sonin.mn
БАНГКОК. /Anadolu/. Таиландын хааны ордны орчимд өдөр бүр хэдэн зуун мянган хүн цуглаж, таалал төгссөн хаан Пумипон Адульядетын араас эмгэнэн гашуудаж байгаатай холбоотойгоор тухайн орчин хог хаягдалд дарагдаж байгаа ажээ. Үүссэн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг тус улсын холбогдох газар гаргажээ.
 
Хуванцар хайрцаг савны оронд байгальд аяндаа задардаг хүнсний сав хэрэглэхийг цугларсан хүмүүст ус ундаа болон хоол хүнсээр үйлчилж буй сайн дурынханд Бангкок хотын захиргаа зөвлөж байна.
 
Мөн эмгэнэн гашуудаж буй хүмүүст хандан өөрсдөө хоолны сав болон уух усаа авчрахыг уриалж байна.
Хаан таалал төгссөнөөс хойш нийслэл хот дахь ордны өмнө өдөрт 200 мянга орчим хүн цуглаж, 76 тонн хог хаягдал бий болгож байна.
70 жилийн турш хаан ширээнд суусан Пумипон Адульядет энэ сарын 13-нд таалал төгссөн юм.
 
Улс төрийн хямралуудын үед улс орноо нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан түүнийг таиландчууд ихэд хүндлэн дээдэлдэг байлаа.
Түүний араас нэг жилийн турш эмгэнэн гашуудна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг