sonin.mn
Энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Морокко улсын Марракеш хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын 22 дугаар хурал болж, дэлхийн 197 улс орны төлөөлөгчид оролцов.
 
Уг хурлын үеэр зохиогдсон “Зүүн хойд Азийн хотуудын уур амьсгалын өөрчлөлтийн шийдлүүд – технологи, санхүү, эрх зүйн орчны асуудлууд”, “Нүүрс хүчлийн хийн бага ялгаруулалттай технологийн шийдлүүд” хуралд Улаанбаатар хот оролцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чиглэлээр хийсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулав.  Парисын хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойших анхны уулзалт болж байгаа тул улс орнуудын хувьд санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий, хөгжиж буй улс орнуудад үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны хэлбэрүүдийг онцлон хэлэлцлээ.
 
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнуудын анхааралд оруулж чадсанаар олон улсын өмнө хүлээсэн үүргийнх нь дагуу эдгээр улс орнуудаас ногоон технологи, санхүүжилтийн дэмжлэг авах боломж бүрдэж байгаа юм. Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалт харьцангуй багатай боловч уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөл газрын доройтол, цөлжилт, усны болон ойн сангийн хомстол, байгалийн гамшигт үзэгдлийн тоо давтамж зэргээр хүчтэй илэрч байгаа болно.
 
2015 оны 11 дүгээр сард Парис хотноо зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 21 дүгээр Бага хурлаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлаарх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.
 
Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэх, дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад цельсийн +2 хэмээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг цельсийн +1.5 хэмд хязгаарлах явдал юм. Мөн 2020 он гэхэд жил бүр хөгжиж буй улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд зориулж 100 тэрбум ам.долларыг өндөр хөгжилтэй, хүлэмжийн хий их ялгаруулдаг орнууд хуримтлуулж зарцуулахаар санал нэгдсэн. Уг хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэн орсон.
 
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах асуудалд хотуудын үүрэг, оролцоо улам бүр нэмэгдэж байгаа. Учир нь дэлхийн хүн амын 54 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд 66 хувьд хүрэхээр байна. Тасралтгүй нэмэгдэж байгаа хотжилтын эрчим Ази, Африкт хамгийн өндөр байж энэ зууны хагас гэхэд энэ хоёр тивийн хотуудын хүн ам 2,1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэгчид нь хот суурин газрууд болохын зэрэгцээ түүний хор хөнөөлийг хамгийн ихээр хүлээн авч буй газрууд нь хот суурин газар, тэдгээрийн хүн ам болоод буй юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.