sonin.mn
МОСКВА. /TASS/. Сирийн Идлиб мужийн сургууль руу агаараас дайрсан гэх НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
 
Гадаадын цахим хуудсуудад нийтлэгдсэн агаарын дайралт хийж байгааг харуулсан дүрс бичлэг нь 10 гаруй өөр кадраас бүрдсэн эвлүүлэг байсан гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков өчигдөр дурдлаа.
 
ЮНИСЕФ-ийн мэдээллийг шалгахын тулд Сирийн хойд нутагт явуулж буй агаарын цохилтын ажиллагааны талаарх бүх мэдээллийг Оросын БХЯ нягтлан шалгасан байна.
 
“Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан Хаас сууринд агаарын цохилт өгч байгааг харуулсан дүрс бичлэг нь 10 гаруй өөр кадраас бүрдсэн эвлүүлэг байсан. 10 дугаар сарын 26-нд буюу лхагва гарагт ОХУ-ын Агаарын сансрын хүчний нэг ч нисэх онгоц тухайн бүс нутагт нислэг үйлдээгүй” гэж И.Конашенков мэдэгдсэн байна.
 
НҮБ-ын Хүүхдийн сангийн өмнө нь мэдээлснээр бол, Идлиб мужийн сургууль агаарын цохилтод өртсөний улмаас 22 хүүхэд, зургаан 6агш амиа алджээ. ЮНИСЕФ-ийн Гүйцэтгэх захирал Энтони Лейк мэдэгдэхдээ "энэ халдлага нь Сирид мөргөлдөөн эхэлсэн 2011 оноос хойших хугацаанд тус улсын сургуулиуд руу довтолсон хамгийн аймшигт халдлага байж магадгүй юм" гэлээ.
 
Уг мэдэгдэл гарсны дараахан гадаадын хэвлэлүүдэд ОХУ-ыг буруушаасан мэдээллүүд гарч эхэлжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова пүрэв гарагт мэдэгдэхдээ "энэ халдлагад ОХУ ямар ч хамаагүй" гэсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг