sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. "Намайг Цагаан ордонд орж ирсэн тэр өдөр манай улс Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс /Trans-Pacific Partnership trade deal/ гарах болно" гэж Дональд Трамп мэдэгдлээ.
 
Тэрбээр ирэх оны 1 дүгээр сард албан тушаалаа хүлээн авсныхаа дараа хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж буй ажлуудаа тайлагнасан байна.
Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрт /ТPP/ 12 орон нэгдээд байгаа бөгөөд эдгээр улсууд дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг ажээ.
Мөн тэрбээр нүүрс олборлолтод тавьсан "ажлын байрыг цөөрүүлэгч хязгаарлалтыг" зөөлрүүлж, визийн зөрчлийг таслан зогсоохоо амласан билээ. Харин “Obamacare” гэдэг эрүүл мэндийн хөтөлбөр болон Мексиктэй залгаа хил дээр хана барих талаар ямар нэгэн зүйл яриагүй байна.
 
Хоёр долоо хоногийн өмнө тэрбээр Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан нь олон хүнийг цочролд оруулж, АНУ даяар эсэргүүцлийн жагсаалууд өрнөсөн билээ.
 
Номхон далай дамнасан худалдааны түншлэлийн хэлэлцээрийг 2015 онд байгуулсан бөгөөд Япон, Малайз, Австрали, Шинэ Зеланд, Канад, Мексик зэрэг орнууд нэгдсэн боловч хэлэлцээрийг одоогоор соёрхон батлаагүй байгаа юм.
 
Энэ хэлэлцээр нь эдийн засгийн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой боловч уг хэлэлцээрийг эсэргүүцэгчид “хэлэлцээрийг нууцаар, томоохон корпорациудад ашигтай байдлаар хийсэн” гэж шүүмжилж байна.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг