sonin.mn
ЛОНДОН./BBC/. Букингемийн ордонд их засвар хийхээр төлөвлөж байгаагаа Их Британийн эрх баригчид мэдэгдлээ. Засварын ажлыг 10 жилийн хугацаанд бага багаар хийж дуусгах бөгөөд энэ ажлыг гүйцэтгэхэд улсын төсвөөс 396 сая фунт стерлинг /460 сая доллар/ гаргах гэнэ.
 
Засварын ажлыг ирэх оны 4 дүгээр сард хийж эхлэх тэр үед хатан хаан өргөөнөөс нүүх шаардлагагүй аж. Ордны цахилгааны шугам, усны хоолой, бойлууруудыг шинэчлэн солихоор төлөвлөжээ.
 
Жил бүр хатан хааны гэр бүлийнхэнд зориулан улсын төсвөөс гаргадаг мөнгийг нэмэгдүүлэх замаар их засварын ажлыг санхүүжүүлэх аж.  Уг мөнгийг нэмэгдүүлэх эсэхийг Британийн парламент шийдэх юм.
 
Харин хаант засаглалыг татан буулгахыг шаарддаг хөдөлгөөнийхөн ордонд их засвар хийх гэж байгааг эрс шүүмжилж, уг ордныг улсын өмчид шилжүүлж, музей болгон тохижуулах нь зүйтэй гэж шаардаж байгаа аж.
 
Букингемийн ордныг 18 дугаар зууны үед барьсан ба 19 зууны үед Британийн хаадын албан ёсны өргөө болгосон байна. Жил бүрийн 8 болон 9 дүгээр сард хатан хаан өргөөгөө орхин явах тэр үед ард иргэд тус ордныг үзэж сонирхдог ажээ.
 
Ордонд их засвар хийх тухай асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс хэлэлцэж байгаа юм. 2015 оны сүүлчээр ордны хоолны газрын хуучирч муудсан дээврийг солихын тулд зургаан сарын хугацаагаар засвар хийж байжээ.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг