sonin.mn
УИХ-ын дарга М.Энхболд Монголын Архитекторуудын Эвлэлийн 60 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүллээ.
 
Мэндчилгээнд, "Эх орныхоо архитектур, хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулагч, хэрэгжүүлэгч, архитектор зураг төсөл зохиогчиддоо Монголын Архитекторуудын Эвлэл байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
 
Өнөөдөр манай оронд хотжилт эрчимтэй явагдаж, орчин үеийн хот суурин, үйлдвэр, хөдөө аж ахуйн цогцолбор, иж бүрэн орон сууцны хороолол баригдаж, ард иргэд маань эрүүл аюулгүй амьдрах, ажиллах, сурч боловсрох таатай нөхцөл бүрдсээр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
 
Улс орны бүхий л салбарыг хамарсан архитектур, хот байгуулалтын нүсэр ажлыг зохистой хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, архитектур, хот байгуулалтын шилдэг бүтээл бий болгох үндэс нь тогтвортой хууль, эрх зүйн орчин байдаг.  
 
Монгол Улсын Их Хурлаас "Барилгын тухай" хуулийг шинэчлэн баталж, "Хот байгуулалтын тухай", "Хотыг дахин хөгжүүлэх тухай" хууль, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлан хуульчилсан нь хот байгуулалтын салбарын хөгжилд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
 
Дэлхийн цаг уурын дулаарлыг зогсоох, тогтвортой, ногоон архитектурыг хөгжүүлэх, ухаалаг хот сууринг байгуулах зэрэг олон улсад өрнөж буй орчин үеийн архитектур, хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагад нийцсэн харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд Улсын Их Хурлаас цаашид анхаарч ажиллана.
 
Архитектор, зураг төсөл зохиогч Та бүхэнд ажлын ололт амжилт, туршлагаа бататган, дэлхийн архитектурын өвд бүртгэгдэх Монгол үндэсний онцлогийг хадгалсан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн архитектурын бүтээл олноор туурвих өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.  Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэжээ.