sonin.mn
ДАМАСК. /Xinhua/. Лхагва гарагт Сирийн Идлиб хотын нэгэн сургуулийн барилга руу халдсаны улмаас 22 хүүхэд, зургаан багш амь үрэгдлээ. Хэрвээ сургууль руу санаатайгаар халдсан бол үүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ Гүйцэтгэх захирал Энтони Лейк мэдэгдлээ.
 
Түүний хэлснээр, 2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш халдлагын улмаас хамгийн олон багш, сурагч амиа алдсан нь энэ юм.
 
А.Лейк лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “өнөөдөр Сирийн Идлиб хотын сургуулийн барилга руу халдах үеэр 22 хүүхэд, зургаан багш амиа алдлаа. Энэ бол эмгэнэл. Энэ бол харгислал. Хэрвээ сургууль руу санаатайгаар халдсан бол дайны гэмт хэрэг үйлдсэнээс өөрцгүй” гэлээ.
 
2011 онд “Арабын хавар” хөдөлгөөний хүрээнд эхэлсэн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан нь хүчирхийлэл болж хувирснаар Сирид иргэний дайн дэгдсэн билээ.
Сирийн иргэний дайны хөлд хэдэн зуун мянган хүн нэрвэгдэн амиа алдаж, хэдэн сая хүн орон гэрээ орхин дүрвээд байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг