sonin.mn
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж баасан гарагийн үдээс хойшхи УИХ-ын чуулганы хуралдаанд Оюутолгой төсөлтэй холбоотой мэдээлэл хийнэ.
 
Учир нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд тавьж буй хяналт, төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явцын талаар Ц.Дашдорж сайдад асуулга тавьсан юм. 
 
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дагуу Оюутолгойн ордыг стратегийн ордод хамруулсан байдаг. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд соёрхон баталж, гарын үсэг зурснаар уурхай барихад шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломж бүрдсэн юм.
 
Улмаар Оюу толгой ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт, экспортолсон бүтээгдэхүүний орлогын хуваарилалт зэрэг холбоотой асуудлаар Засгийн газрын илэрхийлсэн байр суурь маргаан дагуулсан. Маргаанаас шалтгаалж Рио тинто компани төслийн үйл ажиллагааг 2013 онд зогсоосон ч Дубайн гэрээгээр асуудлыг наашлуулсан гэдэг боловч нийгэмд зөрүүтэй байр суурь байсаар байгаа юм. Иймээс салбарын сайд дээрх асуулгад хариу өгөх аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг