sonin.mn
Боловсролын салбарт  хэрэгжиж буй  “Цөм” хөтөлбөрийг салбарын сайд нь тааруухан дүгнэснээс болж, зарим багш цахим ертөнцөд дургуйцлээ илэрхийлээд байгаа билээ. Тиймээс “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэрэгжилтийн багийн менежер, багш Д.Цэцэгмаатай ярилцлаа.
 
-Боловсролын салбарт “Цөм хөтөлбөр” хэрэгжиж  эхлээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд багш нар чамгүй олон ажлыг хийсэн. Гэтэл салбарын сайд тань энэ ажлыг арай л сулхан дүгнээд байх шиг. Та үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
 
-Шинэ Засгийн газар ажлаа хүлээж аваад удаагүй байна. Өнгөрсөн дөрвөн жил боловсролын салбарт хүүхэд нэг бүрийг хөг­жүүлэх бодлогыг дэв­­шүүлж чанарын шинэч­лэлийг эхлүүлсэн. Энэ  бод­лого бол төрөөс боловс­ролын талаар 2014-2024 он хүртэл баримтлах бодлого болон  2015 онд их хурлаар  батлагдсан ажил. 
 
“Авьяас”,”Ном”, сур­гуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд бо­ловс­ролын хөтөлбөрийн шинэч­лэл гэсэн гурван дэд хөтөл­бөртэй. “Зөв монгол хүү­хэд” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан хэрэг­жүүлсэн. Олон улсын боловсролын чиг хандлагыг баримжаалан үндэсний туршлага дээр суурилан боловсруулсан  “Цөм” хөтөлбөрийг одоо   бүх цэцэрлэг сургуульд  хэрэгжүүлж  байна.
 
Энэ хугацаанд  хүүхэд бүрийн со­ни­р­хол авьяасыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх замаар өөртөө итгэх итгэлтэй болгож, сурах хүсэл эрмэлзлийг нь нэмэгдүүлснээр  сурал­цахуйг нь дэмжиж, хүү­хэд бүрийг сурах арга барилтай, су­рал­цах чадвартай, зөв төлөв­шилтэй, эрүүл чийрэг өөртөө итгэлтэй дэлхийд өр­сөлдөх чадвартай өв соёлоо дээдэлдэг монгол хүүхэд болгон хөг­жүүлэх  том зорилгыг өмнөө тавьж ажилласан. Гэтэл салбарын сайд энэ ажлыг маань ийм өн­гөц­хөн дүгнэж байгаад сэтгэл дундуур байна. Энэ зорилгод хүрэхийн тулд Монголын боловс­ролын салбарт ажиллаж байгаа суд­лаачид, эрдэмтэд, мянга мянган багш, ажилтнууд, эцэг эх, сурагчид хамтран хичээнгүйлэн  ажиллаж чамгүй үр дүнд хүрсэн.
 
Монголын боловсрол хөгжлийнхөө дараагийн шатны “Хүүхэд нэг бүрийг амжилттай сургахын төлөө” чанарын зорилгыг дэвшүүлсэн. Бүх хүүхдэд ижил зүйлийг ижил хугацаанд сургах гэж нэлээд шаргуу ажилладаг байж. Бүх хүүхдийг дунд боловсролтой болгох тухайн цаг үеийн зорилгыг биелүүлсэн. Харин одоо энэ асар хурдтай хөгжиж буй  эринд мэдээллийн хурдыг гүйцэж бүгдийг мэдэх боломжгүй учраас хэрэгтэй үедээ хэрэгтэй мэд­лэгийг өөрөө олж авах арга барил,насан туршдаа суралцах , сурсан, мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж өөрийнхөө амьдралыг, улс орныхоо хөгжлийг авч явах чадвартай болох нь чухал болсон байна.
 
“Цөм” хөтөлбөр нь хүүхдэд эзэмшүүлэх ёстой мэдлэг, чадвар, төлөвшил, хандлага гээд олон зүйлийг агуулж байгаа. Гэхдээ хүрэх төвшингөөрөө бас тодорхой хэмжээний зорилт тавьсан. Энэ бол тодорхой төвшинд хүрэх стандарт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид стандарт гэж гадны нэр томъёог хэлээгүй ч ямар төвшинд хүрсэн байх, ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ гэсэн зорилтыг тавьж ажилласан. Тиймээс энэ удаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа зорилгыг хэм­­жих гэж оролдож байна. Хүүхдүүд ч тэр,  багш нар, сургууль ч тэр  ажлаа дүгнэж, зорилгоо хэмжих  гэж оролдож байна.Чамлалтгүй үр дүн, ахиц гарсан гэж эцэг эх, сурагчид олон нийт үнэлж байгааг явцын тайлангуудаас харж болно.
 
-“Цөм” хөтөлбөр хүүх­дүүдийг хичээлээ өөрөө сонгох, судалгаа хийх зэргээр дураар нь тавьж байна. Холион бантан бол­сон сурах бичиг ашиглаж байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тиймээс та үр дүн гарсан гэж дүгнэж байгаа зарим ажлуудаасаа сонирхуулаач?
 
-Хүн чинь тодорхой хэмжээний хүсэл, тэмүүлэлтэй, түүнийгээ хэрэгжүүлэх зорилготой, тэрийгээ хэр үр дүнд хүрсэн бэ гэдгийг баримжаалж байж, өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх, өөрийнхөө оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх хандлагатай болдог юм байна. Ийм хүүхдэд цаашид суралцах нь арай дөхөм болдог юм байна. Хүүхдээ ийм болгох  гэж бид их зүтгэлээ.  Энэ ажил маань эцэг, эхчүүдийн талархлыг их хүлээсэн.
 
Миний хүүхэд бусдын хүү­хэдтэй адилхан авъяастай, суралцах чадвартай юм байна. Өөртөө итгэлтэй, өөртөө эзэн болдог юм байна гээд эцэг, эхчүүд их талархсан. Багш нар ч гэсэн  хийсэн ажлаа хараад их урамшсан. Багшийн ажлыг хүүхдийн тооноос  хамаарахгүйгээр ингэж сайхан хийж болдог юм байна. Зарим сургуулийн багш нар 50-60 хүүхэдтэй ажиллаж байгаа ч арга зүй, хандлагаа өөрчлөөд хүүхэд бүрт хүрч ажиллаж болдог юм байна гээд их урам зориг авсан.
 
Сургуулиуд ч бас дээрээс шууд тулгадаг, хянадаг, шалгадаг системээс ангижраад ирэхээр харьцангуй бие даасан бодлого явуулж, өөрийнхөө сургуулийг, багшийг  хөгжүүлэх тал дээр ухаанаа уралдуулж эхэлсэн. Ингэснээр сургуулийн менежмэнт дээр ч бас ахиц гарсан. Сургуулиуд эцэг, эхчүүд, орон нутгийн байгууллагуудаа түшдэг, тэднийг сонсдог, тэдний оролцоотой ажлуудыг хийдэг болсон. Энэ нь сургуулийн ажлыг урагш­луулсан. Сургуулийн захирал, удирдлагууд ч бас энэ ажилд их урамшсан.
 
Бидний бас нэг чухалчилж анхаарсан зүйл бол хүүхдээ хүн болгох. Хүүхдийн суралцах чад­вар, мэдлэг оюун ухаан гэхээс илүү хүн болгож төлөв­шүүлэх гэдэг хамгийн чу­хал зүйл байдаг юм байна. Түүн дотроо өв уламж­лалдаа тулгуурласан, ёс суртахуунлаг монгол хүн Монголын хөгжилд өнөөдрийн нүүрс, алтнаас илүү үнэтэй болсон байна. Тиймээс үүнийг сургуульд суралцаж байх насанд нь, бага боловсролын төвшинд нь чухалчлахгүй бол бид алдах юм байна. Энэ зөв дадал хэвшил, энэ зөв зан чанарын уг үндсийг хүүхэд бага насандаа олж авах хэрэгтэй.
 
Тиймээс энэ насанд нь сурах арга барил, хүмүүжил, төлөвшил гэдэг зүйлд онцгой анхаарч, ялангуяа хүмүүжил төлөвшил, ёс суртахуунлаг харилцаа хандлага гэдэг зүйлийг хэм­жих гэж оролдож байна. Хүүхдийн зөв хүмүү­жил, төлөвшил гэдэг гэр бүлд, цаашлаад улс эх оронд маань хэрэгтэй гэдгийг эцэг, эхчүүд маань ойлгодог, дэмждэг болсон байна. 
 
-Сургалтын хөтөл­бөрөөс болоод “Багш нар түрүүчээсээ өргөдлөө бариад ирж байна” гээд сайдын ярилцлагад дурд­сан байсан.  “Цөм” хөтөл­бөрийн агуулгыг  одоо бол­тол ойлгоогүй явж байгаа багш нар байгаа юм биш биз дээ?
 
-Үгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл, өмнө нь багш нарын сургалт зөвхөн сургагч багш нарын хүрээнд л явагддаг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 27 мянга орчим багш нарт жилд 1-2 удаагийн сургалт зохион байгуулж  багш  нэг бүрийг сургалтад хамруулсан. Энэ хугацаанд жил бүр хоёроос доошгүй удаа  сургууль бүрт багш болгонд хүрч  биечлэн зөвлөн туслах ажлыг хийж ирсэн.
 
Нийт төрийн 660 гаруй сургуулийн 60 гаруй хувьд нь зөвлөн туслах болон сургагч багш нарын хамтарсан баг  очиж сургуулийн менежмент үйл ажиллагаатай танилцаж багш нарын хичээлд сууж ажилласан. Өмнө нь сургалтын хөтөлбөр шинэчлэгдээд гардаг, түүнийгээ хүүхдэд яаж хүргэх вэ гэдгээ багш нар төдийлөн сайн ойлгодоггүй бай­сан. Харин одоо хүүх­дэд хэрхэн хүргэхээ ойл­гохын зэрэгцээ сур­гуулийн удирдлага, эцэг, эхчүүд, багш  нар, сурагчид, боловсролын институцийн төвшинд нэгдсэн нэг ойлголттой болоод ирэхээр бага хугацаанд ажил үр дүнтэй явдаг юм байна гэдгийг тэд ухаарсан. Багш нар маань нийтээрээ ойлгож, хөдөлж чадсан.
 
Тусгай өндөр төлбөртэй сургуульд хүүхэд сурдаг, ердийн сургуулийн хүүхдүүдийн сурах нь сурдаг,  чадахгүй нь орхигддог гэсэн ойлголтыг халж чадсан. Хоёрдугаарт, хүүхдэд “Би аливаа зүйлийг оролдох  юм бол хийж чадах  юм байна” гэсэн сэдлийг өгөх гэж оролдсон. Энэ итгэлийг ч өгч чадсан гэж харж байгаа.Тиймээс ажлаа өгье, заах хичээлийнхээ учрыг олохгүй байна гээд өргөдлөө бариад ирэх багш байхгүй байх.
 
-Эсвэл багш нарыг хэтэрхий их ажлаар дараад, хичээл заах үндсэн цагаас нь хумслаад байна уу?
 
- Өнгөрсөн жилүүдэд сургуулийн өмнөх болон бага суурь боловсролын “Цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Харин энэ хичээлийн жилээс эхлэн бүрэн дунд боловсролын “Цөм” хөтөлбөр   хэрэгжиж эхэлж байна .Үүний дагуу бүх ахлах ангийн сурагчид  бүх шинжлэх ухааны суурь мэдлэг чадварыг заавал судлах хичээлээрээ эзэмшинэ.Үүнээс гадна хүүхэд бүр хувь хүн төлөвшихөд нь дэмжлэг болох өөрийнх нь авъяас сонирхолд суурилсан урлаг ,спорт, мэдээллийн технологи, дизайн, бизнес, амьдрах ухааны чиглэл   бүрээр заавал сонгон суралцаж байгаа.
 
Харин заавал судлах хичээлээсээ 3-4-ийг нь мэргэжлийн чиг баримжаанд тохируулан  гүнзгийрүүлэн судлахаар сонгож байна.Сургуулийн мэдлийн цагаараа сургууль, орон нутаг  нийгмийнхээ төлөө сайн үйл хийх үйл ажиллагаанд оролцож, улмаар сонгосон мэргэжилтэйгээ бодит амьдрал дээр танилцах судлах боломжтой болж байгаа юм. Мэргэжилдээ эзэн болж, мэргэжлээрээ тууштай ажиллаж орон нутагтаа хувь нэмрээ оруулдаг иргэдтэй болох нь манай орны нийгэм эдийн засгийн хөгжилд  хамгийн чухал байна.
 
“Цөм” хөтөлбөрийн хүрээнд бид багшийн хө­дөлмөрийг яаж хөнгөвчлөх вэ. Багш нар яаж хамт олноороо нэг баг болж ажиллах вэ. Нэг зорилгод нийтээрээ яаж хүрэх вэ гэдэг менежмэнтийг нэвтрүүлэх гэж оролдсон. Энэ ажил маань ч тодорхой хэмжээгээр амжилтад хүрсэн. Багш нар өмнө нь  баг болж нэгдмэл шаардлага тавьж чаддаггүй байснаас болж  хүүхэд хүссэн үр дүнд хүрдэггүй байсан. Харин одоо нэг ангид ордог багш нар хамтарч зорилгоо тодорхойлж  ажиллаж байна.
 
Бидний хийсэн энэ ажлын үр дүнд багш нар хүүхэд бүрийг одоогийн түвшнээс нь ахиулж амжилт руу хөтөлж байна. Тэд хичээл нэг бүрээр хүүхэдтэй ажиллаж эхэлсэн. Математикт тааруу нэгнийг нь математикийн багш нь анхаарах. Монгол хэлдээ тааруу бол монгол хэлний багш нь илүү  анхаарч ажиллах гэх мэтээр хамтарч хүүхдэдээ хүрдэг бол­сон. Хүүхдийнхээ ахицыг урмаар тэтгэж, чаддаг зүйл дээр нь түшиглэн  итгэлтэйгээр урашлахад нь тусалж чиглүүлэх нь багшийн  гол үүрэг болсон.
 
Энэ дөрвөн жилийн хугацаанд дэлхийн  шилдэг 100 их сургуульд монгол элсэгчдийн тоо жилдээ 10 гаруйхан байсан бол одоо 300-400 болж, Засгийн газар зардлыг нь гаргаж чадахгүй байна. Топ 10 сургуулийн нэгд сумын сургуулийн хүүхэд ч тэнцсэн байна. Энэ хүүхдийг Монголын сумын сургуулийн багш л бэлдсэн. Сурах арга барилыг нь зөв олго­чихвол хүүхэд өөрийнхөө сонирхсон мэдээллийг мэдээллийн нээлттэй системээс  олж авч,  өөрийгөө хөгжүүлж, бэлтгэж болдог юм байна гэдгийг энэ  баримт харуулж байна.
 
- “Цөм” хөтөлбөрийг гаргасан Боловсролын хүрээ­лэнгийнхэн, яамны­хан гээд албан тушаалтнуудтай уулзсан. Энэ хөтөлбөрөө мэдэж байгаа хүн алга. Тиймээс ерөнхий боловсролын сургуу­лиу­дад төвшин тогтоох шалгалт явуулж, судалж үзэхээр ажиллаж байна  гэж байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
 
-Энэ дөрвөн жилд хийсэн ажил бол өмнөх хөгж­лийн үргэлжлэл бөгөөд боловсролын сал­барын хөгжлийн дараагийн шат руу шилж­сэн үе юм. Энэ шинэч­лэлийн хамгийн чухал зүйл бол чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгох. Ийм үр дүнд хүрэхийн тулд  суралцах үйл ажиллагаа гэдэг бол багшийн чиглэл, сурагчийн өөрийн идэвх зүтгэлээр хэрэгжих юм шүү гэсэн гаргалгаан дээр суурилсан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж байна.
 
Ер нь  хүүхэд  багшаар  л заалгаж сурдаг юм биш. Цаашдаа ч хүнээр заалгаж сурахгүй. Тийм учраас энэ хүүхэд дунд сургуульд байхдаа сурах арга барилаа олж аваад, цаашид юунд суралцах нь хязгааргүй юм. Хүүхдийг чи ийм зүйл сурах ёстой гэж агуулгад барихгүй, харин  бүр бүтээлчээр өөрөө эрэл хайгуул хийн сурах боломжийг бүрдүүлэх нь чухал. Иймд агуулгыг стандартчлах гэж ярьж байгаатай ахмад багшийн хувьд санал нийлэхгүй байна. Харин суралцах орчныг нь стандартчилж болно. Жишээ нь, барилга байшин, ариун цэврийн байгууламж, хэрэглэгдэхүүнд нь стандарт тавьж болно.
 
Боломжтой бол багшид нь тодорхой стандарт тавьж болно. Мэдлэг бол хязгааргүй. Магадгүй, энэ яриа шинэ сайдын ажилтайгаа  эхлэн танилцаад ярьж байгаа зүйл байх.  Батсуурь сайдыг  мэдээллээр хан­гах бүхэл бүтэн яамны аппарат, мэргэжлийн бай­гуул­лагууд байна.Тэд үнэн зөв мэдээллээр сайдаа хангах үүрэгтэй гэж бодож байна.  Сайд ч өөрөө энэ талаар судалж байгаа  байх.
 
Цөм хөтөлбөрийг боловсруулсан үндэсний 800 гаруй эрдэмтэн судлаачид багш нар түүнийг туршин хэрэг­жүү­лэхэд манлайлан оролцсон лаборатори 41 сургуулийн  удирдлага хамт олон урам зоригтой итгэлтэйгээр хэрэгжүүлж байгаа 27 мянган багшийн ажлыг үгүйсгэсэн хандлагатай ярилцлага нийтлэлүүд хэд хэдэн удаа сайдын зүгээс хийж байгаад харамсч байна.
 
Төгсөгчдийн боловсролын чанарыг дээшлүүлэх энэхүү шинэчлэлийг  үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд үндэс суурь нь тавигдсан .Цаашид тууштай үргэлжлүүлэн  хийж олсон амжилтаа бататгаж,  хамтдаа урагшлах хэрэгтэй.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин