sonin.mn
26 дахь жилдээ Туркийн Бодрум хотод есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд зохион бай­гуу­лагдсан олон улсын “Little Princess of the Globe” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн таван охин ам­жилттай оролцоод иржээ.
 
Өнгөр­сөн жил Турк улсын Анталия хотод болсон “Little miss world” тэм­цээнд оролцсон хоёр охин мөн л титмийн эзэд болсон билээ.
 
Бүх насны охидыг хөгжүүлэх, тэдний төлөө гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн дэлхийн бяцхан миссийн тэмцээнд оролцоход нь тусалж, хүсэл зорилгыг нь биелүүлэхэд хөтөч нь болсон “Гүнжийн дэвтэр”-ийн санаачлагч, “Дэлхийн Монгол гүнж мисс” Төрийн бус байгууллагын тэргүүн, “Little miss world”,   “Little Princess of the Globe” тэмцээнүүдийн албан ёсны эрхийг эзэмшигч, Монгол дахь төлөөлөгч Ч.Энхжаргалыг энэ удаагийн зочноор урьж ярилцлаа.
 
-Манай охид Монгол гэх нэрийг дэлхийд гаргаад иржээ. Энэ боломжийг олгосон танд юуны өмнө талархал илэрхийлье. Тэмцээнийхээ тухай яриач?
 
-Нийт 70 гаруй охид, бүсгүйчүүд оролцсон “Little Princess of the Globe” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн таван охин маш амжилттай оролцоод ирлээ. Энэхүү тэмцээн нь “Гүнж мисс”, “Насанд хүрэгчдийн гүнж”, “Мисс ээж” гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж долоон том шагнал гардуулсан. Үүнээс дөрвийг нь манай охид  авъяас чадвараараа өрсөлдөн авлаа. Харин зургаан настай А.Эгшиглэн маань чадварлагаар загварын алхалт үзүүлж “Mini top model”, мөн авьяас номинацад уран нугаралтаар нэгдүгээр байр эзэлсэн. Мөн Эмүжин охины ээж нь “Мiss mom” шагналыг авсан. Албан ёсны төлөөлөгч миний бие ч “Шилдэг Үндэсний төлөөлөгч” шагналыг авч чадсандаа баяртай байна.
 
-Тэмцээнд оролцсон охид хэрхэн өрсөлдөв. Манай таван охин бусад охидоос юугаараа ялгарч, онцгойрч байв?
 
-Энэ жилийн тэмцээний өрсөлдөгчид их хүчтэй байсан. Манай охид дайчин, эрхэмсэг, уян налархай гээд бүхий л талаар өөрийгөө төгс илэрхийлж байсан учраас тэднээс онцгойрч чадсан. Багийн хамтын ажиллагаа ямар байдгийг чадварлагаар харуулсан. Мэдээж цаг барих, зурагчинтай харьцах чадвар гээд бүхий л талаараа бусдын хүндэтгэлийг хүлээж, анхаарлыг татаж байв. Өөрийгөө бусдад нээн таниулах чадвар сайтай нь ч шүүгчдэд таалагдаж, үнэлэгдсэн. Шүүгчид “Монголын охид чадварлаг юм аа” гэж цаг тутамд л хэлж байсан.
 
 
-Олон улсын тэмцээн уралдаанд явахын тулд эхлээд үндэсний ялагчаа тодруулдаг. Энэ тэмцээнд ямар шалгуураар охидоо сонгосон бэ? 
 
-Энэ жил “Global” телевизтэй хамтраад “Рrincess miss Мongolia 2016” тэмцээнийг хоёр үе шаттай явуулж, 50 гаруй хүүхдээс дөрвөн насны ангилалд үндэсний ялагчийг тодруулсан. Яагаад таван хүүхэд явсан бэ гэвэл өнгөрсөн жилийн “Little miss world” наадамд оролцохоор шалгараад байсан нэг охин хүндэтгэх шалтгааны улмаас тэмцээндээ оролцож чадаагүй юм. Тиймээс түүнийг урилгаар энэ жилийн тэмцээнд оролцуулсан. Тэгээд тэмцээний зохион байгуулах эрхийг эзэмшигч миний бие, оролцогч таван охины эцэг, эхийн төлөөлөл гээд арван хүний бүрэлдэхүүнтэй яваад ирлээ.
 
-Өнгөрсөн жил та “little miss world” наадамд шүүгчээр ажилласан. Энэ жил “Little Princess of the Globe” тэмцээнийг шүүсэн үү?
 
-Энэ жил долоон хүн шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан. Миний бие долоо дахь шүүгчээр ажиллах эрх авсан. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ивээн тэтгэгч байгууллагуудаас болон олон жилийн хамтын ажиллагаатай шилдэг үндэсний зохион байгуулагчид багтсан.
 
-Олон улсын тэмцээний үндэсний зохион байгуулагчаар ажиллахад ямар шалгуур тавигддаг вэ?
 
-Мэдээж тодорхой шалгууртай. Тухайн шалгуур үзүүлэлтийг хангаж чадвал гэрээний хүсэлтийг хүлээн авч, гэрээ байгуулснаар зохион байгуулагчийн эрх албан ёсоор баталгааждаг. “Little miss word” тэмцээний зохион байгуулагчийн эрхийг би 2014 онд аваад 2015 онд хоёр охиноо оролцуулсан. Энэ жил “Little Princess of the Globe” тэмцээний эрхийг аваад таван охиноо амжилттай оролцуулаад ирлээ.
 
 
-Энэ тэмцээний гол онцлог нь юу байв. Мөн тэмцээнд оролцсоноор охидод ямар боломж нээгдэх вэ?
 
-Өнгөрсөн жил манай хоёр охин оролцсон “little miss world” тэмцээн байгаль, эх дэлхийгээ хайрлан, хамгаалахыг уриалдаг бол энэ жилийн бидний оролцсон “Little Princess of the Globe” тэмцээн урлаг, соёл, хувь хүний хөгжлийг голчилдогоороо онцлог. Манай дөрвөн охин хамгийн том шагналуудыг нь авсан учраас титмийнхээ нэр төрийг хамгаалах үүднээс энэ төрлийн өөр тэмцээнд оролцох эрх нь хаагдаж байгаа юм.
 
-Зөвхөн энэ жилдээ юу?
 
-Насанд хүртлээ. Яагаад гэвэл энэ тэмцээн дэлхийд нэр хүндээрээ хамгийн томд тооцогддог. Хэрэв үүнээс жижиг цар хүрээтэй тэмцээнд оролцвол титмийг үл ойшоож байна гэдэг үүднээс хурааж авна. Тиймээс тэмцээний долоон шагналын эзэд титмийн нэр хүндийг хадгалж, өөрийгөө илүү хөгжүүлж, улс эх орондоо сайн сайхны үлгэрлэл байх үүрэгтэй.
 
-Тэмцээний зардлыг эцэг эх нь гаргадаг гэсэн байх аа. Миссийн шагнал нь ямар байдаг вэ?
 
-Энэ төрлийн тэмцээн уралдааныг ивээн тэтгэх байгууллагууд ховор байна. Тиймээс охидын гэр бүл зардлаа гаргаж оролцдог. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс “Little miss word” хэмээх олон улсын сэтгүүл гаргадаг. Энэ сэтгүүлд манай охид уригдаж зураг нь тавигдахаар болсон.
 
Дэлхийн хэмжээний тэмцээн учраас зарим хүмүүс мөнгөн шагнал өндөр гэж ойлгож магадгүй юм. Гэхдээ хүүхдийн тэмцээнд хэзээ ч мөнгө дагалдаж болохгүй. Хэрэв шагналд нь мөнгө олговол худалдаж авсанд тооцогдоно. Уг тэмцээнд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь дэлхийн хэмжээний гэсэн тодотголтой өргөмжлөл болон титэм юм.
 
Энэ том нэр хүндтэй тэмцээний дөрвөн титмийг манай охид авлаа. Жирийн нэгэн ерөнхий боловсролын сургуульд дэлхийн хэмжээний гүнж суралцаж байна гэдэг нь бахархалтай. Анги хамт олондоо эерэгээр нөлөөлж, биеэ авч явах байдал, цаашдын ажил хөдөлмөрт их түлхэц болж өгнө. Нэг үгээр хэлбэл ирээдүй нь тодоос тод гэрэлтэж байна гэсэн үг.
 
 
-Олон улсын тэмцээнд оролцоход манай охидод хэлний бэршээл тулгарч байв уу?
 
-Хэлний бэрхшээл тулгараагүй. Учир нь охидыг сонгохдоо англи хэлний мэдлэгтэй байх шаардлагыг тавьсан. Хүүхэд болгон хөөрхөн учраас чи муухай, чи хөөрхөн гэж шүүх боломжгүй. Юуны өмнө англи хэлтэй, авъяастай, өөрийгөө таниулах чадвартай байх хэрэгтэй. Би 9 настай Б.Эмүжин охиныг онцгойлон дурдахыг хүсч байна. Б.Эмүжин орос хэлээр маш сайн ярьдаг. Тэмцээний ерөнхий шүүгч Р.Эмүжинг оросоор сайн ярьдаг болохоор түүнтэй англиас илүү оросоор ярилцахыг хүссэн. Тэгээд Б.Эмүжин маань багийнхаа орчуулагч болж явсан даа. Жаахан охин байж мэдлэгтэй, сэргэлэн байж чадсанаар Монголын охидын нэр хүндийг өндөрт авч явсан. Б.Эмүжин болон бусад охид  бахархалтай байсан.
 
-Монгол бахархалд өв соёл нэн тэргүүнд тавигдана. Монгол үндэсний хувцас, өв соёлоо олон улсад таниулж чадсан биз дээ?
 
-Аливаа тэмцээн уралдаан соёлын солилцоо байдаг. Өв соёлоо сурталчилна гэдэг маш чухал ажил. Монгол охид ямар вэ гэдгийг харуулахаас гадна үндэсний хувцсаараа дамжуулж өв соёлоо бусдад таниулах, гайхуулах том боломж юм. Тайзан дээр гарч харуулах нүсэр, гоёмсог дээлнээс гадна, энгийн дээлнүүдийг хослуулан өмссөн. Энгийн хэрнээ бусад хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. Бусад охид ямар хүнд юм бэ, ямар гоё юм бэ гээд л малгайг нь толгой дээрээ тавьж үзээд магтацгааж байсан.
 
-Олон улсын тэмцээнийг хууль бусаар хийж байна гэсэн хэрэг мэр сэр гарч байна гэсэн. Албан ёсны зөвшөөрөлтэй гэдгийг нь хэрхэн мэдэж болох вэ?
 
-Хууль бус тэмцээн уралдаан зохион байгуулах нь оролцогч хүүхдүүдэд маш сөргөөр нөлөөлнө. Магадгүй чин сэтгэлээ зориулж оролцсон тэмцээн нь хууль бус, зөвшөөрөлгүй байвал оролцогч хүүхэд сэтгэлээр унана. Аливаа зүйлийг хийхдээ айж эмээдэг болохыг хэн ч үгүйсгэхгүй. Албан ёсны зөвшөөрөлтэй гэдгийг нотлох зүйлс нь гэрээ, лиценз эзэмшигчийн тодорхойлолт мөн хамтын ажиллагаатай гэдгээ урилга зэргээр нотолно. Итгэтэл үнэмшилтэй ярьсан зүйл болгон үнэн биш, цаасан дээр бууж нотлогдсон зүйлс үнэн гэдгийг эцэг эхчүүд ялгаж ойлгох хэрэгтэй.
 
-Та олон улсын миссийн хоёр тэмцээнд оролцох бүрэн эрхтэй юм байна. Цаашид үйл ажиллагаагаа явуулна биз дээ?
 
-Үйл ажиллагаагаа гэрээний дагуу тасралтгүй явуулна. Эх орноо тө­лөөлж олон улсын тэм­цээнд оролцох учраас шалгаруулалт явуулах зайлшгүй шаардлагатай.
 
Гэхдээ миний бодлоор хүүхдийг “чи ийм байх ёстой” гэхээс илүү аливаа зүйлийг са­нал болгож харил­цан ярилцвал зүйтэй санагд­даг. Өөрийн бодлыг тулгалгүйгээр өөрийнх нь хүсэл тэмүүллийг дагах хэрэгтэй. Хүүхэд өөрийн хүсч тэмүүлсэн зүйлдээ чин сэтгэлээ зориулж, түүнийгээ хийхдээ баяртай байж, дотроосоо гэрэлтэж байдаг.
 
 
 
-Өнгөрсөн жил зохион байгуулагдсан “Little Miss World” наадамд амжилттай оролцож хоёр охин титмийн эзэд болоод ирсэн. Энэ жил уг наадамд яагаад яваагүй юм бэ?
 
 
-Энэ жил Грек улсад “Little Miss World” наадам зохион байгуулагдсан. Бид Германы элчинд Грекийн виз мэдүүлсэн. Гэвч миний виз гараад, наадамд оролцох охидын виз гараагүй. Охид болон тэдний эцэг эх шаард­лагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлсэн. Яагаад виз гараагүйг одоо тодруулж байгаа. Хүүхдүүд маань уйлж, сэт­гэлээр унасан. Тиймээс урд нь хамтран ажиллах санал тавьж байсан “Little Princess of the Globe” олон улсын наадамд оролцох шийдвэр гаргасан.
 
 Тэгээд ч “Little Princess of the Globe” гурван тэмцээн зэрэг явагддаг, өргөн цар хүрээтэй, том тэмцээн. Тиймээс нэр хүнд болоод туршлагаараа охидод маань үр өгөөжөө өгсөн.
 
Г.Ариунхэрлэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин