sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна.
 
Хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 17-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
 
Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш 13 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Цаашид улсын хилийн аюулгүй байдлыг хангах, хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомт, түүнд мөрдөх журмын зохицуулалтыг боловсронгуй болгох, хилийн нөхцөл байдал, байгаль орчин, цаг агаар, физик, газар зүйн онцлогт тохируулан улсын хил хамгаалалтыг бүсчлэн зохион байгуулах, хилийн аюулгүй байдлыг хангах төрийн байгууллагын тогтолцоо, хилчдийн эрх зүйн байдал, улсын хил хамгаалалтад иргэн, байгуулагын оролцоог шинэчлэн тодорхойлох, хуульд хэрэглэсэн нэр томъёог олон улсын эрх зүйн зарчим, Монгол Улсын Их Хурлаас 2010 онд баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-тай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага  зүй ёсоор гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 
 
"Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийн төсөлд 260 хууль, УИХ-ын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгасан. Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдсанаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болох юм байна.
Байнгын хорооны хуралдаан асуулт хариултаар үргэлжилж байна. 
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг