sonin.mn
МАХН-ын гишүүд, дэмжигчид арваннэгдүгээр сарын 26 буюу БНМАУ-ыг тунхагласан тэмдэглэлт өдрийг угтан өчигдөр “Монгол Улсын тусгаар тогтнол өнөө ба ирээдүй” сэдэвт лекц сонсч, хэ­лэл­­­цүүлэг өрнүүллээ.
 
Монголын түүхэнд энэ өдрийг улс тунхагласан өдөр гэж бичиж, тэм­дэг­лэж байв. Мөн  Анх­дугаар Үндсэн хуулиа баталсан өдөр, МАХН-ын нэрэнд хувьсгалт гэдэг үг нэмэгдсэн өдөр хэмээн хүндэтгэлийн цуглаан хийх, лекц унших, бөхийн барилдаан зохион байгуулах зэргээр тэмдэглэж ирсэн уламж­лалтай. Энэ жилийн хувьд төр, засгаас бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэхээр хуулийн төсөл санаачлан батлуулаад байгаа юм. Нэг нам тэмдэглэдэг байсан бол ийнхүү бүх нийтийн тэмдэглэлт баяр болжээ.
 
Иймд МАХН-ын гишүүд энэ өдрийг угтан лекц сонсч, түүхэн уламжлалыг дурсав. Илтгэгч  Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Нарийн бичгийн дарга Н.Удвал  нарын илтгэлээс  товчлон хүргэж байна. 
 
Э.Эрдэнэжамъян:ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСАН ТҮҮХЭЭ  БАЙНГА ЭРГЭЖ ХАРЖ БАЙХ ЁСТОЙ 
 
- Энэ өдөр Монгол Улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон. Иймд илтгэлээ “Ардчилал-хувьсгал-бүгд найрамдах засаглал” сэдвийн хүрээнд бэлтгэв. МАХН-ын гишүүд, дэмжигчид, ялангуяа өөрсдөө эрх барьж нийгмийн хөгжил, дэвшилд хүрсэн түүхээ сайн мэддэг.
 
1921 оны гуравдугаар сарын 1-3 нд хуралдсан Монгол Ардын намын Анхдугаар их хурлаас гаргасан “Түмэнд тунхаглан зарлах бичиг”-т “Эдүгээ дэлхийн бөмбөрцөг дээрх олон улсын байдал төлөвийг үзэхүл, боловсон хүчирхэг ба бүдүүлэг буурай аль ч улсын дотор ихэд түгшүүртэйн учир шалтгааныг асуувал капиталын ажил туйлдаа хүртэл боловсорч, эд таваар үйлдэх ба мөнгө зоосыг ямагт эрхлэх банкны капитал хоёр зохицон хуралдаж, улс тус бүр цөөвтөр тооны бөгөөд хөрөнгө маш ихтэй хоршоо нийлэн гадагш олон улсын хооронд харилцан нэвтэрч, дам дам хоршсоор хүчин чадал агуу төрхийг  олж, бөмбөрцгийн гадна талыг чухамхүү капиталын ёсоор ороон бүрхээд олон улсын гадаад, дотоод засгийн бодлогыг мөн хэдхэн капитал бүхий хүмүүс дур мэдэн магад хөдөлгөж бүхий учир засгийн эрх баригчид ба капиталтан эрх биш хомголзох сэтгэлээр гадагш өнгийн харж улс өөр өөрийн эрх мэдэл ашиг тусыг хамгаална” гэжээ.
 
Цааш “Монгол Улсын Хятадын колони болгож, үүрд мөлжин ашигласугай гэж хатуу ширүүнээр манай Монголын үндсийг балруулан, буй бүхий ашиг орлогын зүйлүүдийг хамран авч эзэрхэн түрэмгийлсэн нь нүдний өмнө үзэгдсээр тул юунд үл өгүүлнэ. Энэ зөвхөн капитал ёсны эрхэм бүхий улсууд бүгд ашиг ханасангуйн гэрч буюу” гэжээ.
 
Олон улсын болоод Монголын байдлыг  дүгнэсэн ийм баримт  бичгийг манай нам дүгнэн гаргаж, үзэл баримтлалаа болгож байсан. Энэ нь капиталист орнууд жижиг  буурай орноо эзэрхэж мөлжиж байгаагийн эсрэг тэмцэж байсны илрэл болсон баримт юм. Тэгвэл 1924 оны Үндсэн хуулийн тухайд  Анхдугаар их хурлаас ажлын хэсэг анх 1922 онд гарч тушаалыг баталсан байдаг. Ажлын хэсгийг 2-3 удаа өөрчилсөн. Үндсэн хууль, ямар засаглалтай байх вэ гэдэгт маргалдсаны эцэст  ажлын хэсгээс урвасан, эсвэл  өөр санаа бодолтой байсан гэсэн үндэслэлээр ийнхүү өөрчлөгдсөн байдаг.
 
1921 онд гаргасан намын жанжин шугам болсон капиталист ёсыг хална гэсэн баримт бичгээс өөр санаа бодол гарсан учраас ажлын хэсгүүд солигдож байж. Хамгийн сүүлд 1924 оны есдүгээр сард сайд Цэрэндоржоор ахлуулсан  Үндсэн хууль батлуулах ажлын хэсэг гарч төсөл боловсруулсан нь Оросын Үндсэн хуультай бүтцийн хувьд төстэй болсон байдаг. Үндсэн хуулиа Монголын бүх аймаг, хошуунаас төлөөлөл оролцож баталсан. Энэ бүхнийг дурдахын учир нь Үндсэн хууль баталсан түүхийг онолын хувьд зайлшгүй эргэж харах шаардлагатай гэж үзэж байна.
 
Дэлхий дахины түүхийг авч үзвэл 1900-аад оныг Сэргэн мандлын үе гэж нэрлэдэг. Хувь хүний эрх чөлөө, байгалийн тухай хууль, ардчилал гэж юу вэ, Үндсэн хууль гэж юу вэ гэх ойлголтууд гарч ирсэн. Гэгээрэл гэдгийн мөн чанар, газар нутаг, хил хязгаарын ойлголт, амьд явах эрх, засаглалын эрхийг гаргаж ирсэн. Энэ бүхэн Үндсэн хуулийн суурь зарчим юм. Энэ үед Монголд бүх зүйл эсрэгээр явж байсан. Монгол бий болсон хувьсгалын тухайд бол 1918-1919 онд үүссэн түүхтэй. Хэлбэрт орсон нь 1921 он, мөн намын хэлбэрт шилжсэн эхлэл ч ийм.
 
Улс төрийн үзэл онолын тухайд товчоор хэлбэл, манай улс социалист замналаар явсан. Өнөөдөр энэ онол өөрчлөгдсөн. Дэлхийн улсууд  шинэ үзэл онолоор явж байна. Хамгийн сүүлийн сонирхолтой баримт гэвэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд социалист  үзэлтэй хүн дэвшиж ялах дөхсөн. Зарим оронд “Социалист клуб”-ууд идэвхжжээ. АНУ-д амьдарч буй оюутан суралцахын зэрэгцээ амьдрах орон байр, хоол ундыг төрөөс баталгаатай болгож  өгсөн байх ёстой гэж үзэх болжээ. Өнөөдөр хүн зөвхөн ажлын төлөө л байдаг, капиталист эздийн боол байх зармын эсрэг явж байна.
 
Тэгэхээр бидний хувьсгал хийсэн, бүгд найрамдах улсыг байгуулсан, Үндсэн хууль баталсан, ардчиллыг бий болгосон, өнөөдөр ч гэсэн манай нам тэмцэж зүтгэж байгаа энэ бүхэн эцсийн дүндээ арчдиллын төлөө, ардчилал гэдэг маань Монголын гурван сая иргэнийг хамгийн сайнаар яаж амьдруулах вэ гэдгийн хариулт нь байх ёстой.   Энэ асуултын хариуг бодож олж чадах юм бол бид ард түмнээ сайхан амьдруулж чадна.
 
Н.Удвал: ТУСГААР ТОГТНОЛОО  ШИНЭ НӨХЦӨЛД АВЧ ҮЗЭХ ШААРДЛАГАТАЙ 
 
- Илтгэлд  маань ганц хүний биш тусгаар тогтнолын төлөө, түүнд нөлөөлдөг олон зүйлд санаа бодлоо илэрхийлдэг эрдэмтэн, судлаачдын хэл­сэн үг, байр суурь, ишлэл дүгнэлт орсон хамтын  бас  эв нэгдлийн  лекц юм.
 
Тусгаар тогтносон улс гэж юу вэ гэдэгт шалгуур байх ёстой. Ийм улс нь өөрийн газар нутагтай, хил хязгаартай, өөрийн хэл соёлтой, олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн төр засагтай, бүрэн эрхээ хэрэгжүүлж чаддаг байх учиртай. Тусгаар тогтнолын хэлбэр олон янз. Дотоодын тусгаар тогтнол бол зөвхөн дотооддоо бүрэн эрхээ хэрэгжүүлэх. Олон улсынх гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын асуудалд бүрэн эрхтэй оролцох юм. Сүүлийн үед агаарын замын  тусгаар тогтнол гэсэн шинэ ойлголт гарч ирж байгаа. Манай улс дотоодын бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс юм.
 
Тусгаар тогтнолыг дэлхийн онолчид олон янзаар авч үздэг. Олон онол бий. Энд нэг бүрчлэн ярихгүй. Тухайлбал, хувь хүний тусгаар тогтнол гэж байна. Энэ нь  хувь хүн эрх чөлөөтэй, өмчтэй байх үзэл.  Либераль,  шинэ либераль, эсвэл анархист үзлүүд  голдуу хувь хүний эрх чөлөө, тусгаар тогтнолыг чухалчилдаг.
 
Нэг хэсэг нь төрийн тусгаар тогтнол, улсын тусгаар тогтнолыг чухалчилж үздэг. Марксист үзэл бол либераль үзлийн нөгөө тал юм. Энэ үзэл тусгаар тогтнолыг хоёр хувааж үздэг. Нэдүгээрт,  колончлолын үе. Энэ үе нь тухайн орон өөрийн түүхий эдийг бусад оронд тэр чигээр нийлүүлж өөрсдөө ажилгүй, ядуу тусгаар тогтнолоо олоогүй колончлолын үе гэж үздэг.
 
Хэзээ өөрийн эд баялгийг өөрсдөө ашиглаж чадна, түүхий эдээ боловсруулж гадаадад өндөр үнээр гаргаж чадна, ард түмэн сайн сайхан амьдарч чадна, хэзээ ядуурлаас гарч өөрсдөө асуудлаа шийдэж чадах вэ  тэр цагт  колончлолын дараах үе гэж марксистууд үзжээ. Монгол Улс тусгаар тогтносон улс. Үүнийгээ Үндсэн хуульдаа хуульчилсан. Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлнэ гэж оруулсан. Үндэсний аюулгүй байдлын тухай хэсэгт газар нутаг, хил хязгаар, бүрэн бүтэн байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдал, соёл иргэншлийн аюулгүй байдлын асуудлаа оруулсан байгаа.
 
Гэхдээ өнөөдөр харахад Монгол Улс газар нутгийн хийгээд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа улсынхаа тусгаар тогтнолыг оруулсан боловч одоо болтол тунхалалын шинж чанартай байна. Тусгаар тогтнолыг хэн хамгаалах вэ гэдэг асуудал эндээс гарч ирж байгаа юм.   Эх орны тусгаар тогтнолыг батлан хамгаалахад төр хамгаална гэж  хуульчилсан. Энэ нь төрийн эрх барьж байгаа эрх баригчид хамгаална гэсэн үг. Эрх барьж буй намууд сүүлийн жилүүдэд уулын нэр солих, эсвэл талбайн нэр солих, аль нэг баярыг тэмдэглэдэг эсвэл тэмдэглэдэггүй  болох зэргээс хэтрэхгүй тусгаар тогтнолын тухай юу ч хийхгүй байна.
 
Монгол Улсын түүх тэр чигээрээ тусгаар тогтнолын түүх юм. Жишээлбэл, Хүннү гүрний хаан Модун Шанью “Газар улсын үндэс” гэж тусгаар тогтнолоо онцлон тэмдэглэжээ. Их Монгол Улсын хаан Чингис “Ахуй төр минь бүү алдартугай” гэж төрийн тусгаар тогтнол ямар их ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн. Их Юань гүрний сэцэн хаан Хубилай “Төр төгрөг дээр тогтдог” гэж санхүүгийн тусгаар тогтнолыг зааж өгчээ. Галдан бошгот хаан “Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий. Хамаг Монгол түмэн минь хагаралдан бутарч зовох вий” гэж газар нутаг, ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын асуудалд санаа зовнин хэлжээ.
 
Маршал Х.Чойбалсан “Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрсдэхгүй амь, урсахгүй цус гэж байхгүй. Эрхэмлэж яваарай” хэмээн эрх чөлөө, тусгаар тогтнолыг өвлөж үлдээжээ. Ю.Цэдэнбал “Би эхлээд үндэснийхээ эрх ашгийг бодно. Дараа нь олон улсын эрх ашгийг бодно” гэж өөрийн тусгаар тогтнолыг чухалчлан үзжээ. 1990-ээд оноос хойш төр, нийгмийн зүтгэлтэн, цогт эх оронч О.Дашбалбар “ Газар бол таны үндсэн хөрөнгө. Та газраа түрээслэх, гадныханд барьцаалах юм бол гишгэх газаргүй болно шүү” гэжээ. Улс орон газар нутгаа алдвал яах вэ. Газар нутаггүй, хил хязгааргүй, төргүй, өөрийн гэсэн түүх соёлгүй болно. үзэл онолгүй болно.
 
Өөрсдөө боолчлогдоно. Эх оронгүй болно. Тиймээс  тусгаар тогтнолоо анхаарч, ажиглаж, хянаж явах түүхэн үүрэг та бидэнд  ногдож байна. Үе үеийн өвгөд дээдсийн халуун амь, бүлээн цусаа зориулж авч үлдээсэн газар нутгийг өнөө үед бид ч гэсэн өвлөн авч явах ёстой. Тиймээс улс төр, нийгмийн шинэ нөхцөл байдалд тусгаар тогтнолоо яаж авч явах вэ гэдгийг манай нам  тусгаар тогтнолын баярын өдрийг угтан ярьж байгаа нь чухал  ач холбогдолтой улс төрийн үйл ажиллагаа болж байна.
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин