sonin.mn
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр селенээр баяжуулсан өндгөөр иргэдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах тухай ажилтай танилцаж, санал бодлоо илэрхийллээ.
 
Тэрбээр хэлэхдээ, “Селен нь хүний биед маш бага хэмжээгээр агуулагддаг ч эрүүл мэнд, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг микро элемент. Селений дутагдал нь хүний дархлааг бууруулж элдэв өвчин, хорт хавдарт өртөх эрсдлийг нэмэгдүүлж, зүрхний булчингийн үйл ажиллагааг сулруулдаг. Тиймээс дэлхий нийтийн жишгийн дагуу баяжуулсан органик хүнс хэрэглэх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй” гэв.
Мөн тэрбээр манай улс иодын дутагдлаас хамгаалах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай.
 
Тухайлбал, 12 хүртэлх насны хүүхдүүдийн 65 хувь нь иодын дутагдалтай байсныг 6.7 хувь болтол бууруулж чадсан байдаг. Үүний нэгэн адилаар селений дутагдлаас ч бид урьдчилан сэргийлэх боломжтойг хэлээд, тус ажлыг эхлүүлж судалгаа хийсэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн /НЭМҮТ/, эрдэмтэн судлаачид, АНУ-ын ALLTECH компани, энэ ажлыг үйлдвэрлэлд туршиж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилласан “Түмэн шувуут” компаний хамт олонд  талархал илэрхийллээ.
 
НЭМҮТ-ийн судлаачдын олон жилийн судалгаагаар Монгол хүний цусан дахь селений хэмжээ 50-70 хувиар бага байгааг тодорхойлж, цаашид хэрхэн нөхөх талаар тодорхой шийдлийг ийнхүү гаргасан байна. 
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг