sonin.mn
ЛОНДОН./BBC/. Лос-Анжелесийн нэгэн эмнэлгийн ажилтнууд орон гэргүй, сэтгэцийн эмгэгтэй хүнийг эмчлэхээс татгалзан, өмсч буй гэрийн хувцастай нь гудамжинд хөөж гаргасан тохиолдол 2014 онд гарчээ.
 
Энэ хэргийг тус хотын шүүх хэлэлцээд "Gardens Regional Hospital and Medical Center" гэдэг тус эмнэлгийг 450 мянган доллароор торгох шийдвэр гаргасан байна.
 
Эмнэлгийнхэнд хөөгдөж туугдсан 38 настай эмэгтэй шизофрени, чихрийн шижин, багтраа өвчтэйгээс /астма/ гадна архи болон хар тамхинд донтсон нэгэн байжээ.
 
Los Angeles Times сонинд бичсэнээр түүнийг эмнэлгийн түргэн тусламжийн машинд сууж байхад нь хөөж гаргасан гэнэ. Хөөгдсөнийхөө дараа тэр эмэгтэй олон цагийн турш гудамжаар тэнэж байсныг нэгэн хүн хотын захиргаанд мэдэгдсэнээр дээрх дуулиан дэгдсэн байна.
 
Лос-Анжелесийн прокурор Майк Феуэр-ийн хэлснээр, эмэгтэйг өмнө нь таван удаа гудамжинд хөөж гаргаж байжээ. Нэгэн удаа түүнд шизофрени гэж ямар өвчин байдаг тухай бичсэн цаас өгөөд эм, эмчилгээний жор, заавар өгөхөөс татгалзсан гэнэ.
 
Гэтэл тэр эмэгтэй эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байсан бөгөөд дээрх эмнэлэг орон гэргүйчүүдийг эмчлэх зориулалтаар холбооны төсвөөс мөнгө авч байсан аж.  
 
Эмнэлгийн захиргаа буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна дампуурсан гэдгээ зарласан байна. Одоо өөр нэгэн компани тус эмнэлгийг худалдан авах гэж байгаа аж.
 
Б.Адъяахүү 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг 
 
.