар зангирч байгааг мэдрэх тусам эх оронч хүмүүсийн өр зүрхэнд  түгшүүрийн харанга дэлдэнэ.  
 
Гэвч  энэ бэрх үед хэрэвхүйеэ монгол төр шударга, хүчирхэг, үнэнч байж чадах аваас  тухайлан УИХ-ын гишүүдээс эхлээд бүх  улс төрчид нь Чингис, Сүхбаатар,  Цэдэнбал гурвын ачлалт сайн  чанарыг нэгэн биедээ эрхшээж чадах  аваас, бас  тэднийхээ дараа улс эх орноо харийнханд сүйтгүүлсэн түүхэн сургамжийг    мартахгүй сэхээрч чадах аваас   Монгол Улс аз жаргалаа эдлэх заяа тавилантайгаа золгож  л  таарна.
  Эцэст  тэмдэглэхэд Цэдэнбал даргын дараа залгаж тодорсон Ж. Батмөнх, Д.Содном, их огцруулалтын дараа тодорсон Г.Очирбат, Л.Түдэв, Ц.Өөлд, Ч. Дашдэмбэрэл, Ш.Гунгаадорж, Б.Даш-Ендон, П.Жасрай тэргүүт улс төрийн зүтгэлтнүүд Чингис, Сүхбаатар, Цэдэнбал нарын  зорьж  тэмцсэн үйл хэргийн  төлөө  тухайн цаг үедээ тууштай  тэмцсэн байдгийг  зориуд талархан тэмдэглэе.
 
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
 Х.Цэвлээ