sonin.mn
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн  үйл ажиллагаанд шуурхай арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. 
 
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршлыг газрын хэмжээ хүн амын нягтаршил зэргийг харгалзан 75 хэсэгчилсэн талбайд хувааж, төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 75 талбайгаас 25 талбайд төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй, 22 хэсэгчилсэн талбайн 13 төсөл хэрэгжүүлэгч ажил эхлээгүй, 28 хэсэгчилсэн талбайд 28 төсөл хэрэгжүүлэгч ажил нь эхэлчихсэн байгааг хэллээ.

2012-2016 онд  гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 2882 айлын орон сууц ашиглалтад орсон бол барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 5760 айлын орон сууц байна. Энэ нь 2012 онд тавьж байсан зорилтын 30 хувь нь биелсэн гэдгийг хэллээ.  Дахин төлөвлөлтийн 18 байршилд дэд бүтцийн ажлыг шийдвэрлэх зорилгоор улс болон нийслэлийн төсвөөс 140 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн.
 
 Ажлаа хугацаанд нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийн асуудлыг шийдэх хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэх шаардлагатай байгааг тэрээр хэлэв. Түүнчлэн  улсын болон нийслэлийн төсвөөс санхүүжилт авсан ч барилга угсралтын ажил нь зогссон, газраа чөлөөлсөн иргэдийг хэцүүхэн нөхцөлд амьдруулж байгаа хэд хэдэн аж ахуйн нэгж байгааг дурьдлаа.

Нийслэлийн Засаг дарга, иргэдийн газрын чөлөөлж, нийслэлээс шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг  тодорхой хэмжээнд авсан ч ажлаа эхлээгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж, нийслэлээс өгсөн санхүүжилтийг буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах  хэрэгтэйг сануулав. Нийслэлийн хүн амын 60 орчим хувь амьдарч байгаа гэр хорооллыг дахин төлөвлөж, шинэчлэхийн тулд гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн дунд хугацааны баримт бичиг боловсруулж мөрдөх, дахин төлөвлөлтийн ажлыг системтэйгээр хэрэгжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлж, эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлагатай байгааг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хэллээ.

Засаг даргын зөвлөлийн хурлаас дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд орон сууц дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн боловч төслийн үйл ажиллагаа удаашралтай гэрээний биелэлт хангалтгүй байгаа зарим аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг өгөх, хүлээсэн үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцлах шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.