sonin.mn
БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эсрэг сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын, нэн ялангуяа сэхээтний дав­харгаас өдөөсөн эсэр­гүүц­лийн цуглаан, жаг­саал тасрахгүй болжээ.
 
Сөүлийн прокурорын газраас Ерөнхийлөгч Пак Гын Хэг эрүүгийн хэргийн сэжигтнээр албан ёсоор татан шалгаж буйгаа зарласан. Түүнийг дотны найз Чой Сүн Шилдээ эрх мэдэл олгож, авлига авах боломж олгосон, мөн улсын нууц бичиг баримтыг задруулсан гэх үндэслэлээр ийн сэжигтнээр татжээ.
 
Ингэснээр Ерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийн хоёр туслах Ан Чон Бум, Жеон Хо Сеон болон дотны найз Чой Сүн Шилийн хамт эрх мэдлээ урвуулан ашигласан, залилан хийх гэж оролдсон, Засгийн газрын нууц задруулсан хэргийн албан ёсны сэжигтэн боллоо. БНСУ-ын Ерөнхийлөгчийн 60 настай найз эмэгтэй Цой Сүн Шил гэгч нь тус улсын төрийн бодлогод оролцохоос гадна томоохон корпорациудаас хээл хахууль авч байсан нь тогтоогдсоноор энэ асуудал үүссэн.
 
Энэ асуудлаас болж өнгөрсөн долоо хоногийн дотор БНСУ-ын эрх баригч “Сенуридан” намын нөлөө бүхий хоёр ч улстөрч намаасаа гарахаа зарлажээ. Тэдгээр нь Күнгидо мужийн захирагч Нам Гён Пил, өнөөх нь парламентын гишүүн Ким Ён Тэ аж. Эрх баригч намд ийнхүү зөрчил үүссэн нь Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах асуудлыг илүү ойртуулж байх шиг.
 
БНСУ-ын Ерөн­хийлөгч Пак Гын Хэ хамгийн сүүлд БНАСАУ-ын цөмийн зэвсэг болон бусад асуудлын талаарх нууц ба­рим­туудаа Японтой хуваалцахаар болсон гэжээ.
 
Хэрэв Пак Гын Хэ албан тушаалаа орхивол тэрээр найз эмэгтэйгээсээ болон огцорсон анхны Ерөнхийлөгч болох юм.
 
Б.Сансар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин