sonin.mn
Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангаас түүний байр суурийг тодрууллаа.
 
-Байнгын хорооны даргын хувьд зээлийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
 
-Ирэх оны төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөг байхаар тооцсон. Мөн зээлийн эргэн төлөлт, зээлийн хүүнд 6.6 их наяд төгрөг төлнө. Энэ мөнгө бол төсвийнхөө орлогоос давсан хэмжээний мөнгөн дүн. Энэхүү эх үүсвэрийг хэрхэн гаргах вэ гэдэг бол хамгийн том сорилт болчихоод байна. Өнөөдөр бидэнд хоёрхон сонголт байна.
 
Нэгдүгээрт, ОУВС-тай хэлэлцээр хийж, өндөр хүүтэй авсан зээлүүдээ бага хүүтэй зээлээр хэрхэн орлуулах вэ, хоёрдугаарт, төсвийн алдагдалд хүлээж байгаа 2.5 их наяд төгрөгийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ гэсэн хоёр том асуудалтай тулгараад байна. Үндсэндээ ирэх оны төсөв бол эрсдэлтэй төсөв. Товчдоо бол ОУВС болон гадны улсын хөгжлийн зээлийг олж ирж байж, зээлийн дарамт болон төсвийн алдагдлаа нөхөх юм.
 
-Тэгэхээр зээл авахаас өөр сонголт бидэнд бий юу?
 
-Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 3 хувь байхаар төсөв, мөнгөний бодлогод суулгасан. Энэхүү 3 хувь хэрхэн бий болох вэ гэхээр томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй болно. Өнөөдөр гэхэд манай улс сүүлийн 6 жил дэх хамгийн доод түвшний ажилгүйдлийн түвшинд хүрчихээд байна.
 
Ажилгүйдлийн түвшин өмнө нь 5-6 хувь байдаг байсан бол өнөөдөр 16 хувь буюу 130-160 мянган иргэн ажилгүй болчихоод байна. Ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ гэхээр эдийн засгийн өсөлтийг хангах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтөө бий болгоё гэвэл том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай.
 
-Хүндрэлийн үед төрийн өмчийн зарим үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг хувьчлах хувилбар байж болох тухай яриа бас бий. Эдийн засаг хүндэрсэн үед яаран сандран хувьчлал явуулах нь хэр зүйтэй вэ?
 
-Хувьчлалыг хэзээ хийх вэ гэхээр төрийн өмч үнэ цэнэтэй үед л хувьчлал явуулах хэрэгтэй. Төр үйлдвэрүүдээ өрөнд бариулчихаад, эсвэл дампууруулчихаад хувьчлах нь ашиггүй. Тиймээс төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хэрэгтэй. Хувьчлахаасаа илүүтэй ашигтай ажилладаг байхаар байна.
 
-Төрийн бүтэц данхар байна гэсэн асуудал их яригдаж байгаа. Хямралын хүрээнд цомхотголын асуудал хөндөгдөх үү?
 
-Манай улс чинь 3 сая хүн амтай. Тэгэхээр төрийн албан хаагч хэд байж төрийн үйлчилгээг ард иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх вэ гэсэн асуудал хөндөгдөж таарна. Өнөөдөр төрийн албан хаагчийн тоо 180 мянгад хүрсэн. Энэ бол хиймэл өсөлт. 2012-2016 оны хооронд төрийн албан хаагчийн тоо 40 мянгаар нэмэгдсэн байдаг. Тиймээс иргэддээ хандаж төрд ажиллах уу, хувийн хэвшилд ажиллах уу гэсэн сонголтыг нь өгөх ёстой гэж ойлгож байгаа. Хэрэв төрд ажиллахгүй гэвэл чамд нэг удаагийн олгох тэтгэмж хэд байх юм, дараагийн ажлын саналыг хэрхэн олгох вэ гэдэгт төр бодлогоо чиглүүлэх нь зүйтэй.
 
-Ирэх төсвийн төсөлд хэмнэлтийг ихээр суулгаж байгаа. Гэхдээ эрүүл мэнд, боловсрол, онцгой байдлын байгууллагынхны үйл ажиллагааг доголдуулахгүйгээр хэрхэн шийдвэрлэх вэ?
 
-Ирэх оны төсөв дээр эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын байгууллагуудын урсгал зардал болон хөрөнгө оруулалтаас нэг ч төгрөгийн зардал хасахгүй байх зарчим барьсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн түвшинд дээрх салбарынхныг төсвөөс нэг ч төгрөг хасаагүй.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг