sonin.mn
Төвбанк  есдүгээр сарын статистик тоймыг сэтгүүлчдэд танилцууллаа.
 
 Иргэдийн зээлийн дийлэнх хувийг цалин тэтгэвэр, хэрэглээнийх эзэлжээ
 
 Арилжааны банкуудын нийт активын хэмжээ эхний  9 сарын байдлаар 27.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Банкны салбар өнгөрөгч 9 дүгээр сарын байдлаар 12 их наяд 409.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
 
Тодруулбал бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт 1 их наяд 643.3 тэрбум төгрөгийн зээл ногдож байгаа бол үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарт 1 их наяд 736.6 тэрбум, барилгын салбарт нэг их наяд 382.6 тэрбум, уул уурхайн олборлолтын салбарт 970.3 тэрбум, боловсруулах үйлдвэрлэлд 1 их наяд 285 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Бусад салбарын зээлийн үзүүлэлт 5 их наяд 391.6 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
 
Зээлийн үзүүлэлтийг салбараар нь:
 
Харин иргэдийн зээл 44.2 хувь, байгууллагынх 54.8 хувьтай байгаа юм. Иргэдийн зээлийн тухайд 45.9 хувь нь дийлэнх хувийг цалин тэтгэвэр, хэрэглээний болоод хадгаламж барьцаалсан картын зээл эзэлж буй аж.
Иргэдийн зээлийн үзүүлэлт:
 
Өнгөрсөн сард 50.9  тэрбумын ипотекийн зээл олгожээ
 
Есдүгээр сард 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг иргэдэд олгосон байна. Ипотекийн 15.2 тэрбум төгрөгийн зээл нь таван хувь, 15.8 тэрбум нь найман хувийн хүүтэй олгосон бол үлдсэн 19.8 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр олголоо хэмээн Монголбанк мэдэгдэв. 2013 оны есдүгээр сард  176,3 тэрбум, 2014 оны есдүгээр сард 92,1 тэрбум, 2015 оны есдүгээр сард 78,2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож байжээ.
 
Валютын хадгаламж 3.9 хувиар буурлаа
 
Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан иргэд, байгууллагууд төгрөгөөс илүүтэй валютын хадгаламж нээлгэж байсан бол 9 сарын үзүүлэлтээр буурах хандлагатай байна. Тухайлбал арилжааны банкууд дахь  хадгаламжийн хэмжээ өмнөх сараас 4.3 тэрбум төгрөг буюу  0.1 хувиар буурсан байна. Ингэхдээ валютын хадгаламж 3.9 хувиар буурсан бол төгрөгийн хадгаламж 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
 
Уул уурхайн салбар чанаргүй  зээлд 32 хувиар буюу хамгийн их жин дарав
 
Эдийн засгийн  хүндрэлийн нэг шалгуур нь  чанаргүй зээлийн үзүүлэлт юм. Тэгвэл өнгөрөгч 9 дүгээр сард чанаргүй зээл нэг их наяд 115.3 тэрбум төгрөгт  хүрч, нийт зээлийн 9 хувийг эзэлсэн дүн гарчээ. Өмнөх оны мөн үед 7 хувь байсан. Ийнхүү чанаргүй зээлийн үзүүлэлтийг сулруулахад  уул уурхайн салбарын зээл 32 хувиар буюу хамгийн их жин даржээ. Уул уурхайн салбарын араас худалдаа үйлчилгээнийх 20 хувь, боловсруулах салбарынх 13 хувь, барилгын салбар 8 хувь, үл хөдлөх хөрөнгийн чанаргүй зээл 5 хувьтай байна.
 
Дифляци үргэлжилсээр байна
 
Инфляци хасах   руу хэлбийж, дифляцийн шилжилт үргэлжилсээр байна. Тодруулбал инфляци өмнөх сараас -0,7 хувиар буурав.  Энэ бууралт  мах, махан бүтээгдэхүүн, бусад хүнс, гутал, хувцас, орон сууцны хөлс, ус, цахилгаан түлш  -0,1-0,7 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.  
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг