sonin.mn
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, ТҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмед Эрдоган тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
 
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан ТҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол оронд тавтай зочлохыг хүсэв. Тэрбээр УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, захидал ирүүлсэнд ноён Мехмет Эрдоганд талархал илэрхийлээд хоёр улсын парламентын гишүүд хоорондын ойр дотно, ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён Мехмет Эрдогантай хамтран ажиллахдаа баяртай байхаа илэрхийлэв.
 
Мөн Монгол, Турк хоёр улс төр, нийгмийн ардчилсан тогтолцоо, парламентын засаглалтай улсууд. Иймд хоёр улсын харилцаанд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэгийг тэмдэглээд Монгол Улсын хувьд Турк Улсыг гуравдагч хөршөө хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд бүхий л салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг цохон тэмдэглэсэн.
 
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, ТҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмед Эрдоган найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд ах, дүүгийн найрамдалт харилцаатай Монгол Улсад гурав дахь удаагаа айлчлан ирсэндээ баяртай байна гэв. Тэрбээр “Манай хоёр улс газар нутгийн хувьд хол байдаг учраас харилцаа холбоогоо сайжруулах нь чухал.
 
Энэ ч үүднээс Истанбул-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт тогтмол гурван удаагийн нислэг үйлдэх болсон нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж байна. Хоёр орны харилцаа сүүлийн 26 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, 100 гаруй гэрээ, хэлэлцээрийг хийсэн байна. Хоёр орны иргэд харилцан 30 хоног визгүй зорчиж байгаа нь дээрх гэрээ, хэлэлцээрийн нэг үр дүн юм. Өнөөг хүртэл бататган бэхжүүлсэн энэ харилцаагаа хамгаалах, сайжруулах, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө аль аль тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.
 
Түүнчлэн Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ирсэн 20 жилийн хугацаанд 450 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр орны хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж байгааг дурдав.
 
Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох, Монгол оюутнуудыг техник, технологи, инженерийн чиглэлээр Турк Улсад суралцуулах талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, харилцан санал солилсон юм.
 
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн Н.Энхболд, Д.Ганболд, Г.Солтан, Б.Ундармаа, Туркийн ҮИХ-ын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Нурэддин Нэбати, Туркийн ҮИХ-ын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Хамза Даг, Бүлэнт Енэр Бэкташоглу, Эркан Хабэрал, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нар болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.