sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
 
Ерөнхийлөгчийн зүгээс уг тогтоолын төслийг 2015 оны 11 сард өргөн барьсан байдаг. Хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй бөгөөд Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх,  Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг үндсэн 12 чиглэлтэй байхаар үзэл баримтлалд тусгасан.  
 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Өнгөрсөн хугацаанд хийсэн томилгоотой холбоотой лавлагааг харахад тухайн салбартаа мэргэшсэн хүн томилогдохгүй байгаа үзэгдэл харагдаж байна. Мэргэшсэн удирдлагаар хангах гэхээр ямар нэг бизнес эрхэлдэг гэдгээр нь томилдоггүй байж болохгүй.
 
Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зохицуулалтад анхаарах цаг болжээ" гэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "АТГ-аас лавлагаа авдгаа болих хэрэгтэй. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс эхэлж тодордог. Дараа нь Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтад тэнцүүлдэг жүжгээ болих хэрэгтэй" гэсэн юм.
 
УИХ-ын гишүүн Занданшатар, "Хөтөлбөрийг ерөнхий агуулгаар нь дэмжиж байна. Гэхдээ найруулгын хувьд эргэж харахаар байна. Давхардал ихтэй, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй санаанууд цөөнгүй байна" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатар эцсийн хэлэлцүүлгийн шатанд найруулгын хувьд анхаарахгүй бол буруу ойлгогдохоор байна гэсэн саналтай байгаагаа хэллээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг