sonin.mn
Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан Найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Оросын боловсрол шинжлэх ухааны яам болон Оросын нэрт жүжигчид, кино найруулагчид "Оросын Сэргэн мандалт" баримтат болон уран сайхны 6 дахь кино наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээллээ.
 
Оросын талаас ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус кино наадмын уран сайхны удирдагч , "Амурын намар" оросын кино наадмын ерөнхийлөгч Сергей Новожилов, "Мухтар буцаж ирсэн нь" киноны гол дүрийг бүтээсэн, ОХУ-ын гавьяат жүжигчин Оксана Стенщенко, найруулагч Дарья Хренова нар багтжээ.
 
Найруулагч Дарья Хреновагийн "Бароны сүүлийн аян дайн" кино тус кино наадмын онцлох бүтээлийн нэгд тооцогдож байгаа юм. Тэрбээр эл бүтээлийг 2 орны түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн Барон Унгерны амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Тэрбээр, өмнө нь Монголд хэд хэдэн удаа ирж байсан. Монгол орон сэтгэлд ойр, дулаан санагддаг. Өвөө нь Монголын анхны “Монгол хүү” киноны найруулагчаар ажилласан гэдгийг хэллээ.
 
 
Тус кино наадамд Олон улсын болон Оросын кино наадмаас шагнал хүртсэн сүүлийн үеийн киноноос толилуулах юм. Наадмыг нээж өнөөдөр Оросын шинжлэх ухаан соёлын төвд "Таваас долоо хүртэл"  бүтээлийг үзүүлнэ.
 
Мөн ирэх сарын 1-нийг хүртэл өдөр бүр Оросын кино урлагтай танилцах, орчин үеийн кино бүтээлийг үнэ төлбөргүй сонирхох боломжтой.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг