sonin.mn
НҮБ. /Xinhua/. Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг чөлөөлөх ажиллагаа 10 хоногийн өмнө эхэлснээс хойш тус хотын 10 мянга гаруй иргэд орон гэрээсээ дүрвэсэн гэж НҮБ мэдэгдлээ.
 
Иракийн армийн эх сурвалжуудын ярьснаар, “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг Мосулаас хөөн гаргах ажиллагааг явуулж эхэлснээс хойш засгийн газрын цэргүүд болон Курдын хүчнийхэн тус хотын ойролцоох 90 гаруй суурин газар, тосгодыг чөлөөлжээ. Цэргийн зарим анги салбарууд Мосул хотын төвөөс 4 км-ийн зайд дөхөж ирсэн тухай мэдээлэл байна.
 
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар /OCHA/ мэдэгдэхдээ “лхагва гарагийн байдлаар, 10 500 орчим хүн байлдааны ажиллагаанаас дайжин орон гэрээсээ дүрвээд байна” гэв.
 
Хэрвээ хотын төвд байлдааны ажиллагаа өрнөж эхэлбэл дүрвэгчдийн тоо 200 мянгад хүрч болзошгүй гэж НҮБ анхаарууллаа.
Дүрвэгчдийн дунд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд олон байна.
 
Байлдааны ажиллагааны явцад эрэгтэй хүмүүсийг баривчлан хөнөөж байсан гэж гэрчүүд ярьжээ.
Дүрвэгчдийн дунд 14-18 насны эрэгтэй хүүхдүүд бараг байхгүй байгаагаас үзвэл энэ насны хөвгүүдийг “Лалын улс”-ынхан хүчээр өөрсдийнхөө эгнээнд элсүүлж эсвэл амьд бамбай болгон ашиглаж байж магадгүй гэж албаны хүмүүс үзэж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг