sonin.mn
Энэ сарын 26-нд тохиож буй Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрийг баасан гарагт шилжүүлэх эсэх асуудлыг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх болжээ.
 
УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан. Улс тунхагласны өдрийг "нийтээр тэмдэглэх баяр" болгосноор улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг болсон юм.
 
Энэ жилийн хувьд Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа. Тиймээс 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлэн, бүх нийтээр амраах эсэх асуудал яригдаж байгаа юм. Уг асуудлыг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцэх болсон байна. Хэрэв Засгийн газраас шилжүүлэх шийдвэр гарвал энэ баасан гарагт бүх нийтээр амарч, Улс тунхагласны баярын өдрийг тэмдэлэн өнгөрүүлэх юм.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг