sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
 
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Болд татварын хөнгөлөлтөд зөвхөн 4 аж ахуй нэгжийг хамруулахаар тусгасан нь ялгаварласан хэрэг болж байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Төсвийн байнгын хорооны дарга Ж.Хүрэлбаатар, "Эдийн засгийн хямрал нүүрлэсэнтэй холбогдуулж хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлтөд хамруулахаар тусгасан. Улс орон санхүүгийн хувьд тогтворжиж, өсөлт бий болсон нөхцөлд бүх аж ахуй нэгжүүдийг хамруулах бололцоотой" гэсэн тайлбар хийж байв.
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд, "Жижиг дунд аж ахуй нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулна гэдэг зөв. Энэ бол онцгой албан татвар биш. Онцгой албан татварыг бараа бүтээгдэхүүнээс хамаарч тогтоодог. Энэ бол орлогын албан татвар. Тиймээс шатлалттайгаар буюу эхний ээлжинд 25 хувиар хөнгөлөлт үзүүлэх нь зөв биш үү.
 
2018 оноос 50 хувь, 2019 оноос 70, түүнээс цааш 90 хувь болгох хувилбар байж болохоор харагдаж байна. Салбаруудыг ялгаварлаж хөнгөлөлтөд хамруулах нь сайн асуудал биш" гэхэд байнгын хорооны дарга Ж.Хүрэлбаатар, "Эхний жил 25, дараа нь 50, 70, 90 хувь гэх мэтээр хөнгөлөлт үзүүлж болно. Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн түвшинд ийм санал орж ирээгүй. Байнгын хороон дээр тодорхой салбаруудыг татварын хөнгөлөлтөд нэмж оруулах санал л гарсан" гэсэн хариулт өгсөн.
 
УИХ-ын гишүүн Н.Оюундарь, "Хуулийн хүрээнд далд эдийн засаг хэр ил болох вэ" гэсэн асуудлыг тодруулахад байнгын хорооны дарга Ж.Хүрэлбаатар, "Өнөөдөр манай улс 250 төрлийн хөнгөлөлт чөлөөлөлттэй болчихоод байна. Энэ тал дээр ирэх 4 жилд их анхаарч ажиллах шаардлагатай. Далд эдийн засгийг ил болгоход бүртгэлжүүлэлтийн асуудалд Засгийн газар, Татварын алба анхаарах хэрэгтэй" гэлээ.
 
Үүний дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад байнгын хорооноос гарсан мод, модон эдлэл үйлдвэрлэгчдийг 70 хувь нь, эсгий эдлэл үйлдвэрлэгчдийг хөнгөлөлтөд хамруулахаар гишүүдийн 76 хувь дэмжлээ. Мөн IT-гийн салбарыг оруулах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд энэ мэт салбаруудыг хуулийн үйлчлэлд хамруулах хандлагатай болсон тул УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг нар ийн хавтгайрвал Засгийн газар хуулийн төслийг буцаан татах нь зүйтэй гэв. 
 
УИХ-ын дарга М.Энхболд, "Анхны хэлэлцүүлгийг хийдгээрээ хийе. Эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэний дараа Засгийн газар татах эсэхээ шийдэх бололцоотой"  гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "65-ын бүлэг нэгдмэл байдлаар ажиллах хэрэгтэй. Одооноос нэгдсэн байр сууринд ажиллахгүй бол цаашид замхарна шүү" гэсэн юм.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг