sonin.mn
“Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Жаргалант, Заамар суманд зөвшөөрөлгүй олборлолт явуулж, байгальд хохирол учруулж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
 
Тус ТББ-аас энэ сарын 20, 21-ний өдөр Төв аймгийн Заамар, Жаргалант сумын нутагт Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан эрх үүргийн хүрээнд ажиллажээ.
 
Жаргалант сумын нутаг дахь 713-А ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Тэн Хун” ХХК-ийн уурхайд очиж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32-р зүйлд заасан эрхийн хүрээнд тус компанийн захирал Сүн Юн Хуантай уулзаж уурхайн баримт бичигтэй танилцаж, үзлэг хийхийг шаардахад оруулахаас татгалзжээ.
 
 
Харин тэд боломжоо ашиглаж баримтуудыг цуглуулж, газар дээрээс нь дүгнэлт хийхэд тухайн компани нь хууль бус, ноцтой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгааг илрүүллээ.
 
Тухайлбал, цианит натригаар угааж нарийсгасан хаягдлын далан нь стандарт бус, “Тэн Хун” ХХК өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас өөр газар буюу Баянхонгор, Ховд, Увс, Дорноговь аймагт хулгайгаар олборлож, мөнгөн усаар угааж хордуулж орхигдсон шороог зориулалтын бус задгай машинаар тээвэрлэж, өөрийн ашиглалтын талбайд авчран дахин цианит натри ашиглан алтыг нь ялган авч байна.
 
Мөн гадаадын буюу Хятад улсын иргэдийг хууль бусаар ажиллуулж байв. Тус компанид ажиллаж байсан ажилтан химийн хорт бодист хордож, өрөөсөн бөөр нь устаж, хөдөлмөрийн чадвараа алдсан. Уг уурхайд жил бүр 2-3 хүн амь насаа алддаг зэрэг ноцтой зөрчил гарсаар байгааг онцлов.
 
 
Мөн 2011 онд Байгаль орчны сайд асан Л.Гансүхтэй үгсэн хуйвалдаж, хорт хог хаягдлын далан байгуулах нэрээр улсаас 5 тэрбум төгрөг авч хувьдаа завшин их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээлэл байгаа гэв.
 
Тус компанийн үйл ажиллагаанаас үүдэн ойр хавын газар нутаг, мал аж ахуй, газар тариаланд сөргөөр нөлөөлж, бохирдол, халдварт өвчин гарах болсныг нутгийн иргэд гомдолж байгааг дурдсан юм.
 
 
Үүнээс гадна “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-ын төлөөлөгчид Заамар суман дахь Монполимет групп нь Усны тухай болон “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль зөрчин, байгаль орчинд хохирол учруулж байна гэв.
 
Тэд БОАЖЯ, ХЗЯ, МХЕГ, ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар, ГИХГ-т энэ асуудлаар албан бичиг хүргүүлжээ.
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг