sonin.mn
Энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа “UFC” группийн захирал О.Амартүвшинг урьж ярилцлаа.   
 
-“UFC” групп ямар ямар салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засгийн нөхцөл байдал бизнест тань хэрхэн нөлөөлж байна вэ? 
 
-Хүнс, аялал жуулч­лал, газар тариалан­гийн салбарт үйл ажил­лагаагаа явуулж байгаа. Яг өнөөдрийн нөхцөл байдалд үндсэн салбаруудаа хэрхэн хэвийн авч үлдэх вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Шинэ салбар руу хөрөнгө оруулалт хийхэд  хүнд  цаг үе учраас, үндсэн салбаруудаа хөгжүүлэхэд анхаарч байна. Төрөөс ямар бодлого барина. Тэрийг нь дагаж  хувийн хэвшлүүд үйл ажиллагааны стратегиа  тодорхойлдог. Тэр ч утгаараа бид салбартаа шинэ өөрчлөлтүүдийг хийж байлаа. Гэтэл төрөөс шалтгаалаад бүх зүйл гацсан.
 
Хүнсний салбарын  борлуулалт  нийт  дүнгээрээ өсөхгүй ч, компани хоо­рондын өрсөлдөөний  ул­маас бүтээгдэхүүний  борлуулалт руу шилжинэ. Тэр утгаараа манай хүнс­ний бүтээгдэхүүний бор­луулалт өсөлттэй байгаа. Харин барилгын салбар утгаа алдчихлаа. Арван айлын хоёр нь л орон сууцанд амьдарч байна. Ая тухтай амьдрахыг хэн ч хүснэ.
 
Эрэлт хэрэгцээ байгаа ч ипотекийн зээ­лийн нөхцлөөс хамаа­раад, хэрэглэгчид худал­дан авах чадваргүй, хүлээлтийн байдалтай байна. Төр, ипотекийн зээлийг гаргахдаа банкаа хэт дэмжсэн алдаатай бодлого гаргачихсан. Аль аль салбарыг нь дэмжсэн  хувилбар гаргасан бол энэ салбар зогсохгүй байх  боломжтой байсан.
 
 III улирлын байдлаар Эдийн засгийн үзүүлэлт анх удаа өсөлтгүй бууралт­тай гарлаа. Эдийн засгийн өсөлт, хасах гарлаа гэж ярьж байна. Тийм нэр томьёо хэллэг байж болох­гүй. Эдийн засаг яагаад хасах гарчихав гээд бодоод үзэхээр, 80-аад мянган айл ипо­текийн зээлтэй, сар бүр 500-800 мянган төгрөг банкинд төлж байна. Энэ мөнгийг банк 100 хувь хүүгийн орлогод авч байгаа. Тэгэхээр эдийн засгийн эргэлт энэ хэмжээгээр байхгүй болно гэсэн үг. Гэтэл банкууд зөвхөн  өөрсдийн эрсдэлийг  бодоод, ипотекийн зээлийг зогсоолоо.
 
Уг­ нь нэмж мөнгө хийн, дараа дараагийн хүн­дээ олгогдоод, байн­гын эргэлтэд байх ёстой юм. Энэ мэтчилэн тө­рөөс зөв зохицуулалт хийх­гүйн улмаас ард иргэд бизнесийнхэний, бий болгосон баялгийг банк ховх сороод эдийн засгаа тэр хэмжээгээр гацаа­сантай шууд холбоотой. Монгол шиг жижиг улс,  төр  нь тогтворгүй байх ямар их аюултай байдгийн илрэл энэ. Улс төрийн шийдвэрүүд  нь бизнестээ ингэж их нөлөөлдөг  газар, харалган байх нь ямар аюултай байдгийн үр дагавар гэж хэлж болно.
 
Гадны хөрөнгө оруу­лаг­­чид, дотоодын ком­па­ниуд, иргэд гээд бүгд л байдал наашлах болов уу гэж тэв­чээртэй хүлээж байна. Гадаад  зах зээлийн инди­ка­тор бүгд өслөө. Бидний гол орлого болдог нүүрс, зэс, алт сүүлийн өдрүүдэд, өдрөөс өдөрт өссөөр байна. Энэ нь бидэнд эерэг нөлөөгөө хэзээнээс үзүү­­лэх вэ гэдгийг, энэ зас­гийн газрын зоригтой зөв алхмууд харуулах байх. 
 
-Таны бодлоор энэ байд­лаас хэрхэн гарах вэ?      
 
-Ерөөсөө л системээр нь харах ёстой. Мөнгөний нийлүүлэлт, улс төрийн  тогт­вортой байдал, бод­лого гээд бүгд хоорондоо уялдах ёстой. Уялдаа холбоо алдагдсан олон шийдвэр гарч байна. Саяхан л гэхэд сангийн сайд гарч ирээд ам.долларын ханш оны сүүлчээр буух байх, хэзээ буухыг нь хэлж мэдэхгүй байна гэж мэдэгдэл хийсэн.
 
Гэтэл 30 минутын дараа Монголбанкнаас доллар бууна гээд интер­венц хийж байх жишээтэй. Оны эцсээр бууна гэсэн доллар цагийн дараа буугаад эхэлсэн. Банкууд нь олигополь шинж  чанартай болсон, ил тод хувилдааны зарч­маар асуудалд хандаж байна. Тэрийг нь засгийн га­зар нь мэдэж байгаа ч юм уу. Эсвэл оролцоод байдаг юм уу. Бие биедээ харилцан хамааралгүй байгаа ийм тохиолдолд асуудал нааш­лахгүй. Өмнөх дөрвөн жил үнэхээр зовлонтой байсныг та бүхэн мэдэж байгаа.
 
Ард­чил­сан нам дангаараа төр бариагүй, хамтарсан зас­гийн газартай байсан. Эдийн засгийн дорвитой шинэчлэл хийе гэхээр ажил байнга гацдаг, хүнд нөх­цөл байдалтай байсан. Харин өнөөдөр 65-уулаа сууж байгаа хүмүүс, ямарч асуудлыг бараг нэг  өдрийн дотор тодорхой болгох бүрэн боломж байна. Бие биенээ үгүйсгэсэн, байдал үр­гэлж­лээд байхаар хө­рөнгө оруулагчид монгол руу хөрөнгө оруулах сонир­­хол­гүй байгаад байна. Д.Трамп нүүрсний хэрэглээг хязгаарлахгүй гэдгээ зарлалаа. Шууд утгаараа нүүрсний үнэ цэнийг өсгөлөө.
 
Дэл­хийн зах зээл дээр нүүрсний салбарт хөрөнгө оруулалт  нэмэгдэх нь ойлгомжтой боллоо. Манай гол экспорт нүүрс учраас, үнийн хэлцэлээ дахин хийж, цөөн хэдэн асуудлыг зоригтойгоор шийдэх хэрэгтэй байна.  Монголын эдийн засаг үнэндээ нярай хүүхэд шиг. Маш хурдан тэнхэрч, хурдан босно. Зэс бараг 20 хувь өслөө. Ийм их боломж байхад, Засгийн газар асуудлаа хурдан шийдээд, хөрөнгө  оруулагчид, гадны зах зээл рүү хандсан нааштай мэдэгдлүүдээ яаралтай хийвэл богино хугацаанд сэргэх боломжтой.
 
-Хурдтай ажиллах ёстой байх?
 
-Хурдтайгаас, гадна онолын дагуу мэргэжлийн байдлаар ажилламаар байна. Өнөөдөр бүх  зүйл  шинжлэх ухаан, мэдлэг дээр суурилж байхад, тэгж  магадгүй,  ингэж магадгүй  гэсэн таамгаар асуудалд хандаад баймааргүй. Бүх зүйл өөрийн онолтой, шинжлэх ухаанд суурилсан судалгаатай бай­гаа. Тэгэ­хээр мэргэж­лийн хандахын тулд чаддаг хүмүүсээс нь зөвлөгөө авах хэрэгтэй.
 
-Гадны банк оруулж  ирвэл банкуудын өрсөлдөх  чадвар сайжирч, зээлийн хүү буурна гэж яригдаж бай­на. Нөгөө талдаа эдийн за­саг эмзэг үед оруулж  ирэх нь буруу гэх нь ч бай­на. Та ямар бодолтой байна вэ?  
 
-Энэ асуудлаар сая­хан би “Монгол HD” теле­визийн хэлэлцүүлэгт орсон. Хэлэлцүүлэг гэ­дэг утгаараа талуудын эрх ашгийг жигд хангах ёстой. Би эсрэг болоод, нө­гөө таван хүн маань банк оруулж  ирж болохгүй  гэж ярьсаар дууссан. Гадны гэдэг үгийг би тодотгохыг  хүсч байна. Монголын сан­хүүгийн зах зээлийн 90 хувийг дөрвөн л банк эзэлж байна.
 
Хөрөнгө оруу­лагч­дынх нь бүтцийг аваад үзэхээр, 60-70 хувийг нь гадны хөрөнгө оруулагч, компаниуд. Гадааддаа бол банкны салбарт үйл ажиллагаа явуулж бай­сан, туршлага байхгүй,  жи­жиг хэмжээний хө­рөн­гө оруулагчид бай­даг. Тэд монголын үл хөд­лөх хөрөнгө, ашигт малт­­малын лицензийг бүг­­дийг барьцаалдаг. Бүгд малтайгаа тэдний мэдэлд байгаа. Зээлдэгч ямар нэгэн байдлаар зээлээ төлж чадахгүй бол тэд хураана.
 
Тэгэхээр ямар ялгаа  байгаа юм бэ. Үлдсэн 30-40 хувийг нь эзэмшиж байгаа нөхдүүд тэднийхээ эрх  аш­гийг хамгаалаад байгаа юм. Үнэндээ банк­ны бизнес ямар ч эрс­дэлгүй. Буруу салбарт хөрөнгө оруулалт хийж, бидэнтэй зэрэгцэн бизнес  хийж байгаа нь тэдний  хувьд эрсдэл болохоос биш, зээл бол ямар ч эрс­дэл­гүй. Зээлдэгчийн хө­рөн­гийг 30-40 хувиар үнэлэн, барьцаалж байна. Төлөхгүй бол хөрөнгийг нь хураагаад авна. Дээр нь хадгаламжтай холбоотой асуудлыг нь хуулиар хамгаалсан. Тэ­гэ­хээр банк ямар ч эрс­дэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Харин бизнесийнхэн болон, хувь хүмүүс эрдсэлийг 100 хувь өөр дээрээ хүлээ­дэг.
 
Энэ мэт хэт нэг талдаа, банк­ны эрх ашгийг хам­гаалсан хуультай байна. Эцсийн эцэст тэр иргэн, биз­несийнхэн банкныхны  төлөө ажиллаж амьдраа­гүй. Тэгэхээр гадны 2-3 банк заа­вал байх ёстой. Аль нь байх нь сонин биш. Эцсийн дүндээ урт хугацаатай, бага  хүүтэй шударга харилцааг иргэд ч, бизнесийнхэн ч хүсч байна. Өнөөдөр жилийн 30 хувиар  бид  яаж  ашиг  олж  амьдрах вэ.
 
Бий болгож байгаа баялгийн 30 хувь нь автоматаар банк руу урсч байна. Энийг бид өөрчилж, банкны  салбарт реформ хийх цаг нь болсон. Өрсөлдөөн гэдэг аливаа юмыг хөгжүүлж, зөв голдролд нь оруулж байдаг. Өрсөлдөөн байх­гүй бол бүх юм ялзарч боо­милог­доод дуусна. Банк­ны салбарынхан хоорондоо  ярил­цаж тохиролцдог, 100 хувь олигополь болсон. Саяны  ам.долларын ханшийн өсөлт ч банкуудын хэл­цэл­тэй хамааралтай бай­сан. Ийм шударга биш байж бо­лохгүй. Хямралын үед бүх л бизнесийнхэн ал­даг­далтай ажиллаж бай­­на. Хамгийн ашигтай  ажиллаж байгаа ганц сектор нь банк байна.
 
-Хямралыг нэг талаар боломж  гэж харах хэрэгтэй  гэдэг юм билээ?
 
-Бүгд шинэ техно­логи, шинэ гарц нөхцөл байд­лыг хайж байна. Яавал хэмнэлттэй зардлаар, зөв ажиллаж, зөв бүтээгдэ­хүү­нийг зах зээлд нийлүүлэх вэ гээд эрэл хайгуул хийх шаардлага зайлшгүй тулгарч байна. Илүү ихийг суралцах ч шаардлагатай болж байна.
 
Дотоод зах зээл гуравхан сая учраас бид аль болох гадагшаа зах зээл хайж байна. Эдийн за­саг бизнес хөрөнгө  оруу­лалтын орчныг нь судлаад  үзэхээр гадагшаа бизнес хийх нь илүү хялбар, үр  өгөөжтэй байх нь ажиг­лагдаж байна. Монгол руу хөрөнгө оруулалт татъя  гэхээр банк санхүүгийн секторын буруу тогтолцоо, хууль эрх зүйн орчны  тогт­воргүй байдлаас бол­­гоомжилж байна. Биз­несийн ёс зүй, эрх ашиг руу, дураараа халддаг ханд­лага их учраас хөрөнгө оруу­­лагчид монголд биз­нес хийхийг хүсдэггүй.
 
Мэ­дээж тэд монголд хий­сэн хөрөнгө оруулалтаа өгөөж­тэй л байлгахыг  хүс­нэ. Тэр боломжийг нь хяз­гаарласан бай­даг учраас манайхыг со­нир­хох­гүй байна. Со­нирхдог бол­гохын тулд яах ёстой юм. Эдийн зас­гийн форумын үеэр ит­гэл­цэл гээд их ярьсан. Бид бие биедээ итгэхгүй байхад гадныхан бидэнд бүр ч итгэхгүй. Төр нь бизнесийнхэндээ ч, иргэндээ ч итгэдэггүй. Эдийн засгийн үзүүлэлт, хүчин зүйлийн нөхцөл байдлыг судалж, итгэж байж л орж ирнэ. Манайхны нэг аюултай зан байдаг.
 
Нэг албан тушаалд очоод л би мэдэхгүй өмнөх хүн мэднэ гээд гүрийчихдэг. Төрийн санамж зал­гамж халаа байхгүй. Энэ байд­лаас болоод гадны­хан монголчууд маш хуви­рамт­гай, бүтэлгүй хүмүүс гэсэн байдалтай асуудалд ханддаг. Энэ болгоныг бид  өөрчилж байж, хөгжил, сайн сайхан зүйлийн талаар ярих хэрэгтэй. Улстөр­чид эхлээд хандлагаа өөрчилмөөр байна. 
 
Төр нь бидэнтэй барь­цаад ТОСК байгуулаад барилга барих жишээтэй. Ер нь төр бизнес эрхэлж  болдоггүй юм гэдгийг бид олон удаа сануулж байсан. Тэр тусмаа монгол шиг  улс төр нь ёс зүйгүй, юм үзээгүй байхад бүр болохгүй. Гурван зуу гаруй тэрбумаар баахан чанаргүй барилга барьсан. Тэрийг нь авах хүн байх­гүй. Төрийн мөнгийг хүүгүй, ямар ч барьцаа баталгаагүй аваад барина. Барьсанаа төрийнхөндөө л шахдаг.
 
Энэ чинь бизнес  биш байхгүй юу. Зүгээр л хөнгөлөлттэй зээл барилгын салбарынхандаа өгөөд, үнэ мөнгөнд нь тохирсон барилга бариулаад, борлуулалтад нь анхаараад санхүүжилтийнх нь асуудлыг шийдээд дэмжээд явсан бол ийм хүндрэлд орохгүй байх байсан. ТОСК гэж гарсны, дараа НОСК гээд гараад ирсэн. Тэд хоорондоо өрсөлдөнө. Тэдэнтэй бид өрсөлдөнө. Тэгэхээр бидэнд амьдрах орон зай харагдахгүй байгаа юм. Энэ нь аливаа юмыг том зургаар нь харж чадахгүй байгаатай холбоотой.
 
Эдийн засгийн буруу бүтэц манай бүх салбарт бий болоод байна. Үүрэн холбооны салбар, ноос  ноолуурын салбар гээд бүх салбарт байна. Барилга, хүнс, гурил, будаа гээд Монгол шиг гуравхан сая хүн амтай газар үндсэн технологийн хөрөнгө оруулалтыг нэг компани л хийх ёстой юм. Үүнийг төр өөрөө бодлогоор дэмжиж, хэ­тэр­вэл хязгаарлаж зөв зохицуулалт хийх ёстой. 
 
-“Улаанбаатарын худал­­дааны танхим”-ын ерөн­хий­лөгчөөр сонгогдоод  их ажил хийх нь гэж харж байтал ажлаа өгчихлөө. Сон­гуулийн хугацаа нь дуусаад ажлаа өгөв үү, аль эсвэл үл ойлголцол байв уу?
 
-Үл ойлголцол ч юу байхав. “Улаанбаатарын худалдааны танхим”-ын ажил хоёр жил тутамд ротаци хийх ёстой.  Дүрэм­дээ тийм байгаа. Бидний зорилго юу байсан  гэхээр, энэ танхимыг бий  болгох. Мөн арбитрыг бий болгох. Танхим хэрхэн, яаж ажил­лах суурийг тавих. Өмнөх хотын удирд­лагуудтай бид маш сайн ойлголцож, бие биенийхээ  үйл ажиллагааг маш сайн  дэмжиж ирсэн.
 
Хотын шинэ удирдлагууд мөн ялгаагүй  хамтран ажиллаж байна. Аль ч улс эхлээд бизнесээ хамгаалах ёстой. Бизнесээ хамгаална гэдэг нь, тэр хотын иргэд ажилтай, орлоготой байна гэсэн үг. Бизнесүүд нь сайн байвал,  ажилтай  орлоготой  иргэдтэй, хотын сайн сайхан амьдрах бүх нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Улс орон хөгжилтэй байхын  хамгийн чухал зүйл. Хотын шинэ удидлагууд ч үүнийг маш сайн ойлгож байгаа. Бид сонгуулиа явуулаад “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлийг ерөнхийлөгчөөр сонгож, “Делоитт Онч” компанийн Д.Ончинсүрэн захирлыг гүй­цэтгэх захирлаар то­ми­лон ажиллаж байна.
 
Ер нь Монголын бизнесийн  орчин сул, төрөөс хэт хамааралтай байгаа нь монголын бизнесүүдийн өөрсдийнхөө төлөө  тэмцэх хандлага сул байгаатай  холбоотой. Шуудхан  хэлэхэд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын  хууль  бүхэлдээ хоцрогдоод байгаатай холбоотой. Аль 16, 17 жилийн өмнө гаргасан хуулиар явж  байна. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хууль нийгмийнхээ шаардлагыг хангахгүй байгаа учраас, бусад орны хуулийг суд­лаж үзээд яаралтай өөрчил­мөөр байна. Бизнесийнхэний эрх аш­гийг хамгаалж, тэд нь хүчтэй байж бизнесийн орчин нь хөгжих юм.
 
Тэгэхгүй  бол манайхан  дор бүрнээ л гомдоллосон хүмүүс болж хувираад байна. Бизнесийн орчныг  сайжруулах танхимын хуулийг өөрчилж шинэч­лэх асуудал дээр бид нэгдмэл ойлголттой байгаа. Ингэж чадвал энэ байдал өөрчлөгдөж, эдийн засаг  бизнестэй холбоотой хэн нэг хүний дураараа шийдвэр гаргадаг байдал үгүй болох учиртай.
 
-Ойрын өдрүүдэд цас их орсноос болоод хот гамш­гийн байдалтай бол­лоо. Та хотын удирд­лагуудад гурван жилийн өмнө цас цэвэрлэдэг машин санал болгож байсан тухайгаа цахим ертөн­цөд жиргэсэн байсан ?
 
-Ойрын үед их цас уналаа. Европт бол энэ хэвийн үзэгдэл. Харин ч  манайд харьцангуй бага цас унадаг болсон. Хот тохижуулахын дарга нь манай хүмүүсийн суганы булчирхай цочсоноос цасаа цэвэрлэж амжихаа байлаа гэж байсан. Бид хэддүгээр зуунд амьдраад байгаа юм бэ. Хотын  цасыг хүний гараар  цэвэрлэнэ, холдоорой гээд машинаас давс цацдаг. Бид инженерийн сэтгэлгээгүй ард түмэн байж болно.
 
 Тэр техникийг авснаар асар их хэмнэлт гарна. Үүнийг хийхийг хүсэхгүй  байгаад байгаа юм. Яагаад хүсэхгүй байна гэхээр, утга учиргүй тооцоогүй зар­дал гарч байх нь тэдэнд ашиг­тай байгаа юм. Урсгал зардалтай нь харьцуулах  юм  бол техникийн хөрөнгө  оруулалт жижиг асуудал.  Европт  маш их цас унадаг. Гэхдээ цаснаас болж замын хөдөлгөөн хаагдаж байсан  түүх байхгүй. Бүх зүйл өөрийн судалгаа тооцоо дэвшилтэт технологитой. Ажлаа хийхгүй байгаа хүмүүсийг иргэд сольж чаддаг байх ёстой. Утаанд боогдчих гээд, эсвэл халтирч  уначих гээд хотын гудамжаар явахад маш хүнд байна. Үүнийг бид шинээр зохиох гээд байгаа юм биш. Бидэнтэй ойролцоо улсын аль сайн жишээг маш түргэн нэвтрүүлэх  шаардлагатай байна.
 
-Та саяхан Унгар улс руу явсан. Ямар ажил амжуулаад ирэв?
 
-Европын холбооны улс дотор Унгар онцлогтой хөгжиж байгаа улс. Инно­ва­цид мэдлэгт маш их анхаарч байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь арван мянга гаруй ам.доллар. Тэнд маш их инноваци байна. Бидний  тул­гамдаад байгаа дулаан хан­гамж, агаарын бохир­дол, нийтийн тээвэр,  цэвэр­лэх байгууламжийн  асууд­луудыг хэрхэн шийдэх талаар танилцаж, туршлага судалж байгаад ирлээ.
 
Хотын орлогч даргатай хамт үзэж танилцаад, өргөн  хүрээнд уулзалтууд зохион байгуулсан. Тэнд шийдэл байна. Санхүүжилт нь ч байна. Бид хоорондоо асуудлаа тодорхой болгоод, шийдэлд хүрвэл, Унгарын талаас дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Төр хувийн хэвшил түнш­лэлээ зөв хийх юм бол, бид өнөөд­рийн тулгамдаад байгаа асууд­луудыг богино хуга­цаанд бага зардлаар шийд­вэрлэх боломж байна.
 
Жишээ нь Францын  тал манай цэвэрлэх бай­гууламжийг 350 сая ев­ро­­гоор шийднэ гэж бай­сан. Харин Унгар түүнээс 30-40 хувийн илүү, өндөр хүчин чадалтай цэвэрлэх бай­гууламжийг 240 сая евро­гоор хийх боломж байна. Эцсийн хог хаяг­дал нь байгаль орчинд хор хохиролгүй, бага орон зайд өндөр хүчин ча­дал­­тай ажилладаг. Ев­ропын холбооны дэмж­лэг ихтэй байдаг учраас, Монголд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл санал болгох боломж бүрдсэн. Бид энэ боломжийг түр­гэн хугацаанд ашиглах, хоёр­дугаарт инновациас  нь суралцах шаардлагатай байна.
 
Мөн газрын гүний дулааныг ашиглаад нэг станцаар 80 мянган өрхийг хангах хэмжээний дулаан үйлд­вэр­лэдэг станцыг бид үзэж сонирхлоо. Хам­гийн сүүлийн үеийн дэв­шилтэт технологи юм бай­на. Тийм хэмжээний станц манайд 40-50 сая ам.доллароор барих байх. Гэтэл тэнд 20 гаруй сая еврогоор барьсан байна. Утаатай тэмцэхэд 300-гаад тэрбум төгрөг зарсан гэсэн. Тэр мөнгө нь утаа шигээ замхраад алга болсон. Яг адилхан  нүүрс шатаагаад тэмцэнэ гэж байхгүй. Гурван зуун тэрбумаар хичнээн гүний дулааны станц барих боломж байсан гээд бодох юм бол энэ гэр хорооллын утааны асуудлыг аль хэдийн шийдсэн бай­гаа. Гал түлэхгүй байж л утаа буурна.
 
Тэр олон дулаан хангамжийн стан­циудыг барьсан бол үр хүүхэд маань ийм айм­шиг­тай нөхцөлд амьд­рахгүй л байх байсан. Шийдэл нь бэлэн байгаа юмыг маш хурдан нэвтрүүлэх шаардлагатай байна. Хувийн хэвшлийнхэн энийг хийе гээд хийх боломжгүй. Төртэй бид ойл­голцож, РР буюу түнш­­лэлийн үндсэн дээр хэрэгжүүлэх боломжтой. Их хэмжээний мөнгөний асуудал яригдах учраас, ямар нэгэн байдлаар бид хэрэглэх, сан­хүүжүүлэх ба­тал­гаа гар­гах ёстой. Тэ­гэхээр төрөөс хамааралтай зүйл болж хувираад байна.
 
Аль сайн гэсэн зүйлийг бид нэвтрүүлэх  шаардлагатай. Үнэндээ бидний зовлон, их ойрын зовлон болоод байна. Хөгжинө гэдэг бусад улсаас суралцах, өрсөлдөх гэж би ойл­годог. Бид урагшаагаа харах ёстой байтал бидний өрсөлдөөн нэгдүгээрт нам хоорондоо, хоёрдугаарт фракц хоорондоо, гуравт хувь хүн хоорондоо өрсөлдсөөр байтал бусад улс биднээс түрүүлээд алга боллоо. Сайн юмыг харах чадваргүй, харалган болсон. Ойрын зовлон хүнийг харалган болгоно. Бидэнд алсын хараа алга байна.
 
Л.Цэцэгжаргал
Эх сурвалж: “Зуны мэдээ” сонин